Холч ухаантай, чин сэтгэлтэй 76 эмэгтэйг УИХ-д гаргая
2018.06.09

Холч ухаантай, чин сэтгэлтэй 76 эмэгтэйг УИХ-д гаргая

Монголын төрд алсын хараа, холч ухаантай эрчүүд байх нь зөв гэж хэзээнээсээ л монголчууд ярьсаар ирсэн. Гэхдээ энэ үг одоогийн 76-д лав зохихгүй бололтой. Тэдэнд ирээдүйг харсан алсын хараа, зөв шийдвэр гаргах мэргэн ухаан огт алга гэдэг нь өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрээр нь нотлогдов.

Хүчин, хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа Д.Гантулга, Д.Мурат гэсэн хоёр гишүүний асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган гээд шат дараалалтай хэлэлцсэн дүр үзүүлж, эцэст нь тэднийг “зөвтгөн” толгойг нь илэв.

Уг нь бол тэдний гаргасан алдаа төрийн түшээдэд байх ёс зүй, гаргах алдаа биш шүү дээ. Ийм хэрэг хийх нь битгий хэл, ийм төрлийн хэрэгт нэр холбогдсоных нь төлөө хариуцлага тооцох учиртай. Гадаадын бусад улсын төрийн түшээдийн өндөр соёл, хариуцлагаа ухамсарладаг байдал манайд өчүүхэн ч алга. Тэр бүү хэл, Д.Гантулга, Д. Мурат нар хээв нэг өөрсдийгөө хаацайлсан үг хэлж, өршөөл эрэн суух нь үнэхээр хөөрхийлөлтэй санагдсан.

“Хүчирхийлэгч-дийг эсэргүүцсэн Д.Оюунхорол, А.Ундраа, Ц.Цогзолмаа, М.Билэгт, Н.Оюундарь тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг хүссэн боловч эмэгтэй гишүүдийг нүдэнд орсон хог мэт үзэж, тэдний хүсэлтийг тоож авч хэлэлцсэнгүй. Тэд “Эмэгтэйчүүдийн эрх ингэж зөрчигдөх ёсгүй, төрийн хүний ёсзүй ч ийм байх ёсгүй. Төрд суугаа бид л хүчирхийллийн эсрэг тэмцэхгүй бол хүчирхийлэл гэдэг зүйл газар авлаа. Гэтэл төрд суугаа хүчирхийлэгчдээ бусад гишүүд нь санал асуулгаар гишүүнээр үлдээхээр болж байгаад харамсч байна” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Ерөнхий сайд нь хүртэл Төрд суугаа “хүчирхийлэгч”-дээ өөгшүүлэх шийдвэрээр халхалчихаад маргааш өглөө нь Хүчирхийллийн эсрэг “Талын салхи” моточдын  цуглаанд манлайлан давхиж байгаа харагдав. Түүний хообийг, чөлөөт цагтай байгааг буруушааж байгаа юм биш. Гагцхүү үг, үйлдэл хоёр нь зөрөөд байгаа нь муухай санагдлаа.

Эрчүүд шулуун шударгын манлай гэж үнэлэгддэг үе өнгөрч, эмэгтэйчүүдээсээ долоон дор болж. Нэгэнт ийм болсон цагт заавал эрчүүдийг төрийн түшээдээр сонгох хэрэг байна уу. Ирэх сонгуулиар эрчүүдээс илүү холч ухаантай, сэтгэл зүрхтэй  76 эмэгтэйгээр парламентаа бүрдүүлсэн ч яадаг юм ер нь.

М.УЯНГА