Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулах асуудалд улстөржилгүй, тооцоо судалгаатай хандах ёстой
2018.06.08

Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулах асуудалд улстөржилгүй, тооцоо судалгаатай хандах ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын талаар байр сууриа тодорхой болгох шаардлагатай гэдгийг Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлж байсан. Үүнээс хойш Засгийн газрын төвшинд сөхөгдөх боллоо. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

'-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдаад 18 жил болж байна. Монгол Улс 14 жил ажиглагчийн байр суурьтай байлаа. Үүнээс хойш ШХАБ-ын үйл ажиллагаа шинэ шатанд гарч, өөр өнгө төрхтэй болж байна. Энэ байгууллага өөрийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, улс төр, цэргийн эвсэл биш гэдгээ олон улсад зарласан. Түүний дараа Энэтхэг, Пакистан Улс гишүүнээр элссэн байна. Энэ бүхэн ШХАБ-ын хөгжлийн өнгө төрхийг өөрөөр тодорхойлж байгаа юм. Үүнийг дагаад бүс нутгийн интеграцад идэвхтэй оролцож, хөгжлийн байгууллага болж төлөвших хандлага ажиглагдаж байна. Манай улсын хувьд ч өмнө нь гишүүнээр элсэхгүй байсан эмзэглэл, хүлээлт, болгоомжлол илааршиж байгаа.

Тиймээс Монгол Улс ШХАБ-т элсэх талаар судалгаагаа эхлүүлэх, элсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын төвшинд хэлэлцэх цаг нь болсон гэж үзэж энэ талаар Засгийн газрын мэдээллийг сонссон. ШХАБ-д элссэнээр бүс нутагт хэрэгжиж байгаа худалдаа эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрт оролцох, бүс нутаг дахь улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, итгэлцлээ бэхжүүлэхэд томоохон алхам болно гэж харж байгаа. Тиймээс ШХАБ-д элсэх эсэх асуудлыг нухацтай судалж үзэх ёстой. 

-Нөгөө талаасаа сөрөг үр дагаврууд үүсэх вий гэсэн болгоомжлол байсаар байна л даа?

-Эдийн засаг, худалдаа талаасаа манай улсад ашигтай. Гэхдээ аюулгүй байдал талаасаа буюу гуравдагч хөрштэй харилцах харьцаанд ямар нөлөөлөл үүсэх вэ гэдгийг сайн судалж, шийдэл гаргах ёстой. Өмнө нь ШХАБ ОХУ, Хятад төвтэй барууны орнуудын эсрэг цэрэг улс төрийн блок байдалтай ажиглагддаг байсан. Ингэж ч олон улсын судлаачид дүгнэдэг байв.

Харин сүүлийн үед цэргийн эвсэл биш гэдэг нь ойлгомжтой болж байна. Нэгдүгээрт, бичиг баримтдаа зарлачихсан. Хоёрдугаарт, нэг цэргийн эвсэлд нэгдэхээргүй улс орнууд гишүүн болж байна. Жишээ нь, Энэтхэг, Пакистан гэхэд нэг цэргийн эвсэлд орохооргүй, хоорондоо зөрчилтэй, ОХУ, Хятад нэг цэргийн эвсэлд орохооргүй, орж ч байгаагүй орнууд юм. Ийм орнууд гишүүнээр элсэж байгаа нь цаашдаа цэргийн эвсэл, блок болох, үүнээс айх болгоомжлолыг илааршуулж байна. Гэхдээ бусад орнуудтай харилцах харилцаанд яаж нөлөөлөх вэ гэдгийг судлах хэрэгтэй. 

-Гуравдагч хөршийн харилцаа хумигдах юм биш үү?

-Дэлхийн хөгжил Ази тив рүү чиглэж байна. Тэр тусмаа Энэтхэг, Хятад Улс ойрын жилүүдэд хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж байна. Нөгөө талдаа манай улс хоёр хөрш, тэр дундаа Ази тивийн интеграцад хамаарах ёстой. Биднийг тойроод төмөр зам, хийн хоолой гэх мэт бүс нутгийн томоохон интеграц явж байна.

Тиймээс Монгол Улсаар дайран өнгөрөх “Бүс ба зам” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох, Эдийн засгийн коридороо уялдуулах шаардлага бидэнд бий. Үүгээр дамжуулан манай улсад худалдаа эдийн засгийн боломжууд нээгдэнэ гэж харж байгаа. Гэхдээ энэ үйл явц дөнгөж л эхэлж байна. ШХАБ-д элсэх эсэх шийдвэрийг УИХ-аас гаргана. Үндсэн хуулийн дагуу гадаад бодлогыг төлөөлдөг нь Ерөнхийлөгч, гадаад бодлогыг тодорхойлж, шийдвэрлэдэг нь УИХ, хэрэгжүүлдэг нь Засгийн газар юм. Засгийн газрын холбогдох байгууллага саналаа боловсруулж байна. Үүнийг олон талаас нь хэлэлцэнэ. 

-МАН-ын намын бүлгийн хуралдаан болон УИХ-аар ШХАБ-д элсэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэж чадсан уу? 

-Зөвхөн энэ асуудлыг бус, гадаад харилцааны болон ойрын үед хийх айлчлалын асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, УИХ-ын дарга ОХУ-д айлчилж байна. Удахгүй Ерөнхийлөгч Хятад Улс руу айлчлах гэж байгаа. Түүний дараа Ерөнхий сайд АНУ, БНСУ, Хятад Улсад айлчилна. Энэ мэтчилэн гаднын орнуудын төрийн өндөрлөгүүдийн гадаад харилцааны талаар мэдээлэл сонссон.

Түүнчлэн манайхаас Евро-Азийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээр санал тавьж байгаа. Евроазийн орнууд буюу хуучны "СНГ"-ийн орнуудын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийж, Орос Монголын хоорондох тарифын маш өндөр хориг саадыг багасгах, бизнес эрхлэгчиддээ Оросын зах зээл, цаашлаад "СНГ"-ийн орнуудын зах зээлийг нээх шаардлага бий. Энэ чиглэлээр мэдээлэл сонссон. 

-“Тавантолгой” төслийг эрчимжүүлэхээр үе үеийн Засгийн газар тогтоол, шийдвэр гаргаж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Энэ удаад Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд “IPO” гаргах хувилбарыг танилцуулж байна. Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-“Тавантолгой” төсөлтэй холбоотой Засгийн газар, УИХ-ын 100 орчим тогтоол шийдвэр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гарсан юм билээ. Харин энэ удаагийн Засгийн газраас “Таван толгой” төслийг эрчимжүүлж, орд газрыг цогцоор нь хөгжүүлэх саналыг танилцуулсан. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн, олон улсын хөрөнгийн зах зээлээс 30 хүртэлх хувьд “IPO” гаргаж, хөрөнгө босгоё гэж байгаа юм байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй хувьцаат компани болгоно.

Хэдийгээр 2012 онд бид тус компанийн 1072 хувьцааг иргэдэд өгсөн ч албажуулаагүй. Цаасан дээр бичигдсэн ч хувьцаа эзэмшигч гэдгээ албажуулж, хөрөнгийн бирж дээр бүртгэлжүүлэх, компанийг нээлттэй болгох үйл ажиллагааг хийгээгүй байсан.

Одоо энэ компанийн 30 хүртэлх хувийг хөрөнгийн бирж дээр гаргаж, компанийн засаглалыг сайжруулъя, эндээс гарах хөрөнгөөр төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц болон бусад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж, хүчин чадлаа нэмэгдүүлье гэдэг саналыг Засгийн газар оруулж ирсэн. МАН-ын бүлэг зарчмын хувь энэ саналыг дэмжсэн байгаа. Засгийн газар үүнийгээ албажуулж, албан ёсоор өргөн барих ёстой. Үүний дараа асуудлыг хэлэлцэнэ. 

-Ер нь энэ ордын үнэлгээг хэрхэн хийсэн байдаг юм бол?

-Ордын үнэлгээг 1999 онд “BHP” компани хийсэн байдаг. Мөн “Норвест” компани 2011 онд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр 6.5 тэрбум тоннын нөөцтэй гэж тогтоон, 5.7 тэрбум ам.доллароор үнэлсэн байдаг. Үүгээр тооцвол 30 хувьд 1.5 тэрбум төгрөг босох магадлалтай. Гэхдээ нүүсний үнэ, бусад гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан үнэлгээ яаж гарахыг мэдэхгүй. 

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Үүнийг МАН-ын бүлэг хүч түрэн унагалаа хэмээн шүүмжилж байна. Мөн МАН-ын бүлэг амлалтаасаа буцлаа гэдэг шүүмжлэл ч байна?

-Монголын ард түмний хамгийн их хүсэн хүлээж байгаа зүйл нь зээлийн хүүг бууруулах юм. АН, МАН, нам бус байна уу, малчин, багш, эмч хэнээс ч асуусан зээлийг хүүг бууруулъя гэж дуу нэгтэйгээр хэлнэ. Бид ч ийм саналтай байгаа. С.Эрдэнэ гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл унасан хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, хуулийн боловсруулалт маш муу. Нэгхэн хуудас хуулийн төсөл байгаа. Зээлийн олголтонд дээд хязгаарыг тогтоочихсон байсан.

Тухайлбал, арилжааны зээлийн дээд хязгаар нь жилийн 24 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэлх жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүгийн дээд хязгаар 18 хувь байна гэх мэтээр заасан байна лээ. Мөн тогтоосон хүүнээс илүү хүү тооцсон бол мөнгө хүүлэлт гэж үзэн хариуцлага тооцно гэж заасан ийм л хуулийн төсөл.

Уг нь Монголбанкнаас гаргасан статистикаар Монгол Улсын зээлийн дундаж хүү 18.8 хувь байна. Ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хүү жилийн 30, зарим үед 40 хувьд хүрч байна. Гэтэл уг хуулийн төсөлд эдгээрийг бүрэн хамруулаагүй. Жишээ нь, зарим хувь хүн өдрийн зээл гаргаж, жилд 40-50 хувийн хүүтэй зээл олгож байна. Эдгээрийг хамруулаагүй, хамрах хүрээ нь явцуу, боловсруулалт нь дутуу байгаа учир эргэж харах шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг Г.Занданшатар нарын гишүүд өргөн барьж, намрын чуулганаар нэлээд тухтай хэлэлцсэн. Ингээд УИХ зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах боломжгүй юм байна. Захиргааны аргыг эдийн засгийн аргатай хослуулан хэрэглэснээр үр дүнд хүрнэ. Тиймээс мэргэжлийн байгууллага нь болох Монголбанк захиргааны болон эдийн засгийн арга хэмжээг цогцоор нь оруулж ир гэдэг даалгаврыг өгсөн. Монголбанк хуулийн төслийн боловсруулалтаа хийж, энэ сарын дундуур өргөн барих гэж байна.

Ер нь Г.Занданшатар нарын хуулийн төслийг нэгдүгээр сард хэлэлцэж байхад АН-ын бүлэг зээлийн хүүг захиргааны аргаар тогтоох нь буруу гэж хэвлэлийн бага хурал хийж байсан юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн сарын өмнө эсэргүүцэж байсан хүмүүс гэнэт ард түмэндээ хайр зарлаж, зээлийн хүүг бууруулна гэж байна. Мэргэжлийн байгууллага нь төслөө өргөн барихаас өмнө сандарч өргөн барив. Үүнийг сөрөг хүчний олон түмэнд таалагдаж оноо авах гэсэн ойрын зайн тоглолт гэж харж байгаа. 

-Захиргааны аргыг эдийн засгийн аргатай хослуулна гэдгийг арай илүү тодруулахгүй юу?

-Зээлийн хүү гэдэг өнөөдөр буулгая гээд буулгачихдаг зүйл биш юм. Үүний цаана нь зээлийн хүү буурах нөхцөлүүдийг хангах ёстой. Тухайлбал, инфляци доогуур төвшинд барьж, валютын ихээхэн нөөцтэй байх, эдийн засгийн тогтвортой байдал, зээлийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хадгаламжийн хүүг бууруулах зэрэг эдийн засгийн нөхцөлүүдийг хангасан байх хэрэгтэй.

Мөн захиргаа талаасаа буулгах шахалтууд байх ёстой. Одоогоос хоёр жилийн өмнө Монголбанкны зээлийн жигнэсэн дундаж хүү 22 хувь байсан. Өнөөдөр 18.8 хувь байна. Үүнээс харахад дөрвөн пунктээр буурсан байгаа ч иргэдэд очиж байгаа зээлийн хүү 20 гаруй хувь байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулах асуудалд улстөржилгүйгээр тооцоо судалгаатай шийдэх хэрэгтэй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог, мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай 76 орон дэлхийд байна. Зарим нь хэрэглээний зээлийн хүүд дээд хязгаарыг тогтоодог. Зарим нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгодог зээл зэрэг зорилтот зээлэнд хүүгийн дээд хязгаар тавьж байна. Манай улсын хувьд хэрэглээний зээлд дээд хязгаар тогтоож болох юм.

Жишээ нь, тэтгэвэр, цалингийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг 12 хувь байна гэж болно. Учир нь эдгээр зээл төрөөс олгодог учраас эрсдэлгүй зээл юм. Гэтэл манай улсад тэтгэврийн зээл 20 гаруй хувь байснаа 18 хувь болж буурсан. Одоо шинээр зээл авч байгаа бол 12 хувиар олгож байна. Гэтэл цалингийн зээл 20 гаруй хувьтай хэвээрээ байна. Тиймээс хэрэглээний зээлийн хүүг 12 хувьд хүргэх нь зүйтэй. Харин ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүс, хадгаламж зээлийн хоршоонд мөнгө хүүлж байгаа газруудад хориглох заалтыг оруулж өгөх хэрэгтэй. 

-Сүүлийн үед МАН нэгдэж чадахгүй, дотроо зөрчилдөөнтэй байна гэдэг асуудал сөхөгдөж байна. УИХ дахь намын бүлэг нь ч нэгдсэн байр суурьтай байж чадахгүй, нийслэлийн МАН-ын даргын асуудлаар нам дотроо зөрчилдөж байна гэдэг шүүмжлэл гарах боллоо. Үнэхээр ийм зөрчилдөөн байгаа юм уу?

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотроо хуваагдаж хагарсан зүйл байхгүй. Аливаа асуудалд 65-уулаа нэг дуугаар гар өргөхгүй. Хувь гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэх нь нээлттэй. Тиймээс өөрийн тойрог, салбартай холбоотойгоор байр суурь зөрөх тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Ардчилсан парламентад байдаг л зүйл. Харин бүлгээс албан ёсны шийдвэр гарсан бол бид нэгдсэн байр суурьтай байгаа.

Ер нь гишүүн бүрийн үйлдлийг намтай холбож болохгүй. Хувь гишүүн учир өөрийн болон улс төрийн байр сууриа илэрхийлэх нь нээлттэй. Тэр бүрийг намын хагарал бутрал гэж харж болохгүй. Гишүүд гэдэг нэг талаасаа намаа төлөөлж ажиллаж байгаа улстөрч, нөгөө талаасаа сонгогчдын саналыг авсан, тэднийг төрд төлөөлөх төрийн түшээ юм. Энэ хоёрын уулзвар дээр манай гишүүд шийдвэрээ гаргаж байна. Ер нь бид маш амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Үүний үр дүнд Монгол Улс дампуурлаа зарлах ирмэгээс буцаж байна. Энэ хугацаанд бодлогын олон зөрүүтэй тулгарч байна. Тухайлбал, өнгөрсөн жил арилжааны банкууд зээл олгохоо больсон байсан. Арилжааны банкууд иргэдээс 11-12 хувийн хүүтэй хадгаламж татаж, 16-18 хувийн хүүтэй Засгийн газрын бонд аваад суучихдаг.

Учир нь арилжааны банкинд алдагдал, эрсдэл үүсгэхгүй. Үүнээс зээлийн нийлүүлэлт дутагдан, зээлийн өртөг өсч, үүнийгээ дагаад бизнес эрхлэгчдэд зээл олдохоо байсан. Энэ бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар үнэт цаас гаргахаа болгосноор бүрэн зогсоож байгаа. Үүнийг дагаад арилжааны банкууд зээлийн хүүгээ буулгаж, бизнес эрхлэгчдэд зээл өгдөг болж байна. Мөн мөнгө санхүүгийн томоохон байгууллага болох Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагуудыг улс төрөөс хараат бус болгосон.

Ингэснээр тэнд шийдэгддэг мөнгө санхүүгийн бодлого дахь улс төрийн оролцоог багасгаж байна. Хоёрдугаарт, амаргүй нөхцөлд олон улсын болон гадаад дотоодын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Жишээ нь, 2012 онд манай улс зээлийн хүүнд жилд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт өгч байгаа. Хэрэв өнгөрсөн дөрвөн жилд ийм өндөр хүүтэй зээл аваагүй бол энэ мөнгөөр эмч, багш нарынхаа цалинг нэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувьд олгож болох байсан. Харамсалтай нь тэдэнд олгох мөнгийг бид зээлийн хүүгийн төлбөрт өгч байна.

Бид энэ хаврын чуулганаар татварын хуулийг хэлэлцэнэ. Энэ хууль аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй хууль болно. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжинэ. Арилжааны банк болон банк санхүүгийн системтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа. Мөн Улсын бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг баталснаар бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэг болох болов уу. Мэдээж унасан эдийн засгийг сэргээж, тогтворжуулна гэдэг амаргүй. Үүнийг хийхэд улс төр, эдийн засгийн хүчин зүйлтэй тулж байна. Хувь хүн, компани, эдгээрийн бүлэглэлтэй ч тулгарч байна. Эдгээрийн давахын тулд заримдаа хатуу, ширүүн гэхээр шийдвэрийг гаргаж байгаа. Эцсийн үр дүнд нь Монгол Улс нэг алхам урагшилж байгаа.