2018.11.15

О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрийн талаарх асуулгынхаа хариуг сонсмоор байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Энэ бямба гаригт нэгдсэн чуулган хуралдах юм байна. Гэхдээ нэг л асуудал буюу гишүүний тавьсан асуулгыг сонсох юм байна. Би юу хэлэх гээд байна гэхээр энэ Эрдэнэтийн 51%-ийн Стандарт банкин дахь зээлийн өрийн төлбөр сар бүр 3,4 тэрбумаар өсөөд байна. Би энэ тухай Ерөнхий сайдад асуулга тавьсан. Одоо хариугаа сонсмоор байна. Эрдэнэт үйлдвэр жилдээ 150 орчим сая ам.долларын ашиг олсон. Түүгээр нь орон сууц бариад, нийгмийн асуудлыг нь шийдээд өгчихмөөр, хэрэгтэй юм хиймээр байна. Гэтэл олсон ашиг нь өрөнд явчих гээд байна. Одоо байгаа Х.Бадамсүрэн захирал овоо юм хийж байхад солих тухай яриа яваад эхэлсэн байна. Би үүнийг зөвшөөрөхгүй. Ялсан нам болгон Эрдэнэтийг шулж, энэ үйлдвэрээр дамжуулж намаа санхүүжүүлдэг. Үүнийгээ одоо боль. Тиймээс асуулгынхаа хариуг сонсмоор байна. Бямба гаригт асуулгын хариу сонсохоор хичнээн гишүүн ирэх юм. Тиймээс миний асуулгын хариу сонсохыг нэмж өгнө үү?”