Л.Оюун-Эрдэнэ: Намайг “Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар шиг болгоно” гэж утсаар дарамталсан
2018.08.22

Л.Оюун-Эрдэнэ: Намайг “Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар шиг болгоно” гэж утсаар дарамталсан

-Хэн нэгний захиалгаар бусдыг буруутгахад  амьдралын цагаа үрэх хүн би биш-

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг энэ удаагийнхаа “Ярилцах танхим” буланд урьж ярилцлаа.

-Алдарт 60 тэрбумын хэргийг дахин сөхөж,  олон нийтийн  анхаарлын төвд  авчирч чадлаа. Та сөрж бас тэмцэж чадаж байна. Үүнээс хүлээх үр дүн юу вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Би энэ асуудалд маш тодорхой байр суурийг илэрхийлж байгаа. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж болно. Гэхдээ эвлүүлэг нэрийдлээр хэргийг хаачихвал дараа, дараагийн асуудалд бид хууль хяналтын байгууллагаас шударга ёсыг хүлээхэд хүнд болох юм. Хууль хяналтын байгуул­лага албан тушаалтанд нэг өөрөөр, ард иргэдэд арай өөр байдлаар үйлчилж байгаагийн тод жишээ юм байна гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд үндэслэлтэй албан бичгүүдийг 10 гаруй газар руу илгээсэн. Энэ бүхнийг УИХ-ын зарим гишүүд нэгтгэж, дүгнэлт хийж байгаа.

-Нийслэлийн про­курорын газраас хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгосон бичгийг танд илгээжээ. Энэ нь  үр дүн гарч байгаагийн нэг хэлбэр байх?

-Тийм ээ. Удахгүй шалгагдаж олон нийтийн оролцоотойгоор илүү нээлттэй байдлаар  хэргийн дүгнэлт гараасай гэж бодож байна. Энэ схем хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь Эрүүгийн хуулийн төрөл зүйл. Эрүүгийн хуулийн төрөл зүйл учраас УИХ-ын гишүүн шууд орох боломжгүй. Гол нь үүнийг эвлүүлэг гэж үзээд тэр бичлэгт орсон уу, үгүй юу гэдэг зүйлд өнөөдөр цэг тавьж байна гэж миний зүгээс ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, харамсч байгаагаа илэрхийлж байна гэдэг нь, МАН-ын Хяналтын хороонд ёс зүйн хариуцлага тооцох тухай тогтоол гарчихсан учраас эвлүүлэг гэх ойлголтын талаар дахин ярихгүй. Одоо хяналтын байгууллага энэ нь хэрэгжсэн үү, үгүй гэдгийг шударгаар шийдээд, олон нийтэд мэдээлээсэй гэж бодож байна.

-Хууль хяналтын байгуул­лагаар шийдэгдэх зүйл болохоор үр дүн тийм ч хурдан гаргахгүй байх. Нэлээд хүлээлт үүсгэх болов уу?

-Дараа, дараагийн арга хэмжээг авахын тулд хүлээх ёстой. Одоо МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан хариуцлага тооцож ажиллах тухай тогтоолыг Удирдах зөвлөл хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг харах л үлдсэн. Гэхдээ энэ нь ёс зүй талаасаа гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Эрүүгийн хариуцлага талд нь Нийслэлийн прокурорын газраас гаргасан тогтоолоор ямар асуудлууд үүсэх вэ гэдгийг харах хоёр сонголт бидний өмнө үлдэж байна. Нөгөөтэйгүүр, харамсч байгаагаа илэрхийлнэ гэдэг нь  улстөрчийн хувьд амаргүй үйлдэл гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ бол сайн жишиг. Мэдээж, алдаатай, оноотой ч тодорхой хэмжээнд үнэнээ илэрхийлсэн нь улс төр  зөв жишиг рүү явж байгаагийн шинж.

-Таныг энэ асуудлыг гаргаж тавина гэхэд дэмжих хүн байв уу?

-Наадмын өмнө болсон асуудал. Тухайн үед хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам гээд олон үйл явдалтай байсан. Надад гишүүд олон нийтэд хүрэхгүй, цаг үе нь биш гэж хэлсэн. Харин би энэ бүхэн хамаагүй гэсэн байр суурьтай байсан. Энэ асуудлыг гаргаж тавих нь миний асуудал гэсэн байр сууринаас хандсан. Энэ бүхнээс харахад, манай улсад маш их хүчтэй иргэний хяналттай нийгэм бий болжээ. Ямар ч нөхцөлд чухал асуудалд нүд цавчихгүй хардаг болсон байна. Энэ бүхэн олон нийтэд хүрсэн. Үүнээс их урам авсан даа.

-Мэдээж аливаа зүйлийн үр дүнг үзэхэд ганцаараа зүтгээд нэмэргүй шүү дээ. Ангийн нөхдөөсөө дэмжлэг хүсч байгаа юу?

-Дараагийн алхмыг хийхдээ бусад УИХ-ын гишүүдтэй хамтрахаас  өөр аргагүй. Түүнээс ганцаараа яваад байвал нэг кноп, нэг микрофон. Цаашид УИХ-ын гишүүдээ уриалж ажиллана.

-60 тэрбумын асуудлыг хөндөж, хууль хяналтын байгууллагыг хөдөлгөлөө. Харин өөрт чинь ямар нэгэн дарамт ирэх юм уу?

-Чин үнэнийг хэлэхэд, амаргүй юм билээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд намайг гүтгэж, муулж, харлуулж болох бүхий л аргыг хэрэглэсэн. Та бүхэн ч үүнийг ажигласан байх. Миний талаар гаргасан бүх ташаа мэдээлэлд хариулт өгөх болно. Мөн олон хүн надад боль гэж хэлсэн. Хэрвээ бид үүнээс ухрах юм бол өөр олон асуудалд итгэл үнэмшлээ илэрхийлж чадахгүй хэмжээнд хүрнэ. Гэхдээ олон гишүүн намайг дэмжиж ирсэнд баярлаж байгаа. Энэ нь амь өрссөн гэх нь хаашаа юм, гэвч сэтгэл санааны  хувьд амаргүй ажил юм байна. Ийм зүйлд няцаад зогсож болохгүй. Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл, ардчилсан парламентын тогтолцоогоо алдахад хүрнэ. Энэ нь судалгаагаар гарсан.  Монгол Улсад шударга ёсны хүсэмжлэл анх удаа 97 хувьд хүрсэн байсан. Судалгаа 85 хувиас дээш гаргах юм бол хувьсгал болох хөрс бүрддэг гэж онолын хувьд үздэг. 97 хувьд хүрсэн нь  олон нийт ямар их бухимдалтай байгааг харуулж байна. Иргэдийн төрдөө итгэх итгэл шалан дээр унаж, хууль хяналтын байгууллагад итгэхээ байсны нотолгоо. Одоо энэ бүхнээс дүгнэлт хийж,  парламентын гишүүд ард түмнийхээ   язгуур эрх ашгийнхаа төлөө  эвлэлдэн нэгдэхгүй  бол болохгүй. Намын болоод найз нөхдийн эрх ашгаас илүүтэй  язгуур эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг болсон. Түүнчлэн намайг “Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар шиг болгоно” гэж утсаар дарамталсан. 

-Хууль хяналтын бай­гууллагынхантай уулзсан уу?

-Уулзсан. Мэдээж би нэрийг нь хэлж болохгүй.  Хууль хяналтын байгууллага, тогтолцоо яагаад болохгүй болсон талаар надад зарим нь нүдэндээ нулимстай ярьж байсан. Түүнээс гадна надад маш олон мэдээллийг өгсөн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтай хүртэл уулзаж, нэлээд удаан ярилцсан. Бид цаашид хэргийг гаргаж ирээд болихоос илүүтэй агуулга, систем рүү нь харахаас өөр аргагүй байдалд орсон юм байна. Энэ талаар олон нийтэд үнэн бодит мэдээллийг өгөхийн тулд  зорилтот ажлыг хийнэ.

-Таныг анх энэ асуудлыг гаргаж тавихад МАН-д фракцийн дайн өрнөж байна. Тэр дундаа М.Энхболдын өөдөөс У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг сумлан тавьж байна гэсэн мэдээлэл их гарсан. Энэ үнэн үү, эсвэл та өөрийн үзэл бодлоор 60 тэрбумын асуудлыг хөндсөн үү?

-Хэн нэгний захиалгаар,  бусдыг буруутгахад  амьдралын цагаа үрэх хүн би биш. Би өөртөө зөв гэж бодсон зүйлээ хэнээр ч хамааралгүйгээр хийж ирсэн. Цаашид ч хийнэ. Мэдээж нам гэдэг бол чухал зүйл. Үндсэн хуульт тогтолцоогоор улс төрийн намууд нэр дэвшилт хийдэг. Улс төрийн намууд үзэл санааны дуу хоолой болох ёстой байдаг. Нам дотооддоо сахилга баттай байж төр засаг тодорхой тогтолцоотой  явна. Бүгд бие даагч байж болохгүй шүү дээ. Миний хувьд нам гэдэг үнэт зүйлийг хүндэлдэг. Өнөөдөр шударга ёсны хүсэмжлэл 97 хувь хүрсэн байгаа нөхцөлд намаас илүү улс орны нийтлэг эрх ашгийг  тавихгүй бол болохгүй. Бид алдах гээд байна. Улс төрийн хоёр томоохон намын  даргад хандан хэлэхэд, архины ширээний ард даргалж өнгөрдөг цагаа зогсоохгүй бол МАН, АН байхгүй болно. Сонгож авсан тогтолцоо ч нуран унана. 97 хувь гэдэг бол ард түмнээс өгч байгаа сүүлчийн сануулга байх. Магадгүй үүний дараа хувьсгал болох, нийгмийн эмх замбараагүй байдалд орох, хэн нэгний дарангуйлалд шилжих эрсдэл гаргахгүй байхыг үгүйсгэхгүй.

-УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индрээс 60 тэрбумтай холбоотой баримтуудыг танд өгсөн гэж хэлсэн. Үнэхээр танд баримтууд өгсөн юм уу?

-Өгсөн. Гэхдээ хэргийг хаасан материалууд байсан. Үүнийг авлигын асуудал эсэхийг тогтоох эрх надад байхгүй. Хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Харин миний хувьд 90 минутын бичлэгт орчихоод үүнийгээ эвлүүлэг гээд хааж болохгүй юм. АТГ-ын дүгнэлтээр дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг гэж үзсэнд би эгдүүцсэн. Одоо үүнийг нягтлах байх гэж бодож байгаа. Үүнийг шударгаар шийдэхэд хяналт тавьж ажиллана.

-М.Энхболд дарга ха­рамсч байгаагаа илэрхийл­сэн ч зохиомол хэрэг гэдгийг тодотгосон байсан?

-Надад ирүүлсэн бичгийг уншаад харамсал гэж хүлээж авсан. Үүнийг бас ойлгохыг хичээж байгаа. Өмнө нь манайд ийм жишиг байгаагүй. Хэрвээ энэ хүн харамсал биш ээ гэвэл өөрөө олон нийтийн өмнө гарч мэдээлэх байх. Ингэвэл би харамсч байгаагаа илэрхийлээгүй юм байна гэж үзнэ. Дахиад л энэ зүйл цаашид үргэлжилнэ. Мөн хувь улстөрчийн хувьд маш хэцүү алхам гэдгийг нь ойлгож байна. М.Энхболд гэдэг хүний зан чанар 27 жил улс төрд зүтгэсэн байр сууринаас харвал ямар нэгэн зүйлд алхам хийхдээ туйлын хойрго ханддаг. Энэ бол хувь хүний онцлог. Үүнийх нь төлөө шууд яллаж болохгүй. Тэгвэл дараа дараагийнхаа хүмүүст нөлөөлнө. Харамсч байгаагаа илэрхийлж, уучлал гуйвал болдоггүй нийгэмд адлагддаг юм байна гэсэн ойлголт төрчихнө. Тиймээс адлаж болохгүй гэж байгаа юм.

-Нээлттэй сонсгол зохион байгуулах чуулган нь юу болсон бэ?

-Энэ бол олон улсын арга хэмжээ. Харин үүнийг манайх нээлттэй сонсгол гэж орчуулсан юм билээ. Нийгэмд дуулиан тарьж, эргэлзээ төрүүлсэн асуудалд хэвлэлийнхэн болон нийтэд нэг мөр ойлголтыг өгөхөд зориулагдсан зүйл. Хэрвээ 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан бол гэрч Г.Доржзодов, холбогдогч гурван хүн орж ирнэ гэсэн үг. Сонсголд 4-5 УИХ-ын гишүүн сууж, 50-60 асуулт асуудаг. Асуулт асуухдаа төрийн нэрийн өмнөөс бид ярьж байгаа учраас бүх зүйлийг үнэнээр хэлнэ үү гэдгээ тангараглана уу гэж эхэлнэ. Үүний дараа тэдэн сарын тэдний өдөр энэ ярианд байсан уу гэж асуухад тийм, үгүй гэж хариулна. Хэрвээ үгүй гэж хариулчихаад худлаа нь тогтоогдвол ёс зүйн хариуцлагаа хүлээж огцрох шаардлагад гарын үсэг зурдаг. Прокуророос тухайлсан хэргийн талаар нээлттэй сонсгол хийж болохгүй гэдэг хариуг надад өгсөн. Уг нь тухайлсан хэргээр нийтийн сонсгол хийх ёстой байдаг. Тэгвэл тухайлаагүй хэргүүдээр нээлттэй сонсгол хийе гэж байгаа. Тухайлбал, Эрдэнэтийн 49, 51 хувь гэх мэт асуудлаар хийх боломжтой. гэхдээ мөрдөн байцаалттай холбоотой асуудал руу орохгүй. Үүнд хууль хяналтын байгууллага хариулахгүй байж болдог. Нээлттэй сонсгол гэж юу юм бэ гэдгийг олон нийтэд ойлголт өгчихөөд намрын чуулганы өмнө хийх бодолтой.

-Таныг ээлжит бус чуулганаар  УИХ-ын гишүүдийн нэр барьж, попорч байна гэх юм?

-Гарын үсэг зурчихаар гишүүдэд дарамт ирдэг. Зурсан хэд, хэдэн гишүүн бий. Нэр нь олон нийтэд ил болох нь тийм чухал биш гэж үзсэнээс зарлаагүй юм. Түүнээс гишүүдийн нэр барьж попорно гэж юу байх вэ дээ. Ээлжит бус чуулган заавал зарлагдах ёстой. Хугацааны хувьд зарлагдаагүй. Хэрвээ зарлахгүй бол Үндсэн хуулиа зөрчинө. Зарлахгүй тохиолдолд УИХ-ын дарга огцрох тухай асуудал яригдана. Энэ нь маш хатуу хуулийн заалттай шүү дээ. Чуулганыг ирц бүрдүүлэхгүй гэдэг шалтгаанаар хойшлуулж болохгүй. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга шууд зарлах үүрэгтэй бөгөөд УИХ-ын гишүүд хүрэлцэн ирэх үүрэгтэй.

Б.ПҮРЭВЖАВ