Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль боллоо
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр Монгол, Америкийн аврагчид өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим аврагч, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын хоёр аврагч оролцсон юм.
Хамтарсан дадлага сургуулиар уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, нэрвэгдэгсдийг хэрхэн буулгаж, нүүлгэн шилжүүлэх, эрэлч нохойг ашиглан эрэн хайх ажиллагааг явуулах, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар харилцан туршлага солилцлоо.
Уулнаас эрэн хайх, аврах дадлага сургуулийн үйл ажиллагаатай Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон баруун бүсийн аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер нарын албаны хүмүүс танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.