Л.Энхболд: “ДЭВШИЛТЭТ ХОЛБОО” нам дотроо хариуцлагыг шахаж шаардана
УИХ-ын гишүүн Л.Энхболд
2018.04.09

Л.Энхболд: “ДЭВШИЛТЭТ ХОЛБОО” нам дотроо хариуцлагыг шахаж шаардана

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн төсөл өргөн баригдах юм байна. Уг хуульд гадны хөрөнгө оруулагчид болон компаниудад давуу байдал үүсгэсэн заалтууд байна гэх шүүмжлэл гараад эхэлсэн. Та уг хуулийн төсөлтэй танилцсан уу?

-Уг хуулийн төсөлтэй бүрэн танилцаж амжаагүй байна. Мөн хэлэлцүүлгийн шатандаа яваа учраас өөрчлөгдөх заалтууд бий гэсэн үг. Иргэд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тэдний санал санаачлагыг сонсоно. Дараа нь ажлын хэсэг, байнгын хороод хуралдаж, заалт бүрээр нь нарийвчлан ярих учраас янз бүрийн ээдрээтэй, хардах асуудлаа шийдвэрлээд явах боломжтой.

-Дэгийн тухай хуулийн төслөөр УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг чангатгана гэж ойлгож байгаа. Та уг хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Уг нь ард түмнээсээ сонгогдоод гараад ирчихсэн хүмүүс. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг хүлээж төрд сонгогдсон хүмүүсийг хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой гэж итгэж байгаа. Үүнийгээ ухамсарлаж чадахгүй бол хуульчилж өгөхөөс аргагүй юм. Хийх ёстой ажлаа хийхгүй, парламентад суухгүй байгаа бол хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөс аргагүй.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ар араасаа хөвөрч байна. Та дөрвөн гишүүний хамтаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар дуугарч эхэлсэн. Таны байр суурийг сонсъё?

-“Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдгээ хэлсэн байхад Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрээс яагаад мөнгө нэхэмжлэв. Яагаад “Эрдэнэт” үйлдвэр Арбитрт ялагдаж, бичиг баримтууд нь дутуу очив гэсэн асуудлуудыг шалгах ёстой. Тухайн үед Монголыг төлөөлж хэн Арбитрын шүүхэд очиж оролцсон бэ гэх зэрэг олон асуулт хөвөрнө. Энэ асуудал дээр “Дэвшилтэт холбоо”-ныхон ч гэсэн дуугарна. Яг одоогоор нэмэлт мэдээлэлгүй байна.

Зориуд тоглолт явуулж, Арбитр дээр унагаад, 49 хувийн тал зориуд зохион байгуулсан уу зэрэг хардлагыг шалгаж, нягтлах нь зүйтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол улс төрийн байнгын нэг сэдэв болж, өнөөг хүрлээ шүү дээ. Сонгуулийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг яриад, эргээд чимээгүй болдог жишиг тогтох гэж байна. Тиймээс сонгуулиас өмнө энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх ёстой.

Та болон хэд хэдэн УИХ-ын залуу гишүүн хамтран “Дэвшилтэт холбоо” байгуулсан нь албан ёсных уу. Холбооныхоо талаар намын удирдлагууддаа мэдэгдсэн үү?

-“Дэвшилтэт холбоо” бол албан ёсны байгууллага. МАН-ын дэргэдэх “Дэвшилтэт холбоо” бол албан ёсоор бүртгүүлсэн, тамга тэмдэг, туг дарцаг, өрөөтэй албан ёсны ТББ гэж ойлгож болно. Холбооны асуудлаар намын удирдлагуудтай албан ёсоор уулзаагүй байна. Холбоо байгуулсантай холбогдуулан янз бүрийн шахалт дарамт ирээгүй. Намын удирдлагаас чиглэл авсан уу гэвэл авсан.

“Дэвшилтэт холбоо” байгуулаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас дэмжлэг авч, намын дэргэдэх байгууллага гэж ойлгож болно. МАН-ын дэргэдэх НАМЗХ гэдэгтэй л адил гэсэн үг. Нэмэлт мэдээлэл өгөхөд 2016 онд Герман Улсад “Дэвшилтэт холбоо” нэртэй олон улсын байгууллагын хуралд оролцож байсан юм.

Үүний дараа өнгөрсөн жилийн тавдугаар сард Монголд олон улсын форум зохион байгуулсан бөгөөд уг олон улсын байгууллагын салбарыг бид эх орондоо байгуулсан гэж ойлгож болно. Албан ёсоор холбоо үйл ажиллагаагаа эхэллээ гэдэг нээлтээ хийж, намын удирдлагуудтай уулзаагүй байна.

-“Дэвшилтэт холбоо”-нд албан ёсоор хэдэн гишүүүн бүртгэлтэй байгаа вэ. Зарим нь би уг холбоонд байхгүй гэх асуудлыг ярьсан шүү дээ?

-Албан бусаар арваад гишүүн санал нэгдэж, уг асуудлаар ярьсан байдаг юм. Гэхдээ албан ёсоор бол гурав, дөрвөн гишүүн байр сууриа илэрхийлж, уг холбоонд нэгдэнэ гэдгээ тодорхой болгосон. Мэдээж шууд холбооны гишүүн гээд хэлчихэж болохгүй. Урьдаар ярьж зөвлөлдсөн зүйлээ ажил болгоод, албан ёсжуулаад ирэхээр хэн хэн байгаа нь тодорхой болно.

-Танай холбооноос Засгийн газрын үйл ажиллагаанд тулгуур болох уу, шүүмжлэлтэй хандаж ажиллах уу?

-Яг Засгийн газрыг гэж онилсон зүйл бидэнд алга. Бид улс оронд тулгамдаад буй асуудал бүрт дуугарч, асуудлыг ил болгож ажиллана. Биднийг хувь итгэл үнэмшлээрээ нэгдэж, улс эх орныхоо төлөө шударга үйл хэрэгт залуусаараа нэгдэж байна л гэж ойлгох хэрэгтэй болов уу. Мэдээж хардах нь зөв. Гэхдээ өнөөдөр шударга бус зүйлд дуугарах цаг нь болсон. Тухайлбал, Шүүх засаглал өнөөдөр шударга байна уу гэдэг асуудлыг хөндөх цаг нь болжээ.

-Намынхаа үйл ажиллагаанд хэр шүүмжлэлтэй хандах вэ?

-Үндсэн хуулиар намаар дамжуулж төр барьж байгаа шүү дээ. Тийм учраас шударга, ариун байх ёстой. Нам хариуцлагатай байж чадвал төрийн үйл хэрэг шударга байна л гэсэн үг. Тиймээс намын хариуцлагын асуудлыг ярьж шахаж шаардана. Мөн манай холбооны зүгээс нийгэмд эргэлзээ үүсгээд байгаа асуудлууд, тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр, шүүх, хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудлуудыг хөндөж ярих болно.

Ц.ТАМИР