Ц.Цогзолмаа: 79-р сургуулийн удирдлагад Захиргааны арга хэмжээ авна
2018.06.20

Ц.Цогзолмаа: 79-р сургуулийн удирдлагад Захиргааны арга хэмжээ авна

Энэ сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарсан.

Хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвчинд цохиулан амиа алдсан бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлалт хүсч, эмгэнэл илэрхийлж байна. Хэрэг гарсан даруйд яамны зүгээс ажлын хэсэг томилж, нөхцөл байдалтай танилцсан. Хаалганы нэг босоо төмөр хүүхдийг цохиж, аминд нь хүрсэн байна лээ. Сургуулийн орчны бүрэн бүтэн байдлыг сургуулийн удирдлага шалгах ёстой. Бүрэн бүтэн бус байсан бол хүүхдийг тоглуулах ёсгүй. 79-р сургуулийн удирдлагад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Хүүгийн ар гэрээс уучлалт гуйх ёстой.

Цаашид сургуулийн орчны бүрэн бүтэн байдалд нэгдсэн үнэлгээ хийх цаг болсон. Тиймээс энэ хяналтыг хийж, бүрэн бус сургуулиудын жагсаалтыг гаргана” гэлээ.

Түүнчлэн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхийн үүрэг хариуцлага чухал байгааг онцоллоо. Хичээл амарсантай холбоотойгоор хүүхдүүдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ч мөн хэлсэн юм. Ингэж хэлж байгаа нь хүүгийн асуудалд хариуцлагаас зугтаж буй гэж ойлгож болохгүй бөгөөд эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгон хэлж байгаа гэдгээ ч хэлж байв.