А.Ундраа: УИХ-ын гишүүд Д.Гантулга, Д.Мурат нарт нэр төрөө цэвэрлэх боломж олгосонгүй
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдсан.
-Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаас хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэх шийдвэр гаргалаа. Ер нь яг ямар үйл явц болоод өнгөрчхөв өө?
-Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар УИХ-ын хоёр гишүүнийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцлээ. Учир нь прокуророос дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хэрэгт холбогдуулан шалгах хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Эхлээд намын бүлгүүд энэ талаар хэлэлцсэн. Бүлэг дээр гишүүн бүр өөрийнхөөрөө саналаа өгөхөөр тогтсон. Үүний дараа Халдашгүй байдлын Дэд хороо хуралдсан. Дэд хорооны таван гишүүн түдгэлзүүлэх нь зүйтэй гэж санал нийлсэн. Улмаар Хуульзүйн Байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж, харин саналыг нууцаар хураасан. Эндээс гарсан саналыг тоолоход 7:7 болж тэнцсэн. Саналын байдал ийнхүү ил болсны дараа эмэгтэй гишүүдийн зүгээс өөрсдийн байр суурийг маш тодорхой илэрхийлсэн.
Мэдээж шүүхээс гэм буруутайг нь тогтоотол хүнийг гэмт хэрэгтэн хэмээн нэрлэх ёсгүй. Гэвч ёсзүйн алдаа гаргасан нь хэнд ч ойлгомжтой. Ер нь УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан хариуцлагын асуудал, шударга ёс маш чухал асуудал. Эдгээр албан тушаалтан өндөр үүрэг, хариуцлага, эрх ямба эдэлж байгаа ба үүнтэйгээ дүйцсэн өндөр ёс зүйтэй байх учиртай. Дээр нь хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн байж болзошгүй, үүнд нь УИХ-ын гишүүн холбогдсон байх магадлалтай тохиолдолд эмэгтэй гишүүд бид хүний эрх, тэр дундаа охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалж, тэдний дуу хоолой болох ёстой гэсэн байр суурьтай байсан.
-Ta бүхэн яагаад хэвлэлийн хурал хийхэд хүрсэн юм бэ?
-Хуульзүйн Байнгын хорооны хуралдаанаас гарсан түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэрийг сонсоод бид хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.
-Уг нь та бүхэн Д.Гантулгыг гэм буруугүй гэдгээ тогтоолгоод нүүр бардам ард.түмнийхээ өмнө гарч ир гэж хүссэн биз дээ?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өнөөдөр Д.Гантулга гишүүний талаар маш олон сөрөг мэдээлэл сошиалаар явж иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Үнэхээр ийм хэрэг хийгээгүй бол үүнийгээ шалгуулаад нэр төрөө цэвэрлэ, нүүр бардам ард түмнийхээ өмнө гарч ир гэж л хүссэн. Гэтэл түүнд нэр төрөө цэвэрлэх боломжийг нь олгоогүйд харамсаж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн өмнө хэн ч байсан тэгш эрхтэй байдаг. Тэр утгаараа хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар эцэслэх нь зүйтэй гэж бодож байсан гэсэн үг. Ямартай ч гишүүд нэр бүхий хоёр хүнд нэр төрөө цэвэрлэх боломж олгосонгүй.
-Тэгэхээр зарим эмэгтэй гишүүн энэ асуудалд оролцох сонирхолгүй байжээ дээ?
-Хэвлэлийн хурлын дараа Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар санал хураах гэж байв. Санал хураалт нууцаар явагдаж байх яг тэр үед бид өөрсдийн байр суурийг илэрхийлж, Монголын ард иргэдийн, эмэгтэйчүүдийн хүлээлтийг сануулсан. Бид хэн нэгний мууг үзэх гэсэндээ бус, саяхан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан.
Гэвч хууль баталлаа гээд хүчирхийлэл амар устахгүй. Өнөөдөр хаалганы цаана хэчнээн хүн хүчирхийлэл дарамтад, нулимсаа барж байгааг бид мэдэхгүй гэдгийг эмэгтэй гишүүд хэлсэн. Хэвлэлийн бага хуралд бид их эмоцитой оролцсон байх. Учир нь энэ маш чухал шийдвэр. Нэг талаар бид зоригжиж байсан ч нөгөө талаар гаргаж буй шийдвэрүүдэд ихээр эмзэглэсэн. Төрийн байгуулалтын Байнгын хороонд л гэхэд нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Жендерийн асуудалд төрийн дээд түвшинд хүртэл яаж хандаж байгааг хараад эрчүүд энэ асуудлыг яагаад ч мэдэрч дангаараа шийдэж чадахгүй нь гэх бодол төрсөн.
-Та нарыг эрэгтэй гишүүд дэмжиж, үг хэлээгүй гэж үү?
-Бидний үг Байнгын хорооны хурлын протоколд ороогүй. Учир нь бид кнопгүйгээр ярьж байсан. Байнгын хорооны хурлын танхим жижиг танхимд байсан болохоор микрофонгүй байсан ч бүгдэд бидний яриа дуулдахаар байсан. Ингээд санал хураалтын дүн гарахад найман гишүүн түдгэлзүүлэх нь зүйтэй, тав нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж саналаа өгсөн.
Хүний эрхийн төлөө, охид эмэгтэйчүүдийг хамгаалж саналаа өгсөн тэр гишүүдэд би баярлаж байна. Байнгын хорооны гишүүдэд бидний байр суурь тодорхой түвшинд нөлөөлсөн, асуудалд нухацтайгаар хандсан гэж ойлгож байгаа. Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооноос түдгэлзүүлэх нь зүйтэй гэх саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.
-УИХ-ын чуулганаас гарсан шийдвэрийн дараа олон нийтийн хандлага нэлээд ширүүслээ. Цахим ертөнцөд “Ийм УИХ байх ёсгүй. Тарах хэрэгтэй” гэсэн бичвэрүүд олширч, олон хүн санал бодлоо бичсэн байна. Энэ талаар таны бодол?
-Хүн төрөлхтний бодож олсон засаглалын системүүдээс хамгийн дээд хувилбар нь ардчилал гэдэг. Түүн дотроо парламентын засаглал шилдэг нь ч гэдэг. Монгол Улсын хувьд парламентын засаглал хамгийн зөв хувилбар гэдэгт би бат итгэдэг. Хэдийгээр энэ нь төгс биш алдаа, дутагдал бий ч гэсэн Монгол Улс парламентын засаглалыг сонгож, хамтаараа асуудлаа шийдвэрлэх нь дээр. Өнөөгийн бидний маргаж буй энэ асуудлын тухайд 65-ын бүлэг, эсвэл АН-ын бүлэг гэж намаараа хуваагдахаас илүүтэй ёс зүйгүй үйлдлийг хамгаалсан шийдвэр гарсанд харамсаж байна.
-МАН хэт олонхын байр суурьдаа бярдаад ийм шийдвэр гаргачхав уу. Олон нийт их л итгэл хүлээлгэсэн дээ. Харин одоо МАН иргэдийн итгэлийг энэ мэт байдлаар алдсаар байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Яахын аргагүй олон нийтийн сонголт. Олон нийт итгэл хүлээлгэсний дүнд МАН олонх болж чадсан. Би тухайн үед намын судалгааны байгууллагыг удирдаж байсан. Тэр үед манайх болон судалгааны бусад байгууллагын тайлангаас харахад, МАН-ын рейтинг өндөр байсан. Харин АН-ын тухайд эдийн засгийн нөхцөл, санхүүгийн сахилга батгүй байдал, хэт замбараагүй, үрэлгэн хандлагаараа ард түмний дүнг авсан. Гэвч энэ нь бидний одоо ярих асуудал биш ээ. Өнөөдөр Монгол Улсын хүн амын талаас илүү нь эмэгтэйчүүд.
Сонгогчийн байр сууриас нь аваад үзвэл, эмэгтэйчүүдийн улстөрийн идэвх өндөр. 18-аас дээш насны, сонгуулийн насны хүмүүсийн 60 гаруй хувь нь бүсгүйчүүд. Нөгөөтээгүүр хүн амын дундаж наслалтаар Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн намын ялгаа хол зөрүүтэй байна. Эмэгтэй хүний дундаж наслалт 73 байхад эрчүүдийнх 62. Олон улсын дунджаар хүйсийн наслалтын зөрүү 3-4 нас байдаг бол манайх 10 гаруй жилийн ялгаатай.
Энэ нь нас ахих тусам хүйсийн харьцаа улам их зөрүүтэй байна гэсэн үг. Ингээд ахмад настнуудын сонгуулийн идэвх угаасаа сайн гэдгийг тооцвол эмэгтэй сонгогчдын эзлэх хувийн жин маш өндөр байна. Энэ олон эмэгтэйчүүд, бидэнтэй адил зүрх сэтгэлтэй эмэгтэй сонгогчдын итгэл алдарч, урам хугарсан байх. Бид хүчирхийллийн золиос болсон хэр нь дуугарч чадахгүй, дуугарахаас айж байгаа хүмүүсийн дуу хоолой болох ёстой гэж бодож байна.
-УИХ-ын чуулганаас хэдий гутамшигтай ч ийм шийдвэр нэгэнт гарчихлаа. Харин эмэгтэй гишүүд, ялангуяа та таван гишүүн энэ асуудлыг орхихгүй гэж ойлгож болох уу?
-Тууштай явах болно. Хурлаас ийм шийдвэр гарна гэж бодоогүй учраас бидний хэн хэн нь цочирдсон. Нуулгүй хэлэхэд, цаад хохирогч гэгдээд байгаа эмэгтэйгийн буруу байж мэднэ гэсэн байр суурьтай хүмүүс байсан. Гэвч бүх хүн тэгш эрхтэй. Хохирогч өөрөө буруу явдалтай, эсвэл бүтэлгүй нэгэн учраас хүчирхийлж болно гэсэн ойлголт байх ёсгүй. Хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрхийг ч, хамгийн сул доройгийн эрхийг ч хамгаалах нь хүний эрхийн суурь зарчим. Чуулганы энэ шийдвэр, хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж байгаа ийм хандлагыг олон нийт эсэргүүцэж дургүйцэж байгаа нь дамжиггүй.
-УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй, авч үлдэх сонирхолтой хүмүүсийн тоонд Ерөнхий сайд багтаж байна гэх болсон. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?
-Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүний зүгээс Д.Гантулгыг хамгаалж, авч үлдье гэсэн шалтгаан нь надад их хачирхалтай санагдсан. Хамгийн наад зах нь, залуу хүн гэж байна. Мөн шүүхээр гэм буруутайг нь тогтоогүй учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй ч гэж байна. Гэвч тухайн хүн залуу байна уу, ахмад байна уу хамаагүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ёс зүйн алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага яригдах л учиртай. Үүнийг олон нийт хүлээж байна. Бид хэдий өндөр албан тушаалтай байна төдий чинээ өндөр стандарт, хэм хэмжээнд захирагдаж ажиллах ёстой.
-УИХ-ын гишүүнд насны хязгаар тогтоох тухай яриа гарсан. Гэхдээ шууд ийм өөрчлөлт хийх боломж байгаа юу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд энэ тухай тусгагдсан. Гэхдээ миний бодлоор алдаа гаргахад хүний нас хамаагүй байх. Д.Гантулгын хувьд хамгийн залуу гишүүн. Энэ хувиараа залууст зорилго, итгэл үнэмшил өгсөн байх тал бий. Гэвч энэ гишүүн залуусыг төлөөлж, энэ нь эмэгтэйчүүдийн өмнөөс дуугарч, энэ нь малчдын дундаас гарсан гэж хувааж болохгүй. Олон нийт нийгмийн элдэв бүлэгт хуваагдаж саналаа өгөөгүй. Залуу хүн гээд зөвхөн залуусын саналыг аваад зогсохгүй ахмадууд ч, бүсгүйчүүд ч дэмжиж түүнд саналаа өгсөн.
-Өмнөх парламентад байсан эмэгтэй гишүүд их идэвхтэй байсан. Тэд одооны эмэгтэй гишүүдээс сайн ажилладаг байсан гэх мэт харьцуулалт гардаг?
-Яг энэ тохиолдолд буруу ойлголттой гэхээсээ дутуу мэдээлэлтэй байна гэж бодогддог. Та нар одоо гэнэтхэн яагаад дуугараад эхлэв, өмнө нь юу хийж байсан юм бэ гэсэн асуулт надад ч ирсэн. Гэвч өөрөөрөө жишээлэхэд, өмнө нь мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байр сууриа олон удаа илэрхийлсэн. Бусад гишүүн ч адил. Бид хийж буй бүхнээ маш олон хүнд хүргэх гэж дуулиан болгосонгүй. Мөн хийж буй ажлаа олон талаар тайлагнаж, байн байн хүмүүсийн өмнө гарч ирээгүй байж мэднэ. Сенсаацлах маягаар асуудалд хандахгүй байх зарчим барьж ажилладаг.
Тиймээс биднийг дуугараагүй, юу ч хийгээгүй гэвэл ташаа ойлголт. Харин олон хүнд мэдээллээ хүргэж чадаагүй гэвэл тэр үнэн. Нийгмийн хандлагыг харахад, цөөхөн эмэгтэй гишүүндээ арай хатуурхаад байна уу даа гэж бодогддог. Тухайлбал, өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн маань нэг зургийг сошиал сүлжээнд маш муухай доромжилж, элдэвлэсэн байсан. Тэдний хувцаслалт, сууж буй байдал, нүүр төрх гээд бүгдийг нь өөлж, хямдхан даашинз өмссөн байна, үсээ боосон нь таалагдсангүй гэх мэтээр сэтгэгдэл бичсэн байсныг хараад эмзэглэж байлаа.
Одоогийн УИХ дахь эмэгтэй гишүүдийг ч гоочлох хүн цөөнгүй. Эмэгтэй гишүүдийн өмссөн хувцас, нас, царай төрхийг ингэж доромжилж буй хүмүүс өөрсдөөсөө нэг асуух ёстой болов уу.Хүний өмссөн хувцас үнэ чухал уу. Эсвэл аливаа асуудалд хэрхэн хандаж байгаа нь, ажлаа хэр сайн хийж байгаа агуулга мөн чанар нь чухал уу. Харин ч удирдагч манлайлагчид хэчнээн зөв байна, тэр хэрээрээ энгийн байдаг. Түүхэнд үлдсэн их удирдагч нарын энгийн байдлыг бид өнөөдөр ч бахдан ярьцгаадаг.
-Манай улс жендерийн тэгш эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн анхны орнуудын нэг. Бид өнгөн Дээрээ энэ тэгш эрхийг хамгаалаад байгаа юм шиг хэдий ч маш олон эмэгтэй гэртээ, гудамж талбайд, ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, доромжлолыг амссаар байна. Тэгэхээр бидэнд хангалттай сайн хуулийн орчин алга уу, эсвэл хандлагын гажуудал байна уу?
-Харьцангуйгаар, зарим тодорхой үзүүлэлтээр манай улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал хангагдсан. Жишээлбэл, Саудын Арабын эмэгтэйчүүд дөнгөж саяхан машин жолоодох эрхтэй болсныг дэлхий даяар мэдээллээ. Гэтэл Монголд бид энэ талаар боддог ч үгүй эр, эмгүй машинаа бариад явдаг. Эмэгтэй хүн саяхнаас л банкны данс эзэмших эрхтэй болж байгаа улс орнууд бий. Тэгээд энэ нь мэдээ болж байх жишээний. Монгол эмэгтэйчүүдийг банканд данс нээх эрхийг хориглосон байх тухай төсөөлөгдөх ч үгүй байгаа биз. Өмчийн эрх, ажиллаж хөдөлмөрлөх эрх, боловсрох эрх гээд олон талаараа тэгш.
Тэр ч байтугай монголчуудын бид ихэнхдээ охин хүүхдийнхээ боловсрол, нийгмийн байдалд илүүтэй анхаарч, дэмждэг. Гэвч зарим талаараа байдал сайжраагүй бүр яагаа ч үгүй байна гэдгийг өчигдрийн шийдвэр харуулж байна. Монголд ажлын байрны бэлгийн дарамтыг бараг л байх ёстой зүйл шиг хүлээн авдаг тал бий. Ажлын байрандаа дарга, удирдлагынхаа зүгээс ирсэн бэлгийн дарамтыг нийтэд ил гаргасан эмэгтэйчүүдийг өмгөөлөхийн оронд харин ч буруутгах хандлагатай.
Үүнээс болоод дуугүй, тэвчих байдал үүсдэг. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсаны дараа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад би илтгэл тавьсан. Энэ хууль батлагдсанаар гэр бүл дэх хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал зохиц гээд орхихгүй, бусад гэмт хэргийн адил авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл, 2016 оноос л гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй бие махбод, сэтгэл санааны асар их дарамт, хохирлыг гэмт хэрэг гэж үзэж зохих шийтгэлийг оноодог болсон гэхээр энэ талын хууль эрхзүйн хувьд хоцрогдож яваагийн нэгэн илэрхийлэл юм.
-Гэхдээ хуультай болсон ч хэрэгжиж буй байдлаар нь энэ зохицуулалтын үнэ цэнг тодорхойлох байх?
-Яг энэ асуудлаар би цагдаагийн байгууллага дээр очиж, ажилласан. Хууль батлагдсанаас хойш хэрэгжилттэй холбоотой ямар асуудлууд гарч байна вэ гэдгийг судлахад бид хэт хөнгөн байсан шийтгэлийг гэнэт хүнд хэлбэр рүү оруулсан гэдэг нь тодорхой болсон. Одоогийн хуулиар буруутай этгээдийг шууд баривчилж, хорьдог болсон. Эвлэрэх боломж үлдээх, шат дараатай аргуудыг хослуулах зэрэг авч үзэх асуудал байна.
Тухайлбал, сэтгэлзүйн асар хүнд дарамтаас болж гутралд орсон хүн хүчирхийлэл үйлдсэн байж болно. Өөрөөр хэлбэл, буруутан этгээд нь гэмт хэрэгтэн мөн байж болох ч нөгөө талдаа сэтгэл зүйн гүн хямралд орсон өвчтөн байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд хорих шийтгэх гэхээсээ сэтгэл заслын эмчилгээ хэрэгтэй байх үе байна. Дээр дурдсан ажлын байрны бэлгийн дарамт ч бас заавал анхаарах асуудал.
Одоо дэлхий даяар МеТоо хөдөлгөөн өрнөж байна. Энэ нь Холливудаас эхтэй. Алдарт кино найруулагч Харви Уайнштэйн карьерынхаа туршид гол дүрийн эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт учруулж, хүчирхийлж байсан нь илэрсэн. Гэтэл ганц тохиолдол шуугиан тариад эхэлмэгц өөр олон эмэгтэй жүжигчин “Намайг ч бас гутаан доромжилсон” гээд гарч ирсэн. (МеТоо = Би ч гэсэн) үг. Гэр бүлийн хүрээнд, ажлын байранд, өөр бусад газруудад бусдад бэлгийн дарамт учруулж, гутаан доромжилж, хүчирхийлдэг байдлыг бид зоригтойгоор таслан зогсоох цаг болсныг баасан гарагийн үйл явдал харуулж байна.
-Эмэгтэй гишүүд Д.Гантулгын хохирогч гэгдэх эмэгтэйтэй уулзаж үзсэн үү?
-Ер нь бол хууль, шүүхийн байгууллага хийх ажлаа бусдын нөлөөгүйгээр хийж, гүйцэтгэх ёстой. Бид бол шүүгч биш. Би бол Монголын шүүхэд итгэж байна. Зөв зүйтэй, шударга, хуулийн дагуух шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа. УИХ-ын шийдвэр бол шүүхийн шийдвэр биш. Энэ бол улстөрийн ёсзүйн шийдвэр.
-За одоо таны үндсэн ажлын талаар хөөрөлдье. Та УИХ дахь Хариуцлагатай уул уурхайн төлөөх лобби бүлгийг удирдаж байгаа. Энэ хүрээнд хийж буй ажлуудаасаа уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Соёлын өв хамгаалах ажлын хэсгийн бүрэлдэхүүн саяхан Дорноговь аймагт ажиллаад ирлээ. Энэ аймгийн Мандах суманд 120 сая жилийн настай чулуужсан ой бий. Гэтэл эндээс чулуужсан моддыг түүж, хил дамнуулан наймаалаад дуусгаж байгаа юм байна.
Тиймээс байдлыг бодитоор нь харж, дүгнэх, хамгаалах ямар боломж бий гэдгийг эрэлхийлэхээр зорьсон. Энэ ойг хамгаалахаас гадна дотоод, гадаадын аялал жуулчлалын зорьж очих газар, шинжлэх ухаан талаасаа судлагдахуун болгох талд нь анхаарах, хамгаалах хэрэгтэй байна. Чулуужсан модыг хууль бусаар гаргаж буй гэх замыг даган Хатанбулаг суман дахь Ханги боомтод очсон. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарна.
-Хангийн боомтоор гарч буй нүүрс тээврийн нөхцөл байдал хэр түвшинд байгаа бол?
-Боомтоор гарч буй нүүрсний хэмжээ нэмэгдэж байна. Гэхдээ нүүрс тээвэр цаг ямагт тоосжилт, бохирдол, хог хаягдал, аюулгүй ажиллагааны горим алдагдах гээд асуудлуудыг дагуулж байдаг. Бид яагаад орон нутагтаа эзний ёсоор хандахгүй байгаа юм бэ гэх асуулт өөрийн эрхгүй бодогдож байлаа. Бодит байдал дээр очиж үзэхэд, тээврийн жолооч нарын тарьсан хог талаар нэг хийсэж, бэлчээр орчныг ихээр бохирдуулж боомтын ойролцоо маш бохирдсон байлаа.
Тоосжилт, усны асуудлаас болж малын бэлчээргүй боллоо гэсэн малчид таарлаа. Хоёр ч ТББ малын бэлчээр, тэр дундаа усны асуудлыг анхаарах цаг болсныг сануулсан. Говь нутагт худаг эрхэм. 500 малтай айл нэг худаг дээр өглөө очиход дорхноо ус нь шавхраад дуусчихдаг, үдээс хойш хүртэл хүлээж усны төвшин жаахан нэмэгдэхээр малаа гүйцээж усалдаг. Ингэсээр бүтэн өдрийн ажил болдог. Бүр худгийнхаа усыг хамгаалахын тулд дээр нь жижиг пин босгоод, түгжчихдэг. Заримдаа усаа хамгаалж худгийнхаа дэргэд хонодог гэж байна.
Учир нь тээврийн машин нэмэгдсэнээр ингэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Мэдээж жолооч нар ч ус уух хэрэгтэй. Гэтэл тэд маань зүгээр ховоодож ууна гэж байхгүй. Хүчтэй техник авчраад бүх усыг нь соруулаад авчихдаг. Ингээд малчид, уурхайчдын хооронд усны төлөөх өрсөлдөөн, маргаан зөрчил гардаг болсон.
Африкт усны эрхийн төлөөх мөргөлдөөн, зэвсэгт тэмцэл гардаг гэдгийг бид мэдээнээс хардаг. Гэтэл энэ аюулын харанга Монголын говьд ирсэн байна. Уул уурхайн салбар 95 жилийн ойгоо тэмдэглэсэн ч ялангуяа нүүрсний олборлолт экспорт эрчимтэй нэмэгдсэнийг 2010 оноос эхэлсэн гэж болно. 10-аадхан жилийн хөгжил даахгүй байгаа усны нөөц маань цаашид яах вэ, Хумигдаж хатаж байгаа бэлчээр яах вэ. Улсын төсвийг бүрдүүлж нийгмийн халамж, цалин, сургууль эмнэлгийн зардлаа босгодор уул уурхайн салбараа тэлэх үү хумих уу. Усны нөөцийн асуудлаар Хариуцлагатай уул уурхайн лобби бүлэг олон талыг хамруулсан зөвлөгөөн хийх хэрэгтэй гэж үзсэн.
-Ярилцсанд баярлалаа.