Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлт бус, Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа засах шаардлагатай
2018.08.14

Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлт бус, Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа засах шаардлагатай

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Та өнгөрсөн баасан гаригт Туркийн Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзсан юм билээ. Уулзалтаар Турк сургуулийн захирлыг хулгайлсан гэх асуудлыг ярьсан болов уу. Элчин сайдын яамнаас ямар тайлбар хэлсэн бэ?

-Уулзалтын үеэр хоёр гол асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт, Турк Улсын иргэний төлөөлж байгаа байгууллагын үйл ажиллагаа, 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлого, түүнтэй холбоотой олон хүний амь нас эрсэдсэн зэрэг асуудлыг ярьж, Турк Улс төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Хоёрдугаарт, Туркийн Засгийн газраас ямар нэг байдлаар Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, хүний эрхэд халдах, хүн хулгайлах зэрэг үйл ажиллагаанд огт оролцоогүй гэдгээ дахин нотолж байна. Үйл явдал болох үеэр энэ асуудлаа надад утсаар хэлж байсан.

НӨГӨӨ ТАЛДАА МАНАЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ "ХҮН ХУЛГАЙЛСАН НЬ ҮНЭН БОЛ МОНГОЛ УЛС ЭРС ЭСЭРГҮҮЦНЭ" ГЭДЭГ ХАТУУ ТАЙЛБАР ХИЙЖ БАЙВ. ХУУЛЬТ ЁСТОЙ ОРНЫ ХУВЬД ЗӨВ ЗҮЙЛ.

Тэр үедээ ч Туркийн Элчин сайдын яам оролцсон гэдэг асуудлыг үгүйсгэж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл Вейсел Акчайг хулгайлах оролдлого хийсэн, олон цагаар барьцаалсан хүмүүс олдоогүй, илрээгүй байгаа нь ноцтой, яав ч байж болохгүй зүйл.

Хулгайлсан хүмүүс хэдэн өдөр чөлөөтэй байв. Энэ асуудлаар манай хууль, хяналтын байгууллага ажиллаж. буруутай этгээдийг олж тогтоохоос нааш асуудлын үнэн мөнийг тогтооход бэрхшээлтэй байна. Ойрын үед бодитой ахиц гарах байх гэж хүлээж байна. Энэ нь нэг хүний асуудал,  нэг удаагийн тохиолдол биш. Үндсэн хуулийн хүрээнд анхаарал татсан ноцтой асуудал учир үүнд парламент, тэр дундаа Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо анхааралдаа авч, албан ёсны хуралдаанаар танилцаж, тодорхой дүгнэлт гаргах ёстой.

-Манай улсын тагнуулын байгууллагыг оролцсон гэх асуудал яригдаж байгаа?

-Одоогоор янз бүрийн таамаглал явж байна Ийм байж болохгүй. Турк сургуулийн захирлыг хулгайлсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Үнэн мөнийг нь яаж шийдэхийг хүн бүр харж байгаа. Зөвхөн энэ сургуулийг төгсөгч таван мянга гаруй залуусаас гадна Монголын нийт ард түмний дунд хүлээлт үүссэн байна. Монгол Улсад байгаа иргэн хэн ч бай Монгол Улсынх,  гаднын орных,  харьяалалгүй, түр, байнгын иргэн ч байсан Үндсэн хуулийн дагуу эрх чөлөөгөө хязгаарлуулах, хууль бусаар хулгайлуулах үйл явцад өртөх асуудал байж болохгүй.

-С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-ноос тогтоол гаргасан. Манай улсын парламентаас Ажлын хэсэг гарч, гаргасан дүгнэлтдээ түр хороо байгуулах асуудлыг ярьж байсан. Түр хороо байгуулсан уу?

-Түр хороо байгуулах асуудлаар Байнгын хорооны шийдвэр гарч, гишүүд гарын үсэг зуран түр хороо байгуулахад бэлэн болсон байгаа. УИХ-ын чуулган эрт хаасан учир эцэслэж амжаагүй. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулж, түр хороо байгуулах асуудлаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Ингэж ОУПХ-нд эцсийн, бодит дүгнэлтүүдээ хүргэх ёстой. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганы УИХ, Ерөнхийлөгчид ирүүлсэн захидалтай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсчихлээ. Энэ бүгдэд парламент бодитой хариулт өгөх ёстой. Иймд ээлжит бус чуулган хуралдахыг хүлээж байна.

-С.Зориг агсны эхнэр Б.Булган сүүлд явуулсан захидалдаа нэлээд ноцтой зүйлийг дурдсан байсан?

-Хэрэв амьд байгаа цорын ганц гэрч Б.Булган ял эдэлж байгаа хүмүүсийг гэм буруугүй хэмээн нотолж байгаа бол энд Үндсэн хуулийн маш том зөрчил үүсч байна. Үүнийг хуулийн дагуу нэг тийш нь болгох ёстой. Ер нь хүн хууль бусаар нэг ч өдөр эрхээ булаалгаж болохгүй. Тиймээс энд үнэн мөнийг тогтоох асуудал байна. Гэтэл хүмүүс тэнд хоригдсоор байна. Өдөр бүр тэдний хувьд там мэт байгаа.

-Уг нь манай улсын парламентаас дүгнэлт гаргаж, ОУПХ-ны энэ намрын чуулганд танилцуулах ёстой билүү. Цаг хугацааны хувьд дүгнэлт гаргаж амжихааргүй болж байна уу?

-Б.Булганы мэдэгдэл өөрөө шинэ нөхцөл үүсгэж байгаа юм. Тиймээс ОУПХ-ны чуулганаар энэ асуудал яригдаж таарна. Эндээс шинэ дүгнэлтүүд ирэх байх. Хууль, дүрэмтэй орны хувьд хуулийн байгууллага ажлаа хийж, энэ асуудалд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлага үүсч байна.


-Таны хувьд ирэх намрын чуулганаас нэлээд олон шийдвэр дээр хүлээлт үүсгэсэн байгаа бололтой. Эдгээрээс хамгийн чухал асуудлыг нь юу гэж харж байгаа вэ?

-УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөл. Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох зэрэг улс төр тойрсон гол хуулиудыг хэлэлцэхээр байгаа. Нөгөө талд нь нийгэм, эдийн засгийн хувьд ард түмний тулгамдсан асуудал болсон амьжиргааны доройтлыг шийдэх бодитой, дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн миний өргөн барьсан хэд хэдэн УИХ, чуулган дамжсан. хэлэлцэхгүй байгаа хуулиуд бий. Баялгийг ард түмэнд өмчлүүлэх, газрыг ард түмэнд өмчлүүлэх асуудал байна. Гэр хорооллын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Гэр хорооллын хөгжлийн тухай хууль, хүний эрхтэй холбоотой хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэгт дэндүү хойрго хандаж байна.

Улс төрийн намуудын тухай хуулиас парламент шударга үнэн шийдвэр гаргадаг байх хууль эрх зүйн томоохон тогтолцоо, шинэчлэлийг ард түмэн хүлээсээр байгаа. Гэвч энэ парламент эдгээр өөрчлөлтийг хийх магадлал улам бага байна. Гэхдээ өөрчлөлтийн төлөө бүх л тэмцлийг өрнүүлэх ёстой.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 67 гишүүн дэмжсэн юм билээ. Ажлын хэсгийн зүгээс намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэж байсан. Үндсэн хууль батлалцаж явсан гишүүний хувьд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн дүгнэх вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дордуулсан долоон өөрчлөлтийг хийж, Монгол Улсын төрийн тогтолцоог бусниулсан. Парламент, Засгийн газрыг хяналтгүй болгож, шударга бус тогтолцоо бий болгосон. Мөн л гарын үсэг цуглуулж, 60-70 гишүүн дэмжлээ гэж хуйвалдаад өөрчилж байсан. Одоо дахин энэ байдлаар өорчлөлт хийх гэж оролдож байгаа юм. 60 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Үүгээрээ Үндсэн хууль өөрчилнө гэж байна лээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж хийдэг юм биш. Ингэж тоглох ч шаардлага байхгүй. Харин Үндсэн хуулиа сайтар уншиж, үүнд бичсэн үг үсгийг бусад хуулиндаа шингээн, Үндсэн хуулийн дагуу бусад хуулиа засах шаардлагатай. Үндсэн хуульд тавьсан шаардлагын дагуу улс төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох, хууль тогтоомжийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ийм улс төрийн эр зоригийн төлөө нам харгалзахгүй гишүүдтэй хамтарч,  санал бодлоо нэгтгэн, тэмцэнэ гэдэгт найдаж байна.

-Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, ард түмнээс санал авсан. Энэ саналынхаа дагуу нэмэлт, өөрчлөлтийн төслөө боловсруулсан гэсэн?

-Миний хувьд жүжиг тавьж байгаа мэт харагдсан. Хэлэлцүүлгээр үндсийг нь огт яриагүй. Хэлэлцүүлэг гэж хэдэн төрийн албан хаагч суулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр *пиар“-дсан. Ямар ч үр ашиггүй хэлэлцүүлэг болсон. Үр дүнд нь мөнгө л зарлагадсан байх. Гадна, дотнын ямарч хамааралгүй хүмүүсийг цуглуулж,  илтгэл тавиулж,  хүмүүсийг луйвардсан үйл ажиллагаа болсон. 

Одоо Үндсэн хуулиа ч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ч ойлгож байгаа хүн алга.  Ийм замбараагүй байдлаар Монголынхоо үндсийн үндэст хандаж болохгүй. Дутагдал Үндсэн хуулинд бус бидэнд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид болохгүй байна. Бидний итгэл үнэмшил, үнэт зүйл, ёс суртахуун болохгүй байгаа юм.  Хүүхдийг чөлөөтэй байлгаад байвал хүүхэд буруу юм хийгээд л байна. Харин хүмүүжүүлээд, ойлгуулаад, ухамсарт нь нөлөөлөөд, дүрэм,  журмыг нь хатуу тогтоогоод байвал хүүхэд бүхэн сайн иргэн болох бололцоотой.

Үүнтэй адил Үндсэн хууль, үндэс нь байгаа ч бид дээр нь хэзээ ч нурж унахад бэлэн муруй, хазгай байшин барьж байна. Ийм байшинд амьдарч байгаа хүмүүс ирээдүйдээ итгэлгүй, би? биенийгээ үзэн ядсан, мууг нь үзсэн, улс орноо сөнөөсөн, хулгайлсан зэрэг хамгийн муу муухай бүхэн ил гарч байна.

Энэ байшингаа зөв барих хэрэгтэй. Харин дордуулсан долоон өөрчлөлтийг шууд хүчингүй болгох хэрэгтэй. Түүнээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй.  Хэрэв Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах бол жил бүр нэг асуудлаар буюу Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, тийм бол үүнийг ядаж шийдэх вэ гэдгийг ард түмэн нэг жил хэлэлцээд, ойлголтыг нь нэгтгэж, санал асуулга явуулж, дараа нь Үндсэн хуулиндаа суулгаж болох юм. Өнөөдөр шүүх 3 засаглалын бие дие даасан байдлыг хангахад Үндсэн хуульд байгаа дутагдал юу байна. Тэгвэл үүнийг нь хэлэлцье зэргээр нэг удаа нэг өөрчлөлт, нэмэлтийг шийдэх ёстой. Гэтэл багцаар нь оруулаад, дунд нь янз бүрийн өөрчлөлт  хавчуулж байна.

Үүний цаана Монгол Улсыг улсын хувьд задлах гэсэн,  хуйвалдааны засаглалаа бэхжүүлсэн, хулгай дээрмээ баталгаажуулсан өөрчлөлтийг хийх гэж байна.

Намууд нь хувьчлагдаж, өмчлөгдсөн, тодорхой бүлэглэлийн гарт баригдсан байдалтай байна. Энэ чигээрээ мөнхөд Монголын ард түмнийг захирах юмаа баталгаажуулах гээд байгаа юм. Хэрэв иймэрхүү бохир санаархлыг хийж, хүчээр түрж эхэлбэл,. 1990 оны хувьсгал давтагдана. Тиймээс ард түмэнд эдлэх эрхийг нь өгч, Үндсэн хуулиа хэрэгжүүлэн, ард түмнийг бүү басамжлаарай гэж эрх баригчдад хэлмээр байна.


-Гишүүд чуулган завсарласан энэ үеэр тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд ямар ажил хийж байна вэ?

-Тойргийнхоо иргэдтэй уулзаж. санал хүсэлтийг нь авч байна. Гэхдээ миний хувьд тойрогтоо хоёр зүйлийг гол болгон ажиллаж байна. Нэг нь. гэр хорооллын хөгжил. Яармагийг Монгол Улсын гэр хорооллын үлгэр жишээ төв болгох чиглэпээр төсөл хэрэгжүүлж байгаа. Үүнд айл өрх бүр эрүүл цэвэр орчинд тохитой, тухтай амьдрах, байгаа орчноо улам сайжруулж, хашаандаа амьдрах боломжийг бүрдүүлэх гэж байна Хоёрт нь, утааны асуудал. Ирэх жилийн тавдугаар сараас түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ер нь агаарын бохирдол Монгол Улсын хамгийн том эмгэнэл болсон байгаа. Тэгэхээр үнэгүй цахилгаанаар иргэдээ дулаан өвөлжих боломжийг бүрдүүлэхээр судалгаа, туршилт хийж, нийт өрхийн хувьд шийдвэрлэхийн төлөө явж байна. Гэр хорооллоос сонгогдсон гишүүний хувьд хийж чадах, хийх ёстой ажил юм. Цаашдаа Засгийн газар холбогдох яам, агентлагт асуудлаа тавьж, нийт ард иргэдийг хамарсан ажил болгох чиглэлд ажиллаж байна. Туршилтын байшингаа барилаа. Иргэдийг орон байраа сайжруулах төслүүдэд хамруулах судалгаа, сургалтыг эрчимтэй хийж байна. Уг нь Гэр хорооллын хөгжлийн тухай хууль гарчихвап хуулийн дагуу хийгдэх юм. Хуупь хүлээх цаг байхгүй учир иргэд сонгогчидтой хамтраад амьдрах орчноо өөрчлөх, сайжруулах, . байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийж байгаа. Тухайлбал. "Жорлонгоо өөрчилье" аяныг тойрогтоо идэвхтэй хэрэгжүүлж байна.

-Гэр хорооллын хөгжлийн тухай хуульд агаарын бохирдлыг түлхүү хөндсөн гэж ойлгож болох уу. Хууль батлагдсанаар ямар зохицуулалт бий болох юм бол?

-Одоогоор гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд барьцаалагдсан байна. Дарамт, шахалт дор газраа чөлөөлдөг, хохирсон иргэд бий болж байна. Хууль батлагдсанаар эсрэгээрээ гэр хорооллын иргэдийг хөгжүүлэх юм. Тэнд байгаа иргэдийг гол шийдвэр гаргагч болгоно. Үүний цаана төр засгийн байгууллага үүргээр хүлээх ёстой. Бүх шийдвэр иргэдээр дамжиж гардаг, бүх санхүүжилт баталгааг иргэддээ олгодог болно. Одоо бол компаниудтай ойр байдаг болсон. Засгийн газраас хэдэн тэрбум төгрөгийг компаниудад өгч, комланиуд иргэдийг дарамталж, тэдний дээр гарсан байна. Уг нь компаниуд иргэдээс мөнгө авч тэдний ажлыг хийх ёстой юм. Үүнийг хуульчилж, тогтолцоог нь бий болговол маш амархан хууль. Ингэснээр Монголын гэр хорооллын том асуудал бүрэн шийдэгдэнэ. Гэр хороолол хүн бүрийн мөрөөдлийн амьдрал болно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт байна. Гэхдээ зөвхөн үүнийг шүтэж байна. Дахин төлөвлөлтийн цаана хэдэн өндөр байшин барихыг үндсэн ажлаа болгож, үүнд төр бүх баталгаа, мөнгө санхүүжилтээ өгөх гээд байна. Үүнд эзэн байхгүй учир эзэнгүй барилга олноор бий болж, компаниуд дампуурч байгаа юм. Гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа бол иргэдийг хөөн зайлуулж,  газрыг нь булааж авах замаар бус иргэд өөрсдөө төслийн эзэн болох ёстой юм. Төслийн,  газрын эзэн нь буруу болчихоод байна. Энэ чөтгөрийн тойрог руу битгий ор.

Сэтгүүлч Б.Номин