Д.Мурат, Д.Гантулга нар өөрсдийнхөө төлөө санал өгсөн нь зөв үү
2018.06.11

Д.Мурат, Д.Гантулга нар өөрсдийнхөө төлөө санал өгсөн нь зөв үү

Улсын Ерөнхий прокуророос Д.Мурат, Д.Гантулга нарыг эгүүлэн татах саналыг УИХ-д хүргүүлсэн ч парламент дээр унасан билээ. Улмаар санал хураалтын үеэр Д.Мурат, Д.Гантулга нар өөрсдийнхөө төлөө санал өгсөн явдал ихээхэн шүүмжлэл дагуулж буй юм. Илтэд эрх ашгийн зөрчилтэй тохиолдолд УИХ-ын гишүүн өөрийнхөө төлөө санал өгөх нь хэр зохистой талаар нэр бүхий гишүүдээс тодрууллаа.

Д.ОЮУНХОРОЛ: УИХ-ЫН ГИШҮҮД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАНД ИЧИЖ БАЙНА

УИХ-ын гишүүд ийм шийдвэр гаргасанд ичиж байна. Одоо УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг хуралдаж, хориг тавиулах албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өгөх гэж байна. Маш ёс зүйгүй асуудал боллоо. Хүчингийн хэрэгт холбогдсон үгүй эсэхээ хууль хяналтын байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Хэрэв ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан юм бол УИХ хаацаалж авч үлдэх ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Мөн Сонирхлын зөрчлийн тухай хуулиар тухайн гишүүн өөрөө өөртөө санал өгөх эрхгүй.

Ц.ГАРАМЖАВ: Д.ГАНТУЛГЫН НҮДИЙГ НЬ УХЧИХ ГЭЭД, ДЭЭР ДООРГҮЙ  ДОРОМЖЛООД БАЙНА

УИХ өөрийнхөө дэг журмын дагуу л ажиллана. Хоёр гишүүний асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хураалт явуулсан. Явж явж хувь хүний амьдралын асуудал чухал. Заавал нэг хүн дээр улайраад байх хэрэггүй. Ялангуяа Д.Гантулгыг онцолж яриад байна. Тэгш хандах ёстой. Үндэслэлтэй нотлох баримт байгаа эсэхийг нь лавлах ёстой гэж харсан. Мэдээж хоёр гишүүн ёс зүйн хувьд асуудлаа шийдээд явах ёстой. Гишүүд өөрийнхөө үзэл бодлоор л саналаа өгсөн болов уу. Энэ асуудлыг намын талцал гэхээсээ илүү хүн ёсныхоо үүднээс, хууль зүйн үүднээс гишүүд асуудалд хандсан байх. Үнэхээр хүчингийн хэрэг үйлдсэн бол онцгүй хэрэг. Гол нь УИХ-ын гишүүнд санал өгөх эрхийг нь бид тулгаж болохгүй. Хувь хүн өөрийнхөө үзэл бодлоор л асуудалд хандсан байх. Хүнд шууд тулгаад, хэрэг хийгээгүй гээд байхад нь дайраад байгаа нь зохисгүй. Д.Гантулгыг нүдийг нь ухчих гээд, дээр дооргүй дорможлоод байна.

М.ОЮУНЧИМЭГ: БИ “ДЭМЖИХГҮЙ” САНАЛ ӨГӨӨД, ХАЖУУДАХ ХҮНДЭЭ ХАРУУЛСАН

Нэг л ярьсан бол ярьсандаа, зарчим бол зарчим байх ёстой. Анхнаасаа би Д.Мурат, Д.Гантулга нарыг түдгэлзүүлэх ёстой гэсэн санал өгсөн. Байр сууриа ч илэрхийлсэн. Тийм ч учраас асуудал үүсч магадгүй гэж бодоод “дэмжихгүй” гэсэн санал өгөөд, хажуудах гишүүндээ харуулсан. Би эмэгтэй гишүүд бүгд ийм санал өгсөн гэдэгт итгэлтэй байна. УИХ-аас гаргасан энэ шийдвэрт их ичиж байгаа. Чуулган руу ийм асуудал оруулж байгаа нь ч буруу. Өчнөөн чухал асуудал байгаа ш тээ. Бүлгээрээ нэгдсэн шийдвэр гаргаад л хэлэлцэхгүй ёстой байсан. Чуулган хэзээ шөнийн 23:00 цаг хүртэл хуралддаг болчихсон юм. Ер нь энэ гишүүд ийм эрх ашгийн зөрчилтэй асуудалд саналаа өгөөд байгаа нь буруу. Ганц энэ ч биш. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс саналаа шууд өгч байгаа нь буруу жишиг юм.

 Ц.НЯМДОРЖ: НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ АЛГА

УИХ-аас Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэрээ гаргачихлаа. Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “түдгэлзүүлнэ” гэсэн санал дээр 100 хувь нэгдсэн. Энэ санал дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулаад явсан. Биднийг ийм санал гаргасаар байтал УИХ дээр унагачихлаа. Одоо энэ асуудлаа УИХ-ыг удирдаж байгаа хүмүүсээс нь асуу. Дэд хороон дээр бид түдгэлзүүлэх ёстой гэсэн саналаа гаргасан нь үнэн. Одоо надад энэ асуудлаар хэлэх зүйл алга.

Н.ОЮУНДАРЬ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ЭНЭ АСУУДЛААР ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ

Ийм шившигтэй явдал Монгол улсын парламентын түүхэнд гарлаа. Ийм асуудал хэлэлцэхийн оронд бид өөр олон чухал асуудал хэлэлцэх боломж байсан. Нэгэнт ийм үйлдэл хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас эмэгтэй гишүүдийн зүгээс байр сууриа нэгтгэж, түдгэлзүүлэх асуудлыг хөндөж ирсэн. Гэвч УИХ-ын гишүүдийн олонх нь хүлээгээд авчихлаа. УИХ-ын гишүүн өөрийнхөө төлөө болон өөрт байгаа ашиг сонирхолтой асуудлаар санал өгөх нь ямар нэгэн хуульчлагдсан дүрэм байхгүй. Гагцхүү маш олон тохиолдолд ёс зүйтэй хандаж санал өгөхөөс татгалзсан тохиолдлууд олон бий. Би гэхэд өөрийнхөө дүүг Элчин сайдаар томилогдохоор яригдаж байхад нь санал хураалтад оролцохгүй гээд картаа аваад гарч байсан. Энэ бол тухайн хүний ёс зүйн илрэл юм болов уу гэж бодож байна. Эмэгтэй гишүүдийн зүгээс нэгдэж, эцсийг нь хүртэл тууштай тэмцэнэ.

 Ж.МЯДАГБАДАМ