Усан спорт, сургалтын төвийн урд гудамжийг архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэв
2018.09.26

Усан спорт, сургалтын төвийн урд гудамжийг архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэв

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх зам талбайг болон Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр дэх Дээд салхитын аманд байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөх төслийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Ц.Тулга танилцуулав.

Улаанбаатар хотын анхны архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг ирэх сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тушаал БХБ-ын сайд гаргажээ. Монголын архитекторын эвлэлийнхэн үүнтэй холбогдуулан тухайн гудамжийг Б.Чимэд агсны нэрээр нэрлэх санал ирүүлсэн аж. Сонирхуулахад, Б.Чимэд агсан Улсын драмын театр, МҮЭ-ийн ордон, Залуучуудын ордон, "Улаанбаатар" зочид буудал, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг 93 барилгын зураг төслийг боловсруулсан юм байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2012 онд захирамж гаргаж, дүүргийнхээ XIX хорооны нутаг, Дээд салхитын аманд дахь 8.9 га газрыг тусгай хамгаалалтад авчээ. Түүнээс хойш 4.4 га-д нь цэцэрлэгт хүрээлэн байгуулан ойжуулаад, улсын төсвийн хөрөнгөөр 380 кВт-ын цахилгааны шугам татаж, усалгааны системтэй болгожээ. Дүүргийн ИТХ хуралдаж "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн" хэмээн нэрлэх санал гаргасан, шийдвэрлүүлэх хүсэлтийг НИТХ-ын Тэргүүлэгчидэд хандан ирүүлжээ.

Тэргүүлэгчид эдгээр асуудлуудыг хэлэлцээд, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх буюу Усан спорт сургалтын төвийн урд хэсгийг Улаанбаатар хотын анхны ерөнхий архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэхээр болов. Мөн шинэ цэцэрлэгт хүрээлэнг "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн" хэмээн нэршүүлэхээр болж, нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Хэлэлцэх асуудлын хүрээнд Тэргүүлэгчид нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас зарим зүйлсийг тодруулсан юм.

Тэргүүлэгч Ц.Байгалмаа: Нийслэл хотод нэршигдээгүй байгаа гудамж талбайгаас гадна хороолол дундах гудамжийг нэршүүлэх, ингэхдээ түүхэн алдартай хүмүүсээс гадна хотын хөгжилд хувь нэмэр оруулсан, эдүгээ амьд сэрүүн байгаа алдартай хүмүүсээр нэршүүлэхийг судлаж шийдэх хэрэгтэй гэдгийг дурьдав.

Тэргүүлэгч C.Мөнхчулуун: Гудамж талбайг нэршүүлэхдээ адил нэртэй хүмүүсийн тухайд мэргэжлээр нь тодотгож өгөх, мөн тухайн гудамжийг нэршсэн онцлогтой нь уялдуулан тохижуулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй" гэсэн санал хэлэв.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга "Хот, хорооллын зэрэгтэй болон цэцэрлэгт гудамжийг нэршүүлж болно. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар дээрх ажлын хэсэг хаягжуулалт, бүртгэлийг нягталж, нэгдсэн системд холбохоор ажиллаж байгаа. Одоогоор нийслэлд нэрлээгүй 60 гаруй гудамж бий. Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэв.

Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд хоёр байгууллага, гурван иргэнийг "Хангарьд" одонгоор шагнах хүсэлт ирснийг хэлэлцсэн юм.

Тэргүүлэгчдийн зүгээс  "Хангарьд"-аар шагнах журмыг шинэчлэх нь зүйтэй гэж үзэв. Ингээд нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлдэг "Монгол эм импэкс концерн"-ыг "Хангарьд" одонгоор шагнахаар боллоо.