Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ
2018.05.29

Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үед нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм.

Тус дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй  “Эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх” сургагч, зааварлагчийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, АНУ-ын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан офицер Кевин Му Моу нар оролцож үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой  аврах ажиллагаа зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.