О.Баасанхүү: Монгол төрийг буу зэвсэг ч хамаагүй хэрэглээд эзэлнэ гэж байгаа бол эндүүрэл
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2018.04.04

О.Баасанхүү: Монгол төрийг буу зэвсэг ч хамаагүй хэрэглээд эзэлнэ гэж байгаа бол эндүүрэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та саяхан Олон улсын парламентын холбооны хуралд оролцоод ирлээ. Энэ холбооны Хүний эрхийн хорооны хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудал дээр дүгнэлт гарсан байна лээ. Энэ тухай сонирхуулахгүй юу?

-Олон улсын парламентын холбоо(ОУПХ)-ны Хүний эрхийн хорооны хуралд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан бид хоёр тайлбар өгсөн байгаа. Үндсэндээ энэ хороо 50 удаа хуралдсан юм байна. Хурал болгон дээр манай улс оролцож, албан ёсны тайлбар өгч байгаагүй. Яагаад гэвэл “С.Зоригийн үхэлтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа, эрж, хайж байгаа, мэдэх зүйл алга” гэж байж л дээ.

Харин өнгөрсөн оны сүүлээр ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос надад захидал ирүүлсэн байдаг л даа. Тэр захидалд “Хороогоор тодорхой тайлан гаргана”  гээд Монголыг буруутгасан өнгө аястай байсан. Миний байр суурь бол тодорхой байсан л даа.

С.Зоригийн амь насыг хороосон гэж ял эдэлж байгаа гурван хүн бол манай тойргийн иргэд. Мэдээж би өөрийнхөө иргэдийн асуудалд санаа зовж байгаа. Бас өмгөөлөгч байсан хүний хувьд асуудлыг тал бүрээс нь харахыг хичээж байна. Манай зарим улстөрчдийн дотор хүн хэлмэгдсэн гэж үзэх нь бий. Тэгвэл хуулийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлын гишүүд, төлөөлөгчидтэй уулзаад уулзаад албан бусаар асуухаар “Энэ хэргийг эцэслэн шийдсэн’’ гэдэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гарчихсан.

Материалыг үзээгүй учраас бидний хувьд ямар нэгэн байдлаар тайлбар өгч болохгүй.

Хавтаст хэргийг эсэргүүцсэн тал уншаагүй байна. Жишээлбэл, би байна. Хэрэв бид материалыг унших юм бол гурван шийдвэрийн нэг нь гарна. Нэгдүгээрт, энэ хэрэг хэлмэгдсэн юм байна, цагаатга. Хоёрдугаарт, “Ял шийтгэл нь хүнд байна, хөнгөрүүл. Гуравдугаарт, дахин шалгах ёстой, мөрдөн байцаалтад буцаа гэж.

Нууц гээд бүх юм далд байгаа учраас “Та бүхэн тэр материалуудтай очиж танилцах ёстой. Тэгж үзээгүй байж Монгол Улсыг зориуд ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хурлаар хэлэлцэж болохгүй. Энэ нь цаашлаад дүгнэлт гарвал Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. НҮБ-ын байгууллагын хориг арга хэмжээнд орох тухай асуудал байдаг.

Би Хойд Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга. Хойд Солонгос хүртэл аливаа дүгнэлтээр хориг арга хэмжээнд орчих вий гэхээс их эмээдэг. 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ОУПХ-ны дүгнэлт Монгол Улсад сөргөөр нөлөөлж болзошгүй.  Манай улсын парламент өөрийнхөө гишүүнийг алдчихаад байна. Тиймээс парламент хохирогч. Тэгэхээр парламентыг муу ажилласан мэт яриад байгаа учраас бүх талаас нь нягтлан үзэх ёстой. Надад ирсэн мэдээллээр бол ОУПХ-ны Хүний эрхийн хорооны гишүүд миний тавьсан саналд зөвшөөрсөн байна лээ.

-Энэ хороонд хичнээн хүн байдаг юм бэ. Тэд манай улсад ирж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй танилцана гэсэн үг үү?

-Тийм ээ. Ирэх арван нэгдүгээр сарын үед болох ээлжит чуулганаасаа өмнө Монголд ирээд хэргийн нөхцөл байдалтай танилцана гэсэн шийдвэр гаргасан байна лээ. ОУПХ-ны Хүний эрхийн хороо нь орон орны найман гишүүнтэй.

-”Эрдэнэт” үйлдвэр дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаапж авсан их өрийг татвар төлөгчийн мөнгөөр төлнө гэж байна?

-Гарын үсэг хуурамч гэж үзье. Тэр банк хуурамч гарын үсгийг яагаад хүлээж аваад байсан юм бэ. Үүнийг шалгах ёстой. Жишээлбэл, тэр гарын үсэг хуурамч гэж үзвэл “Стандарт" банкнаас хэсэг нөхөр ирээд “Жаст групп"-тэй тохиролцоод, зээл аваад дараа нь тэр өрийг татвар төлөгчөөр төлүүлье гэсэн байлаа гэж бодъё. “Стандарт” банк хохироод, мөнгө авсан хүмүүс завшаад мөнгөө хуваасан байх талтай. Харин гарын үсэг жинхэнэ гэж үзвэл Монголд байгаа хүмүүс яагаад мэдээгүй юм бэ.

Аль ч утгаар нь харсан луйвардсан хүмүүс хожих гээд байна.

Ш.Батхүү одоо “Хадгаламж банк”-гүй, мөнгөгүй болсон хүний хоёр чихийг огтлоод ав гэвэл яах вэ. Уг нь “Хадгаламж банк’’ яагаад алга болсон юм бэ гэвэл оросын нөхдүүд ирээд энэ банкийг хувьчилж авангуутаа мөнгөө төлчихөөд онгойлгоод үзтэл 10 сая ам.доллар буюу тэр үеийн 14 тэрбум төгрөг байгаагүй. Тэрийг шалгалгүйгээр Архангай аймгийн нэг залуу гарч ирээд хувьчлаад авчихсан.

Нэг талаасаа Ш.Батхүү буянтай хүн. Төрд 14 тэрбум төгрөгийн хохирол учруулаагүй. Дээрээс нь Оросын өмнө эх орноо онигоонд оруулаагүй. Нөгөө талаасаа яагаад энэ банкийг авав гэдэг нь “х” байгаа биз дээ.

Эхний ээлжинд тэд 2007 онд урьдчилсан зээл авсан. Үргэлжлүүлээд 172 сая ам.долларын зээл авчихсан. Одоо татвар төлөгчийн мөнгөөр төлөх үү, “Стандарт” банк хохирсон гэж үзээд Ш.Батхүү төлөх гэж байсан юм гээд аврагчийн дүрээр үлдэх үү.

Аль ч утгаар нь энэ бол хэсэг хүн хуйвалдаад “Олон Овоот”-оор тодорхой мөнгө угаасан дүр үзүүлээд авчихсан юм биш үү.

“Эрдэнэт"-д шахаа хийгээд нэг дор 172 сая ам.доллар авахад амаргүй. Нарийн яривал “Стандарт” банкны зарим хэсгийг шалгах хэрэгтэй. Энд зуучлал орсон эсэхийг нягтлахгүйгээр Ш.Батхүүг хорьчихоод улстөржиж болохгүй. Хувь хүний идэж уусан мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болдог юм уу. Мөнгө мөртэй. “Олон Овоот” руу тийм их мөнгө орсон гэдэгт би итгэхгүй байна. Тэнэг хүн биш бол алтыг нь авсан шороог хэн авах юм бэ. Энд нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа яваад байна. Тиймээс мөрдөн байцаалтын хүрээг тэлж шалгах ёстой. Төрийн 109 сая ам долларыг тэдний өмнөөс төлөхгүйн төлөө миний бие тэмцэж байгаа.

-“Хадгаламж банк”-ны хувьчлалаас эхэлж шалгах хэрэгтэй гэж хэлээд байна уу?

-Тийм. Зүгээр байсан “Хадгаламж банк” хэвэндээ байсан бол хэн дампуурах гээд байсан юм бэ. Тэр 10 сая ам.долларыг Чимэдцэрэн гэдэг хүн цүнхэнд хийгээд бариад явна гэж байхгүй. Амиа хорлосон Солонгосын Ерөнхийлөгч Ру Му Хён тухайн үедээ өөрсдийнхөө асуудлыг шийдүүлэхийн тулд казино тоглож  байсан манай төрийн түшээдийн нэрсийг өгч байсан гэх юм билээ. Зарим бизнес хийж байсан хүмүүс нь өөрсдийнхөө мөнгөөр тоглосон байх.

Гэхдээ бүгд л "Хадгаламж банк"-ны 10 сая ам.доллар байж таарна.

Энэ бол асар их мөнгө. Тиймээс ийм их мөнгө дутсан шалтгааныг тогтоох ёстой. Хоёрдугаарт, аврагч гараад ирснийг тогтоох хэрэгтэй. Тэр аврагч жинхэнэ мөрийтэй тоглоом хийж байгаатай адил байна. Эндээс сонин санхүүгийн схем харагдаад байна. Татвар төлөгчид ямар буруутай юм бэ. “Стандарт” банк би буруугүй, надаас та нар авсан гээд яагаад хариуцлага үүрэхгүй байна вэ. Тэгэхээр адилхан хариуцлага хүлээх ёстой. Тиймээс тухайн үед юу болсныг тогтоохын тулд “Стандарт” банк болон “Жаст групп"-ыг нарийн шалга. Тэгээд “Хадгаламж банк”-ны дараагийн алхмуудыг үз. Миний хувьд энэ асуудлыг судалж байгаа.

-УИХ-ыг тараая гэсэн уриалгыг иргэний хөдөлгөөнүүд гаргаад байна л даа. Энэ парламент эрх зүйн чадамжгүй гэж тодорхойлоод байгаа. УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Иргэний хөдөлгөөн гэж байдаггүй. Ерөнхийлөгчийн хөдөлгөөн гэж байдаг. Үе үеийн ерөнхийлөгч нар дор бүрнээ хөдөлгөөнтэй байсан юм.

Миний бие хоёр хоногийн өмнө Төрийн гурван өндөрлөг рүү мессэж илгээсэн.

Юун тухай юм бэ гэвэл өчигдөр нэг залуу “Аминдаа хайртай юм бол Төрийн ордон руу бүү зүглээрэй” гэж заналхийлсэн байна. Битгий горьд, би айхгүй байна. Тэр залуу манай намын хурал болж байхад намайг зодсон хүн. Бас НИТХ-д оймс шидээд явж байсан. Түүнийг Н.Энхбаяр даргын хүн гэж ойлгож байгаа. Эндээс харвал төрийг бужигнуулах сонирхол хэнд байгаа нь шууд харагдана. Тэд төрийн ордонг хааж байгаа юм бол надад түүнийг нам дарах чадалтай аавын хүүхдүүд байна. Би яршиг даа, эв нэгдлийг бодъё гээд тоохгүй байгаа юм. Харин иргэнийхээ хувьд заналхийллийг зөвшөөрөхгүй. Тиймээс Төрийн гурван өндөрлөг рүү явуулсан захидалдаа “Та нар төртэй юм бол ажлаа хий. Өөрсдийн амиа хамгаал гэж байгаа юм бол хамгааллаа. Би Монгол төрийг та нараар доромжлуулахгүй шүү. Захын пацаан гарч ирээд УИХ-ын гишүүнийг зодоод, улмаар та бүхний амь насанд заналхийлээд, НИТХ-ын дарга руу оймс шидээд байхад та нар дуугүй байсан. Хэрэв хууль журамтай юм бол тэрийгээ мөрдөөд яв. Чадахгүй бол бид ч өөрсдийгөө хамгаалъя. Төрийн ордноо хулгайч хүнээр тоглуулахгүй. Адилхан үзэлцэж, тулалдана. Шоронгоос чинь айхгүй байна” гэсэн мессеж бичсэн.

-Хариу ирсэн үү?

-Орой нь Тагнуулын ерөнхий газраас “Та санаа зоволтгүй шүү. Бид зохих арга хэмжээгээ авч, ажиллаж байгаа” гэсэн.

-Таныг зодсон гэж хэллээ. Энэ бол УИХ- ын бүрэн эрхэд халдсан асуудал шүү дээ. Яагаад өдий болтол чимээгүй байсан юм бэ?

-Тухайн үеийн бичлэгийг үзэхэд тэр залуу намайг зодож байхад хүмүүс хараад зогсож байна лээ. Дараа нь Тагнуулын ерөнхий газраас бичиг ирсэн. Тэр залууд Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авсан юм гэсэн. Би эр хүн учраас гоншигонохгүй шүү дээ. Эр хүн байна даа, ийм зүйл байх гээд орхисон. Хэрэв эмээ, өвөөг маань зодсон бол үзэлцэнэ. Иргэн надтай арсалдсан бол эрх чөлөөгөө эдэлж байгаа юм биз гээд дуугүй байсан. Тэгсэн сүүлдээ даварч байна. Тиймээс Монгол төрийг буу зэвсэг ч хамаагүй хэрэглээд эзэлнэ гэж байгаа юм бол эндүүрэл. Тэднээс айгаад л Монгол төрийнхөө ажлыг хийхгүй гээд сууж байх юм уу?

-Ингэхэд таныг намаасаа хөөсөн гээд л МАХН-ын удирдлагууд мэдээлээд байх юм. Энэ асуудал юу болсон бэ?

-Намын их хурлыг Бага хурлын гишүүд зарладаг. МАХН-ны Бага хурлын 139 хүний 104 нь нийлээд хурлаа зарлаад Дээд шүүх дээр яваад очсон. Монгол Улсын шүүхийг МАНАН бүлэглэлийнхэн атгачихаад байгаа. Хамгийн их хэл ам тэдэнтэй холбоотой асуудлаар гарч байна. Наад нөхдүүд чинь хэрэв МАХН- ын даргаар О.Баасанхүү мөн гээд бүртгэчихвэл манай намд байгаа бүх шударга хүн орж ирнэ. Эд нар намгүй болохоосоо айгаад барьцаалагдсан шүүгч нараараа бүртгүүлээгүй. Тэгсэн манай Н.Энхбаяр дарга хаан гэдгээ мэдрээд намын их хурлаараа тавдугаар Үндсэн хууль гээчийг батлуулсан. Манайх Үндсэн хуультай орон шүү дээ. Гэтэл Үндсэн хууль давхар баталж болохгүй. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг. Хүч хэрэглэх болон хүч хэрэглэхгүйгээр Үндсэн хуулийн эсрэг хийсэн ажлыг төрийн эсрэг гэмт хэрэг гэнэ.

-Гэхдээ УИХ-аар баталж байж хүчин төгөлдөр болно шүү дээ?

-Намаараа баталчихаад Дээд шүүх дээр очсон байгаа юм. Хүмүүсээр гарын үсэг зуруулна гээд Н.Энхбаяр дарга Хэнтийд очоод суучихсан. Саяхан Орхон аймаг дээр очсон гэсэн. Энэ шинэ Үндсэн хуульд “Ард түмэн жагсаал цуглаан хийвэл Ерөнхийлөгч цэрэг хөдөлгөнө” гэж байгаа шүү дээ.

-Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах сургаар Н.Энхбаяр дарга Хэнтийд очоод суусан гэсэн мэдээлэл байгаа. Бас таныг эгүүлэн татна гэж байсан?

-Д.Гантулгыг эгүүлэн татаж чадахгүй. Манайхан том мөрөөдөөд байгаа. Хуулиараа сонгуулийн өмнөх нэг жилд дахин юм уу, нөхөн сонгууль явуулахгүй. Д.Гантулга болингуут маргааш нь сонгууль зарлахгүй. Мэдээж гурван шатны шүүхээр явж таарна. Шүүхийн процедур үргэлжилсээр байтал нэг жил өнгөрнө. Дараа нь МАН тов зарлана. Тэгсээр байтал 2020 оны сонгууль болно. Тэгэхээр Д.Гантулга бид хоёрыг эгүүлэн татна гээд мөрөөдөөд байгаа хүмүүс минь тайван ажлаа хий гэж хэлмээр байна.

-Та намын удирдлагуудтайгаа эвлэрчихэж болдоггүй юм уу?

-Шинэ үндсэн хуулиа боловсруулаад намаараа батлуулчихаад өөрөө эзэн болж суух гэж байгаа хүнтэй юун эвлэрэх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан хүн улс эх орноо хямраахгүй, сайн сайхан яваасай гэж хүсч байх ёстой шүү дээ.

Ш.МӨНХЦЭЦЭГ