Х.Нямбаатар: У.Хүрэлсүхийг С.Эрдэнээр СОЛИОД ямарч ӨӨРЧЛӨЛТ гарахгүй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Чуулган завсарласан, ойрд ажил гайгүй байв уу?
-Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, ажлаа тайлагнадаг. Тэр утгаараа тойрогтоо ажиллаж, тайлангаа тавилаа. Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмж улсын дунджаас хамгийн доогуур байдаг. Ялангуяа 65, 9-р сургуулиуд дөрвөн ээлжээр хичээллэдэг. Энэ намар гэхэд 65-р сургуульд зөвхөн нэгдүгээр ангид 600 гаруй хүүхэд элсэн суралцана. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаас гадна гаднын туслалцаа дэмжлэг авахыг зорьж ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар есдүгээр сургуулийн өргөтгөлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахаар ажиллаж байна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 65-р сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор хоёр мянга гаруй хүүхдийн сургууль барих ажил эхлээд явж байна. Мөн бүрэн цутгамал 150 хүүхдийн цэцэрлэгийг улсаас нэг ч төгрөг авахгүйгээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг цэцэрлэг энэ есөн сард ашиглалтад орж амжихгүй бол ирэх аравдугаар сард орно. Энэ мэт хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтраад тойрогтоо хийх бүтээн байгуулалтын ажлууд дээр төвлөрч ажиллаж байна. Бид улсын төсөвт зүгээр нэг мөнгө суулгаад орхичих бус араас нь хөөцөлдөж, шамдуулж ажил хэрэг болгох талд нь ажиллахгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах цэцэрлэгүүдийн барилгын ажил ихэд удаашралтай байна. Өнөөгийн Тендерийн тухай хууль улсын ажлыг маш их цалгардуулах юм. Одоо болтол зарим тендер нь зарлагдаагүй байна. Энэ жил манай тойрогт 3.3 км орчим авто зам баригдахаар төлөвлөгдөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард зургийн тендер нь зарлагдсан байтал өнөөдрийг хүртэл зураг нь эцэслэгдээгүй байна. Ажлыг хурдан явуулахын тулд Тендерийн тухай хуулиа өөрчлөх шаардлагатай байна. Манайх шиг ажил хийх цөөхөн хэдэн сартай оронд Тендерийн тухай хуулийг илүү хялбаршуулж байж ажил урагшаа явна.
-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?
-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг дэмжээд би гарын үсгээ зурсан. Хуульч хүний хувьд хэлэхэд, ээлжит бус чуулганыг зарлахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэлбэр. Уг нь энэ талаар Үндсэн хуульд тодорхой зааснаас гадна УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дээрх харилцааг зохицуулаад тусгачихсан байдаг. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуулиа дээдлэх. Тэгвэл энэ зарчим өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй байгаагаас илт харагдаж байна.
-Өнгөрсөн хавар та 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргасан. Уг асуудал өнөөдөр юу болсон бэ?
-АТГ, Улсын ерөнхий прокурорт нэр бүхий 22 шүүгчийн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдтэй дансыг нь шалгаад өгөөч гэж хандахаар шүүгчийн халдашгүй байдал гээд одоо хүртэл шалгахгүй байна. Шүүгчийн халдашгүй байдал гэдэг нь хулгай хийснийгээ халхавчлах хэрэгсэл биш шүү дээ. Надаас шаардахаас илүүтэй шалгадаг АТГ, байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавьдаг УЕП-оос шаардмаар байгаа юм. Энэ талаар би хуулийнхнаас асуухад, “Шүүгчийн халдашгүй эрхэд нь халдах гээд байна” гэсэн агуулгатай зүйл ярьж байна лээ. Сүүлийн 28 жил нэг ч шүүгч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм байна. Шүүгчдийн хэрэглээ болон тэдний цалин нь ард түмний өмнө ил байх ёстой. Өнөөдөр улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн төлөөллийн шүүх байгууллагуудтай болчихсон. Энэ талаар би өнгөрсөн хаваржингаа дуугарсан. Шүүхийн талын нөхөд одоогоор над руу зохион байгуулалттайгаар гүтгэлгийн мэдээ мэдээлэл бичүүлж байгаа. Шударга ёс шаардахаар гүтгэдэг, дайрдаг энэ байдлыг ойлгохгүй байна. Би намрын чуулганаар Шүүгчийн хариуцлагын тухай хууль өргөн барина. Мөн Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн ёс зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Шүүхийн захиргааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг илүү нээлттэй, өргөн болгох зорилготой. Цөөн хэдэн хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлдгээ болих хэрэгтэй. Энэ талаар Зүүн европ, Барууны европын загварыг судалсан. Хамгийн хараат бус шүүгчийг хэрхэн яаж сонгон шалгаруулдаг тэр загварт шилжих цаг нь болсон.
-Шүүгч нартай холбоотой баримт материалуудыг яаж олж авсан юм бэ?
-Уг нь та нар ч олж авахад нээлттэй шүү дээ. Өмнө нь энэ талаар мэдээллүүд гарч л байсан. Урьд нь би өмгөөлөгч хийж байсан хүний хувьд энэ талын мэдээ мэдээлэл надад илүү их бий. Иргэдээс шүүхийн шийдвэрт гомдсон, туньсан өргөдөл, гомдлууд зөндөө л сонсч байлаа. Шүүхийн шийдвэрүүд эргэлзээтэй гарч байна гэж амтай болгон нь л дуугардаг болсон биз дээ.Шүүх байгууллага нь шударга болоогүй цагт бид өнөөдөр шударга ёсны тухай яриад, мөн бусдаас шударга ёс шаардаад ч утгагүй. Англичууд өнөөдрийг хүртэл хатан хааныхаа гэр бүлд маш хүндэтгэлтэй ханддаг учир нь шударга шүүхийн тогтолцоог бий болгож өгсөнтэй холбоотой. Өнөөдөр олон улсын маргаанууд хаана шийдэгдэж байна вэ гэхээр ихэвчлэн Английн Арбитрын шүүхээр шийдэгддэг. Английн шүүхийн тогтолцоо бараг 900 жилийн өмнө одоогийн хэлбэр рүүгээ орсон. Тэглээ гээд бид 800-900 жил шударга бус явна гэсэн ойлголт байж болохгүй. Манай улстай адилхан хөгжлийн гараагаа эхэлсэн улс орнууд өнөөдөр шүүх байгууллагынхаа тогтолцоог илүү нээлттэй, ил тод болгочихсон. Шүүхийн тогтолцоо нь шударга болсноор наад зах нь гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Гэтэл манайханд өнөөдөр гаднынхан итгэдэггүй нь шүүхийн байгууллагатай нь холбоотой. Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг залилдаг, хуурдаг, цагдаа шүүхээр барьж хориулж айлгадаг энэ тогтолцоогоо өөрчлөхөөс нааш гаднаас хөрөнгө оруулалт татах цаашлаад хөгжлийн тухай ярихад ч ээдрээтэй. Дотооддоо өөрсдөө бие биеэ улстөрчид нь хууль шүүхээрээ далайлгаж намнадаг, сонгуулийн өмнө барьж хорьдог, сонгууль дуусаад ач холбогдол нь буурахаар сулладаг зэрэг хувиараа эрхэлдэг аж ахуй байгууллага шиг хууль шүүхийн тогтолцоо болчихсоныг хүн бүхэн мэдэж байгаа.
Өнгөрсөн хавар МАН-ын дэргэд УИХ-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгуулсан. Холбооны нөхөд бид нийгэмд бугшсан цөөнгүй асуудлыг гаргаж тавьсан. Үүний үр дүнд хууль шүүхийн байгууллага цочроо авсан. Олон жил дарагдсан хэргүүдийг сэргээн шалгаж байна гээд бидний дуу хоолой хүрснийх болов уу. Гэхдээ өнөөдрийг хүртэл яригдаж буй 60 тэрбумын асуудал, бондын зарцуулалт, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Оффшорт мөнгөө нуусан хүмүүсийн асуудал шийдэгдээгүй хэвээр л байгаа нь мөн хууль шүүхийн тогтолцоотой нь холбоотой. Өнөөдрийн шүүхийн тогтолцоо нь харилцан бие биеэ хаацайлж хамгаалсан ийм л тогтолцоо болж хувирсан. Бид Үндсэн хуулиа өөрчилж, засаглал хэлбэрээ тодорхой болгохгүйгээр энэ бүх хариулт нэхсэн асуултууд бүгд замхарна. Өөрсдөдөө зориулсан Өршөөлийн тухай хууль баталж албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөсөн орон манайхаас өөр байхгүй. 2015 онд Өршөөлийн тухай хуулиар албан тушаалтай холбоотой бүх хэргийг өршөөчихсөн. Үүнээс болж өнөөдөр гаднын байгууллагуудын дарамт шахалт ихсэх болсон. Мөн Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэхээс нэг шат ухарсан. Энэ бүхнийг өөрчилье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Ингэхийн тулд хоёрын хооронд гурвын дунд биш ард түмнээсээ санал асуулга явуулж засаглалын хэлбэрээ сонгох хэрэгтэй. Энэ талаар би нэлээдгүй судалгаа хийж байгаа.
-Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудал нь МАН-ын дотоод хямрал төрийн албан хаагчдад нь хүртэл “халдварлалаа” гэж олон нийт үзэх боллоо. Энэ үйл явцад та дүгнэлт хийж байгаа байх?
-Уг нь МАН-ын төрийн албан хаагч, АН-ын төрийн албан хаагч гэж байх ёсгүй л дээ. Гэвч тогтолцоо нь гарцаа байхгүй нэг нам нь гарч ирээд томилгоо сэлгээ хийдэг ийм бичигдээгүй хуультай болчихсон. Өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо нь дөрвөн жил тутам төрийн албыг сольдог ийм л болж хувирсан. Хоёр дарааллан бүрэн засагласан Засгийн газар, бүтэн ялалт байгуулсан нам гэж байхгүй . Хатуу намын тогтолцоотой манай улсад төрийн албан хаагчид улстөрийн сонгуулийн үр дүнгээр бий болдог болчихсон. Эрдэнэт хүний амь үрэгдсэн үед сөрөг намын нөхөд танай намын үед төрийн албан хаагчид нь нэгнийхээ амь насанд хүрлээ гэдэг байдлаар улс төр хийх нь зохисгүй. Би юунд их харамсаж байна вэ гэвэл төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарлачихсан байхад манай төрийн алба хаагчид ажлын байран дээр архидан согтуурч байгаа нь маш том асуудал. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид өөрсдийг нь томилсон дарга нарынхаа төлөөлөл болж өөр хоорондоо зөрчилддөг, фракц болдог энэ байдал хаа сайгүй бий болчихсон. Төрийн жижиг байгууллагаас эхлээд яам дотор хүртэл тэдний хүн гэж ярих нь холгүй болсон. Үүнийг бид өөрчилье гэвэл тогтвортой засаглалыг бий болгож, төрийн албанд чин шударгаар ажиллах чадварлаг боловсон хүчнийг сонгон шалгаруулж тогтвортой ажиллуулдаг ийм л тогтолцоо руу шилжих ёстой. Төрийн албаны тухай хуульд уг нь энэ талаар тусгадаг мөртлөө тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй. Төрийн албаны тухай шинэчилсэн хууль ирэх оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн хуулийн төсөлд яамны төрийн нарийн, газрын дарга нарын шалгуурыг өндөрсгөсөн нь сайн хэрэг боловч нөгөө талаасаа нэг байгууллагад үр дүн гарахгүй олон жил сандал, ширээ бөглөдөг, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн чадварлаг залууст төрийн албанд өндөр албан тушаал хаших боломжийг нь хязгаарласанд янз бүрийн байр суурийг гишүүд илэрхийлж байгаа.
Өнөөдрийнх шиг намын тогтолцоотой, дөрвөн жилийн хугацаатай ойр ойрхон сонгууль болдог ийм үед эдийн засгаа өөд нь татах зоригтой шийдвэрүүд гаргаж чаддаггүй. Яагаад гэвэл сонгогчдоосоо айдаг. Дараагийн сонгуульдаа ялагдахгүйн тулд дандаа эдийн засагт халгаатай хошуу дэвссэн халамжийн бодлогууд явуулдаг.
Миний айж байгаа нэг зүйл бол 2023 оноос нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орно.Бид том төслүүдээ зоригтой хөдөлгөж эдийн засгийн нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн гашуун боловч үнэн үгийг ард түмэндээ хэлж явахгүй бол түүхий эдийн үнийн өсөлт дандаа энэ хэвээрээ таатай байхгүй. Цалин нэмэх шаардлагыг ҮЭ-ээс тавьж байна. Макро эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. ОУВС бидэнд зарлагаа хяна гэдгийг сануулсан шүү дээ. Хэрэв Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол дампуурч байгаа улс орнуудын жагсаалтад аль хэдийн орчихсон байх байсан. ҮЭ-д зарим нь намын төлөөлөл болсон хүмүүс өнөөдөр сөрөг хүчний ажил хийгээд л явж байгаа. Цалин нэмэгдүүлэхийг бид ч гэсэн хүсэж л байгаа. Ингэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж тэдэнтэй тохирсны дагуу шат дараатай цалинг нэмэх чиглэлээр ажиллах ёстой. Түүнээс биш бүх зүйлд сөрөг хүчний байр сууринаас дуугараад байж болохгүй. АН-ынханд манай намын бодлого муухай харагдаж байвал Монгол Улсын ирээдүй тэдэнд хамаагүй гэдэг байр сууринаас ханддаг. Бид аливаа зүйлд бодитой хандах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн 2023 оноос төсвийн алдагдлын зөрүү маш том төвшинд очно. Манайхан ярихгүй л байгаа болохоос биш өнгөрсөн жилүүдэд нийгмийн даатгалын сангаас улс 5.8 их наяд төгрөгийг аваад хэрэглэчихсэн. Өнөөдөр үүнийг яаж нөхөх үү. Татвар төлдөг ААН байгууллагын тоо нь маш цөөхөн. 50-хан аж ахуй нэгж улсын төсвийн 86 хувийг бүрдүүлж байгаа. Энэ бүхнийг эрүүл ухаанаар харж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудалд улстөржилгүй хандмаар санагддаг.
-АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцрох ёстой гэж үзcэн. Магадгүй дахин Засгийн газар ганхах нөхцөл байдалд хүрч болзошгүй болчихлоо?
-Засаг тогтворгүй болбол эдийн засаг дахиад л тогтворгүйжнэ. Хөрөнгө оруулагчид дахин нүүрээ буруулна. 11 хувийн хүүтэй зээл авч цалин, тэтгэврээ тавихад хүрнэ. Сөрөг хүчин үүнийг л хүсч байгаа юм байлгүй. У.Хүрэлсүхийг С.Эрдэнээр солиод ямар ч өөрчлөлт гарахгүй.
-МАН-ын дотоод зөрчил анхандаа нуувчинд байсан бол өнөөдөр ил тод боллоо. АН-ын зүгээс “МАН-ын дотоод 'зодоон' өнөөдөр төрийн хямрал, Монголын хямрал болоод байна гэж өнгөрсөн хаваржингаа ярьсан. Намынхаа эв нэгдлийг хангах тал дээр залуучууд нь нэгдэж болдоггүй юм уу?
-Зөрчлийн цаана намын дотоод ардчилал байгаа нь харагдаж байгаа биз дээ. Энэ бол эрүүл үзэгдэл. Түүнээс биш даргыг бос гэхээр бүгд босдог, суу гэхээр нь суугаад байвал буцаад л авторизм руу орно. Авлига, хээл хахуультай холбоотой цагаан захтнуудын гэмт хэрэг, хууль шүүхийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийг яаравчлан хийх цаг болсон. Энэ ч утгаараа “Дэвшилтэт холбоо”-ны гол зорилго нь шударга төр, хариуцлагыг бий болгох юм. Нийгмийн өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулсан олон асуудлыг шийдэх, бугшсан зүйлийг ил тод болгохын төлөө тэр өөрчлөлтүүдийг хийе гэдэг зорилгоор байгуулагдсан.
-Ингэхэд таныг намаа “самрагч, хагалан бутаргагч” гэж цоллох болсон нь ямар учиртай юм бэ?
-Нийслэлийн удирдлагуудын гаргасан яриа биз. Нийслэлийн намын хороо дүрэмтэй байгууллага. Хурлаа хийхийг нь шаардсан хүн нам хагалан бутаргагч болж болохгүй биз дээ. Одоо хүртэл Ц.Сандуй, С.Батболд гэж хоёр нөхөр хурлаа хийхгүй зугтаад байгаа шүү дээ. Нийслэлийн намын байгууллага бол МАН-ын том бүтцийн нэг нь. 2013 оноос хойш хурлаа хийлгүй таван жил боллоо. Намын Их хурал нь болчихлоо, аймгууд намын хурлаа хийчихлээ. Гэтэл нийслэл нь намынхаа хурлыг хийгээч гэж шаардахаар янз бүрийн захиалга өгч бичүүлдэг. Ийм л зүйл хийж байгаа, нөхөд.