Д.Оюунхорол:  Намууд шинэлчлэлээ боловсон хүчний бодлогоосоо эхлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2018.04.06

Д.Оюунхорол: Намууд шинэлчлэлээ боловсон хүчний бодлогоосоо эхлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа

-УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав?

Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж УИХ, ЗГ-ын бодлого шийдвэр болон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо. Мөн 2018 оны улсын төсвийн болон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэхэд анхаарч ажиллаа.

-Тойрогтоо хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлууд хэр бий вэ. Явц хэр байна?

-Зөвхөн манай тойргийн иргэд гэлтгүй хотынхныг нэлээд бухимдуулдаг асуудал бол Дарь-Эхийн Ганц худгийн чиглэлээс орж ирдэг үер усны асуудал байдаг. Ширүүн бороо орох бүрт хойд амнаас орж ирэх үерийн ус гэр хорооллын айлуудыг усанд автуулахаас гадна  жорлон, бохирыг нь хаман хотын төв рүү урсдаг. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үерийн далан байгуулах ажлыг  суулгасан. Ингэснээр олон жил иргэдийг бухимдуулсан асуудал шийдвэрлэгдэнэ. Мөн байгуулагдаад 60 орчим жил болсон БЗД-ийн 2-р хороо төрийн өмчийн нэг ч сургууль цэцэрлэггүй өдийг хүрсэн.

Энэ хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг, 1-р хорооны 48-р  сургуулийн дэргэд спорт заал шинээр бариулахаар 2018 оны улсын төсөвт суулгалаа. Спорт заалнаас бусад нь тендэрийн сонгон шалгаруулалтын шатандаа яваа. Спорт заалны хувьд газрын асуудалтай байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын даргад уламжилсан. Нааштайгаар шийдэх байх гэж итгэж байгаа.  Мөн гэр хорооллын болон орон сууцны хорооллын олны хөлийн харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байна.

-Таны сонгогдсон тойрогт Сансар, Дарь-эх ордог байх аа. Төвийн хороодод ер нь асуудал бага байдаг уу.

-Асуудал байна аа байна. Сансарын орон сууцнууд олон жилийн насжилттай. Тиймээс дээврээс нь ус гоождог, сантехникийн шугам нь хуучирч зэвэрч эдэлгээ нь дууссан, орц подволь нь хөгц мөөгөнцөрт идэгдсэн, байр хоорондын замууд эвдэрсэн, халаалт муудсан гээд олон асуудлууд байна. Иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг шийдвэрлэхийн тулд СӨХ ямар ямар ажлыг хийх вэ, хороо, дүүрэг, хот юуг нь хийх вэ гэдэг зааг ялгааг гаргамаар байна.

Оршин суугчид өргөдөл, хүсэлтээ бичиж гарын үсэг цуглуулаад  өөрсдөө бариад л гүйж байна шүү дээ. Миний хувьд ч гэсэн бүхий л боломжоороо шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа. Өнгөрсөн хавар 3 байршилд дээврийн засвар хийлгэсэн. Энэ жил нэлээд хэдэн байршилд засвар үйлчилгээ хийлгэхээр хөөцөлдөж байна.

-Уг нь байр савны засвар үйлчилгээг УИХ-ын гишүүнээр дамжуулалгүйгээр орон нутгийн засаг захиргаа хуваарь төлөвлөгөөгөө гаргаад хийлгэдэг баймаар юм?

-БЗД-ийн удирдлагууд сандал суудлын төлөө 2 жил маргалдаж, тэмцэлдсээр ард иргэдийнхээ төлөө хийх ёстой үндсэн ажлыг орхигдуулж байгаад иргэд маш их бухимдаж байна. Энэ хэдэн хүний  сандал суудлын маргаанаас болж БЗД-ийн 350 гаруй мянган иргэний эрх ашиг зөрчигдөж, төрийн үйлчилгээг авч чадахгүй  хохирсоор байгаад маш их харамсаж байна. Арга мухардсандаа л иргэд маань бичиг цаасаа бариад гишүүн рүүгээ гүйж байна шүү дээ.

-Энэ ажлын хажуугаар хууль тогтоох үндсэн ажлаа амжуулах гээд их л завгүй байна уу? Ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна даа. Товчхон дурдахгүй юу?

-Алдарт эхийн одонтой ээжүүдэд жилд нэг удаа олгодог 100, 200 мянган төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 500 мянга, 1 сая болгохоор тооцоо судалгаа, хуулийн төсөл боловсруулаад өргөн барихаар бэлтгэж байна. Үүний зэрэгцээ 1990-ээд онд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэдэг шалтгаанаар 30 гаранхан насандаа тэтгэвэрт гарч хөдөлмөрлөх эрхээ хасуулсан эхчүүдийн хохирлыг барагдуулж, тэтгэврийг нь нэмэгдүүлэх ёстой гэж үзэж хуулийн төсөл боловсруулж байна. Мөн сайн дурын үйл ажиллагааг дэмжин зохицуулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.

Мөн олон улсын жишигт нийцсэн ахмадын асрамжийн газрын загвар төсөл дээр ажиллаж байна.  Ер нь ахмадууд маань нийгмийн амьдралаас хаягдаж байгаа тухайгаа л уулзалт бүр дээр гомдоллож байна. Эзэнгүй айлын гэрийн мухар сахисан хэдэн хөгшчүүд. Аргаа барсан зарим нь өдөржин автобусанд суугаад хаагуур ч хамаагүй сэлгүүцэж өдрийг өнгөрөөдөг тухай өр өвтгөсөн зүйл ярьж байна. Уг нь хороо бүр ахмадуудад ойр зуурын үйлчилгээ үзүүлчихдэг ахмадын ордонтой болчихмоор байна. Тэндээ өдөртөө очоод шатар даамаа тоглочихдог, бариа заслаа хийлгэчихдэг, дасгал хөдөлгөөнөө хийчихдэг, ном сонингоо уншчихдаг, хоорондоо инээж хөхрөөд хуучилж суудаг болчихвол ахмадуудын маань магнай нь тэнийнэ дээ.

Бас нэг чухал асуудал бол өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлж, бодит орлоготой болгох зорилгоор оёдлын цех байгуулах төсөл боловсруулаад  хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Энэ хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Өөрчлөх шалтгаан нь юу вэ?

-Энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гол үзэл баримтлал бол намыг бодлогын институци болгон төлөвшүүлэх зорилготой. Өнөөдөр дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байгаа ч сонгуульд өрсөлдөж иргэдийн итгэл дааж, парламентад суудал авч байгаа намын тоо цөөрсөөр байна. Дээд шүүхэд бүртгэлтэй олонх нам сонгуулиас бусад үед идэвхитэй улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй нь ч бас үнэн. Улс төрийн намын санхүүжилтийн механизм тодорхойгүй, хяналт сул, намын хатуу гишүүнчлэлийн статус тодорхойгүй, намын бүртгэлийн тогтолцоо төвөгтэй олон бэрхшээлүүд тулгамдаж байна.

Сүүлийн жилүүдэд иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурсан, улс төрийн намаар ялгаварлах хандлага төрийн албаны бүх шатанд байгаа нь төрийн албаны мэргэжсэн, тогтвортой байх зарчимд сөргөөр нөлөөлж байна. Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдын дунд томоохон халаа сэлгээ хийгдэж, ялалт байгуулсан намын дэмжигчид өөрийн талын хүмүүсийг захиргааны албан тушаалд томилж байгаа нь ч засгийн газрыг ажиллахад хүндрэл учруулж байгаа нь нууц биш. Намын гишүүнчлэл, улс төрийн үзлээсээ шалтгаалан албан тушаалаасаа халагдах, тохиолдол ч байсаар ирлээ.

Бусад улс оронд ч гэсэн намд итгэх итгэл буурах, намаасаа дайжих хандлага газар авч байгаа нь намын шинэчлэл дэлхийн олон орны тулгамдсан асуудал болж шинэчлэл өөрчлөлтийг шаардаж байгааг харуулж байна. Энэ удаагийн өөрчлөлтөд парламентын засаглалтай улс орнуудын загварыг монгол хөрсөнд нутагшуулах нь зөв гэж бодож байгаа.

-Улс төрийн намын тухай хуульд орох гол өөрчлөлтүүд юу байх бол?

-Нэн тэргүүнд улс төрийн намын гишүүнчлэл болон санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох явдал чухал байгаа. Ардчилсан нийгэмд иргэдийн төлөөллөөрөө дамжуулан засгийн эрхийг барихад оролцдог, хэрэгжүүлэгч гол механизм болсон улс төрийн намуудад ардчиллын үнэт зүйл бүрэн шингэж төлөвшиж чадахгүй байгааг засах, улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх нь чухал байна.

Өнөөдөр дээд шүүхэд бүртгэлтэй 27 намд 658 мянган гишүүн байгаа бөгөөд нийт хүн амын 21хувь, сонгуулийн насны 1.8 сая иргэний 35.8 хувийг эзэлж байгаа нь иргэд намын гишүүнчлэлд ач холбогдол өгсөөр байгааг харуулж байна.

Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, намын гишүүдийнхээ улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлах, тэдэнд давуу байдал бий болгох нөхцлийг хязгаарлаж, намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэхээр хөөцөлдөх биш дэмжигчдэд чиглэсэн бодлогыг дэмжих нь чухал байна.

Мэдээж улс төрийн намыг бүрдүүлэгч үндсэн шинжид гишүүнчлэл зайлшгүй багтдаг боловч намын хатуу гишүүнчлэл сөрөг үр дагавар ихтэй байгааг амьдрал харуулсаар байгаа. Улс төржилт газар авч сум, баг, хороо, дүүрэг, хөрш айлын түвшинд хүртэл талцан хуваагдаж байна. Үүнийг энэ хуулиар засах шаардлагатай.

Харин намын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг нийт гишүүд болон дэмжигчдийн оролцоонд суурилах нь орчин үеийн намын зөв зохицуулалт болох байх.

-Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хэрхэн тусгах бол?

-Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байх. Улс төрийн намыг санхүүжүүлэх олон хэлбэр байгаагаас төрөөс санхүүжүүлэх хэлбэрийг дэлхийн олон орон хэрэгжүүлж байна.

Намууд санхүүгийн хувьд харилцан адилгүй нөөцтэй байдаг. Улс төрийн намд цөөн хүмүүсээс томоохон санхүүжилт хийх нь сонгуулийн дараа улс төрийн шийдвэрт нөлөөлөх, өөрт ашигтай давуу байдлыг бий болгож байгаа нь  талцал, хуваагдалд хүргэж , намын эв нэгдэл, үнэт зүйлсийг алдагдуулахад хүргэж байгаа алдааг засах хэрэгтэй. Намуудад төрөөс санхүүжилт олгохдоо тодорхой шалгууруудыг  хуульчилж өгөх хэрэгтэй.

Намын дотоодын аливаа сонгуульт албан тушаал болон бүх шатны сонгуульд нэр дэвшихийн тулд намд хандив өгөх явдлыг энэ хуулинд хориглож өгөх ёстой. Ингэснээр намын гишүүд дэмжигчдийн нэр дэвших эрхийг хязгаарладаг асуудлыг зогсоох болно.

-Санхүүгийн хяналтыг хэрхэн сайжруулах вэ?

-Улс төрийн намын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, нийгэмд шударга ёсыг баримтлахыг нийгэм шаардаж байгаа. Энэ цаг үед улс төрийн намын санхүүгийн хяналтыг сайжруулж олон түмэнд ил тод мэдээлдэг байх хэрэгтэй. Санхүүгийн хяналтыг сайжруулж, хариуцлага тооцох механизмыг зөв болгосноор монголын улс төрийн намын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд түлхэц болно гэж үзэж байгаа. Намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавихын тулд төсвөөс олгосон хөрөнгө, хандивын орлогоо төвлөрүүлэх сан байгуулах нь зөв болов уу. Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлж, хяналт тавих эрхийг хөндлөнгийн байгууллагад өгснөөр бүрэн хянах боломжтой. Санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй, ил тод байдлыг хангаагүй зөрчил гаргавал дараагийн санхүүжилтэд хязгаарлалт тогтоож, хариуцлага тооцдог болгохыг хуулинд суулгаж өгснөөр намуудын шударга өрсөлдөөнийг дэмжиж өгнө.  

Хуулийн төсөлд зөвлөмж өгч байгаа судлаачдын судалгаатай, үндэслэлтэй санаа тооцоолол, томьёоллуудыг авч үзэх ёстой. Улс төрийн намын санхүүжилт болон гишүүнчлэлийн ямар хэлбэрийг нутагшуулах вэ гэдгээ зөв зохицуулалт хийснээр намуудыг төлөвшүүлэх үйл явцад том түлхэц болно гэж бодож байна.   

-Иргэдийн дунд улс төрийн намаас татгалзах тухай яригдаж, намд итгэх итгэл их суларсан. Энэ хуулийг шинэчилснээр өөрчлөлт гарах болов уу?

-Улс төрийн намуудын гол зорилго иргэдийн итгэл дэмжлэгийг авч засгийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах явдал. Түүнээс биш ардчиллын нэрээр хувь хүний эрх ашгаа дээгүүрт тавьж, өөрийнхөө амин зуулга, албан тушаалын шат дамжлага эсвэл эрх мэдэлтэй, мөнгөтэй бүлэглэлд үйлчилдэг хэрэгсэл биш. Энэ алдаануудыг засаж, нам иргэд сонгогчдоо сонсдог нээлттэй байснаар улс төрийн намд итгэх олон түмний итгэл сэргэнэ. Мөн улс төрийн нам сонгуулийн худал амлалт өгөх, эдийн засгийн бодит байдалд нийцээгүй тооцоо судалгаагүй, намынхаа суурь үнэт зүйлстэй тохироогүй хөтөлбөр дэвшүүлдэг,  эрх мэдлийн төлөө ичих булчирхайгүй болж олон түмнийг хуурч санал авдаг буруу жишгийг арилгах ёстой.

Орчин үеийн улс төрийн намууд улс орны хөгжлийн бодлого боловсруулахдаа салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсож, судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодлогоо боловсруулдаг болох хэрэгтэй. Олон түмэн аль нам хэр зэрэг зөв бодлого боловсруулах чадвартай байна, бодлого боловсруулах институцийн хувьд хэр бэхжсэн, боловсон хүчний бодлогоо яаж авч явааг онцгой анхаардаг болсон.

Мөн боловсон хүчний бодлогоо тодорхой болгож шилж, сонгож, бэлтгэж байж томилгоо хийх, мэдлэг, чадварыг үнэлсэн хариуцлагатай нам болох тогтолцоонд шилжиж улс төрийн намыг төлөвшүүлэх нь улс төрийн  шинэчлэлийн гол зорилт байх ёстой гэж үзэж байгаа.

Ярилцсан Б.Цэнд-Аюуш