Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.06) хуралдаан 13 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн юм.
Иймээс тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахална
Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна. Хууль тогтоомжийн эдгээр заалт болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөл нь нийт
Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Содбилэг ахлав.
Харин Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд таван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.