Шадар сайд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор баруун бүсийн төв болон Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын Онцгой байдлын газруудыг хамруулан бүсийн хэмжээнд 530 гаруй алба хаагч, 480 гаруй техник хэрэгсэлтэйгээр гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Он гарсаар баруун бүсийн хэмжээнд нийт 144 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолджээ.
Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах ангид нэг бүлэг шинээр нэмэх, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэст Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд гуравдугаар зэрэглэлийн гал түймэр унтраах аврах анги байгуулах Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан ангийн барилгын төсөв санхүүжилтийг шийдвэрлүүлэх, Увс аймгийн Онцгой байдлын газрын барилгад өргөтгөл хийх санхүүжилтийн асуудал болон шуурхай албаны хоёр ширхэг пургон авто машин шийдвэрлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг Шадар сайдад уламжиллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.