С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлнэ
2018.11.15

С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлнэ

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг дэвшүүлэх талаар хэлэлцэж байна. Хуулийн дагуу энэ асуудлаар УИХ санал хураахгүй, бөгөөд танилцуулгатай холбогдуулж, байр сууриа илэрхийлэх боломжтой юм.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд С.Соёмбо-Эрдэнэ нэр дэвшиж байгаа бөгөөд энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. Мөн Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулав. 

Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой аж.

1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн  үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулгадаа дурдав. Мөн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлэв.