О.Баасанхүү: Н.Энхбаяр Оюутолгойн гэрээг хүчингүй болгох тухай ярьж байснаа мартчихаж
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2018.04.02

О.Баасанхүү: Н.Энхбаяр Оюутолгойн гэрээг хүчингүй болгох тухай ярьж байснаа мартчихаж

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-ТАТВАРЫН ХУУЛЬД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ АСУУДАЛ ОРУУЛЖ ИРВЭЛ “ЖАДЛАН” ЭСЭРГҮҮЦНЭ-

-Хэдхэн хоногийн дараа эхлэх хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Татварын багц хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн УИХ-ын гишүүний насны босгыг тогтоох тухай асуудлыг ч мөн яриад амжсан. Нэн яаралтай хэлэлцэх хуулийн төслийн тухайд та ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудлыг ярьж болно. Миний хувьд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ онолын хувьд болоод ард түмний хувьд эргэлзээтэй, жишээлбэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай асуудал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газрын гишүүдийн тоог хатуу заая гэх мэт зарим нь 60, 70 хувийн дэмжлэгтэй, эсвэл 60 хувь эсэргүүцэлтэй байгаа заалтуудыг хөндөх шаардлагагүй.

Харин 100 хувийн дэмжлэг авсан өөрчлөлт оруулах шаардлагатай гурван заалт бий. Тухайлбал, “60 тэрбум”-ын асуудал гэгдээд байгаа төрийн албыг наймаалцдаг байдлыг болиулах хэрэгтэй. Ялсан нам өөрийнхөө хүнийг тавьж байна гээд төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог.

Улс төрч өөрөө нүүдлийн шувуу шиг байж болно. Төрийн албан хаагч бол тангараг өргөсөн хүн учраа тэтгэвэртээ гартлаа ямар нам байх нь хамаагүй тогтвортой ажиллах ёстой гэдгийг Үндсэн хуульдаа хатуу зааж өгөх хэрэгтэй. Мөн өөр нэг ярих асуудал бол хот тэлж байгаатай зэрэгцэн Дархан, Эрдэнэт хотын статусыг зуун хувь шийдэх ёстой.

-Сонгууль бүрээр төрийн албан хаагчид халагдаж солигддог “бичигдээгүй хууль”-ийг өөрчлөх хэрэгтэй болов уу. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Тийм ээ. Сонгуулийн хуулийг ялсан нам нь өөрчилдөг тогтолцоог болиулах цаг нь ирсэн. Нэг л дүрэмтэй. Тэр л дүрмээрээ явдаг болмоор байгаа юм. Үндсэн хууль бол суурь учраас хөдөлгөөнгүй хууль батлах хэрэгтэй. Татварын багц хуулийг хэлэлцэх шаардлага бий юу гэвэл бий.

Хүн өөрийгөө тэжээх гэж амьдарсны төлөө яагаад шоронд орох ёстойг би ойлгохгүй байгаа. Татвараа төлөөгүйн төлөө шоронд хорихоос илүү татварыг нь л барагдуулах арга замыг сонгох хэрэгтэй л дээ. Татварынхаа өрийг төлчих.

Манайхан чинь татварын акт тавьчихаад 10 саяас дээш болонгуут нь 10 жилийн ял өгөөд, “онц хүнд гэмт хэрэг” гэдэг байсан. Манайд чинь 2500 компанид эрүүгийн хэрэг үүсгэчихсэн тохиолдол байгаа шүү дээ. Тиймээс энэ шинэчлэлээрээ аж ахуй нэгжүүдээ дэмжсэн бодлого л оруулж ирэх ёстой. Тэгэхгүй зарим нь Татварын хуульд эрүүгийн хариуцлага оруулж ирнэ гээд байсан.

Хэрвээ ингэвэл би эсэргүүцэж, аж ахуй нэгжүүдээ дэмжинэ. Яг одоохондоо өргөн баригдаагүй учраас албан ёсоор мэдээлэл алга. Гэхдээ ямар ч байсан эрүүгийн хариуцлагын тухай асуудал албан бусаар орж ирж байгаа сураг байсан. Хэрвээ тэрэндээ тулвал “жадлан” эсэргүүцнэ гэж бодож байгаа.

-УИХ-ын гишүүний насны босгыг нэмэгдүүлж, төрийн байгууллагад таван жил ажилласан туршлагатай хүнийг сонгуульд өрсөлдүүлдэг байя гэх зэрэг асуудлууд бас яригдсан. Магадгүй залуу гишүүдийн ёс зүйн асуудлаас хамаарч ийм асуудал яригдсан болов уу. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд заачихсан нас бий. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Хэрвээ ийм өөрчлөлт орж ирвэл би дэмжинэ. Олон улсын парламентын жишгээс харахад 35-45 настныг залуу парламентч гэж үздэг юм байна. Монгол уламжлалаар “40 хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэдэг шиг хүний өмнөөс шийдвэр гаргах чадвартай болчихоод сонгогдоход буруудах зүйлгүй.

Гэхдээ шууд насны босго тогтоочихоор залуусын төлөөллийг хаачихна. 40 настай хүн 20 настай залуугийн сэтгэлгээг ойлгохгүй шүү дээ. Одоогийн залуусын сэтгэлгээг зарим нь ойлгохгүй. Тэгэхээр тэдний төлөөллөөр хамааралтай хуулиудад нь оролцох оролцоо чухал. Хэсэг бүлэг хүмүүсээс, хэн нэгнээс болоод бүхэл бүтэн төлөөллийг алдаж болохгүй л дээ.

Насны босгыг шууд нэмнэ гэдэг нь харьцангуй ойлголт. Манай улс өнөөдөр залуусын хот гэж ярьдаг. Тэгвэл залууст зориулсан бодлого тодорхойлохын тулд төлөөлөл байх шаардлага үүсч л таарна.

ШҮҮГЧ, ПРОКУРОРУУДЫГ ХАР Л ДАА. ЗАРИМ НЬ ОГТ МЭДЭХГҮЙ 

СУРГУУЛИУД ТӨГСЧИХСӨН БАЙХ ЖИШЭЭНИЙ-

-Сүүлийн үед шинэ Эрүүгийн хуулийг ярихдаа УИХ-ын хуульч гишүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлах, түүнээсээ болж үл ойлголцолд хүрэх тохиолдол багагүй гарлаа. Энэ нь уг хуульд асуудал байгаа мэт харагдуулаад байна шүү дээ. Та үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Нэг онигоо байдаг юм. Хамгийн сайн хуульч хэн бэ гэж асуусанд эхний хуруугаа дараад “За би ч яах вэ, дараагийнх нь харин хэн билээ” гэдэг шиг. Би гэж өөрийгөө тэргүүнд тавих нь нэг талдаа мэргэжлийн онцлог. Гэхдээ онол, зарчим гэж нэг зүйл бий. Хуулийн мэдлэг боловсролын тухай асуудал ч мөн яригддаг. Өмнө нь хуульчдаа Орос, МУИС-д бэлтгэдэг байж. Харин өнөөдөр хэтэрхий олон хуулийн сургууль орж иржээ. Энэ нь хуулийн салбарын чадамж муудаж байгаагийн нэг жишээ. Шүүгч, прокуроруудыг хар л даа.

Зарим нь огт мэдэхгүй сургуулиуд төгсчихсөн байх жишээний. Дэлхий дээр аль ч улс оронд боловсролыг л дээдэлдэг шүү дээ. Тэгэхээр хуульчдын боловсролын, үзэл бодлын ялгаа гарч байна. Манайд хуулиуд тогтмол солигдож байна. Тухайлбал, Эрүүгийн хууль 1995, 2002, 2012 онд солигдсон гэхээр 10 хүрэхгүй жил болоод л солигдоод байгаа нь ойлголтын зөрүү гарах нэг шалтгаан ч болж байгаа байх.

-Эрх баригч намын хоёр дахь Засгийн газар анхны хаврын чуулганаа нээх дөхөж байна. МАН дотроо багагүй зөрчилтэй байгаа нь нууц биш. Тэгэхээр одоогийн Засгийн газар 2020 он хүртэл тогтвортой ажиллаж чадна гэж үзэж байна уу?

-Ерөнхий сайд нь өөрөө эрх баригч намын дарга. Тэгэхээр Ерөнхий сайдыг дүгнэчихээр намыг нь дүгнэх болчихоод байна л даа. Өмнөх Ерөнхий сайд нь намын дарга биш байсан учраас өөрийг нь дүгнэж болохоор байсан. Ямар ч байсан Ерөнхий сайд муу ажиллах ёсгүй. Манай нам, МАН хоёр нэг угшилтай болохоор салсан эхнэр, нөхөр нэгнийхээ муу явахыг харахыг хүсдэггүй шиг МАН муу явж, муухай харагдаасай гэж боддоггүй юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад маш сайн зөвлөхүүд дутаж байгаа гэж л боддог. Зөвлөхүүд муутай. Дандаа ухаантай хүмүүсээр хүрээлүүлчихсэн. Ухаантнуудаар хүрээлүүлчихсэн хүн ч хэцүү л дээ. Ядаж Засгийн газрын сайдуудаа гаднаас томилсон бол гэж боддог. Гэхдээ Ерөнхий сайдад нам нь байна, 65 суудалтай парламент нь байна. Тэгэхээр муу ажиллах эрхгүй. Муу ажиллачихаад тэрнээс боллоо, энэнээс боллоо гэж хэлэх эрх байхгүй.

Удахгүй хоёр жил хүрэхгүй хугацааны дараа ард түмэн дүнгээ тавина. Ерөнхий сайд гэхээсээ илүү Монголын ард түмний гал тогоог барьж байгаа хүн гэж бодож байгаа. Энэ гал тогоог хоолтой ундтай байлгах эсэх нь Ерөнхий сайдаас өөрөөс нь хамаарна.

-Эрх баригч намын залуу гишүүд “Дэвшилтэт холбоо” байгуулсан. Уг нь МАН ямар ч фракц, бүлэггүй гэдгээрээ имижээ тодорхойлох дуртай. Энэ бүхнийг ойроос харж байгаа хүний хувьд юу бодогддог вэ?

-Түүх давтагдаж байна л гэж харж байна. 1996 онд М.Энхболд 40 залуутай суугаад намаа шинэчилнэ гээд, тухайн үедээ байсан хэдэн дарга нарынхаа албан тушаалыг энхийн цагаар авчихсан юм. Дараа нь тэр дотроосоо Н.Энхбаярыгаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. Одоо тэгээд өнөөдрийн өндөрлөгт эд бүгд иржээ. Дахиад өнөөдөр хэдэн залуу нийлээд намаа болохгүй, хүн нь болохгүй байна гээд шүүмжлэх юм байх.

Өөр өөрийгөө шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Өөрийгөө шүүмжлээд байгаа нь ямар учиртай юм бол. Чадахгүй бол больчих л хэрэгтэй. МАХН-ынхан шүүмжилж болно шүү дээ. Гэтэл өөрийгөө шүүмжлээд байх юм. Хиймээр байгаа юм байвал ороод хий л дээ. Эсвэл намаасаа гараад манай намд ч юм уу ор л доо. Хамтдаа явъя. Дотор нь орчихоод өөрсдийгөө шүүмжлэхээр шантааж шиг харагдаад байгаа юм.

БИ САЙД БОЛООГҮЙДЭЭ ЯМАР ИХ БАЯРЛАЖ БАЙНА ГЭЭЧ-

-Харин ч залуу гишүүд намдаа салхи оруулж байгаа юм биш үү. Та болохоор шинэ Засгийн газраас суудал горилж чадаагүй гишүүд Засгийн газраа шантаажилж байна гэсэн утгаар хэлээд байна шүү дээ?

-Би тэгж л хардаж байна. Энэ хүмүүс сайд хийгээд дэмий л дээ. Би сайд болоогүй дээ ямар их баярлаж байна гээч. Хэрвээ сайд хийсэн бол туршлагагүй учраас нэг цаасан дээр гарын үсэг зурсан чинь буруудчихвал яана. Тэгэхээр энэ дөрвөн жилдээ туршлагажиж, хууль санаачлаад, ажлын хэсгүүд ахлаад явж байх ёстой юм л даа.

Түүнээс Монголоо аварна гээд явж байж болохгүй. Өөрсдийнх нь аргыг би буруутгамааргүй байна. Тусдаа нам байгуулаад явбал би дэмжинэ. 65 хүнээс 15 нь арай ухаантай байсан шүү гэж яриад утгагүй. Тэртээ тэргүй өөрсдийнх нь Засаг, өөрсдийнх нь парламент шүү дээ.

-МАХН доторх асуудал шийдэгдсэн үү. Яг одоогийн нөхцөл байдлаас харахад танай нам 2020 оны сонгуульд хэрхэх бол?

-2020 оны сонгуульд цоо шинэ баг гаргахыг хүсч байна. Манай нам ялах байх. Гэхдээ ард түмэн саналаа өгөхдөө Ерөнхий сайд нь Н.Энхбаяр дарга, Шадар сайд нь Ц.Шаравдорж, Сангийн сайд нь З.Баянсэлэнгэ, Хууль зүйн сайд нь Э.Эрдэнэжамъян байхад өгөх үү гэдэг эргэлзээтэй. Тэд өөрсдийгөө зөвшөөрч болно. Ард түмэн зөвшөөрөх үү гэдэг л байна. Засагт байхдаа янз бүрийн хэл аманд бишгүй л орсон шүү дээ.

Тийм учраас Н.Энхбаяр даргаа та ганц удаа түр хойшоо болоод тоормоз дараад өгөөч. Намаа шинэчилье ээ гэсэн юм. Дүү нь ганцаараа парламентад байгаа юм чинь МАН, АН, МАХН-аас том баг гаргаж ард түмэндээ танилцуулъя л даа гэсэн асуудлыг би уг нь хэлсэн. Түүнээс өмнө нь хийсэн ажлаа мартчихсан хүмүүс гарч ирээд яах вэ дээ. Н.Энхбаяр дарга бид хоёр Оюутолгойн гэрээг яаж хүчингүй болгох вэ гээд Солонгост ярьж л байсан шүү дээ. Тэр яриагаа өнөөдөр мартчихсан явна лээ. “Оюутолгойн гэрээг хүчингүй болгох ганцхан тохиолдол бий.

-Тэр нь ямар тохиолдол вэ?

-“Уг гэрээг хийхдээ хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгээс л гэрээг хүчингүй болгох боломжтой, Баасанхүү” гээд надад хэлж л байсан. Гэтэл өнөөдөр мартчихаж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байхдаа тэр гэрээг хий гэж хэлчихээд одоо болохоор би ёстой эсрэг байсан чинь намайг унагаасан гэж яриад байх юм.

Үндэсний аюулгүй байдлын шийдвэр бол тэргүүн нь гарын үсэг зурж баталгаажуулж байж л явдаг. Уг нь би Н.Энхбаяр даргыг намайг улс төрд оруулж ирсэн ах маань гэж боддог. Гэхдээ ах маань ийм мартамхай байж болохгүй. Ард түмэн, манай Эрдэнэтчүүд мартаагүй санаад байна шүү дээ. Эрдэнэтчүүд мартаагүй байхад Э.Эрдэнэжамъянг тэнд авааччихсан УИХ-ын гишүүн болно, энд амьдар гэчихээд, нөгөөх нь зурагтаар хамгийн ухаантай хүн болоод ярьж байх юм.

-Та өнөөдрийг хүртэл Н.Энхбаяртай нүүр тулж уулзсан уу. Уулзаад энэ асуудлаа ярьж болдоггүй юм уу?

-Бид хоёр чинь хоёулаа намын дарга болчихсон шүү дээ. Одоо нэг уулзмаар байгаа юм. ИЗНН-тай нийлчихсэн байсан. Энэ нам чинь дөрвөн даргатай байсан. Тэгэхээр одоо хоёулаа нэг уулзаад “Та үнэхээр дарга болохыг хүсч байгаа юм бол ойлголцъё” гэж хэлмээр байгаа юм. Яг үнэндээ бол өөрийнх нь томилсон шүүгч нар манай хурлын материалыг бүртгээгүй. Ө

өрөө “Баасанхүү, Хүрэлсүх Ерөнхийлөгч хоёртой нийлээд намыг минь булааж авлаа” гэсэн. Энэ хүний нам биш шүү дээ. Манай гишүүдийн нам юм. Улаан цайм буруу шийдвэр гаргасан. Бага чуулган хуралдаад, Их чуулганаа шийддэг. Их чуулганаар Н.Энхбаяр даргыг дарга болгоё гэхэд өөрөө том толгой гаргаад ирээгүй. Намынхаа гишүүдийг зодож, хаалга үүдийг нь түгжсэн. З.Баянсэлэнгийн салаавч гаргаж, орилж хашгирсан бичлэг нь байгаа. Бага хэмжээний дайн болсон шүү дээ. Хуралд ирсэн хүмүүсийн ихэнх нь хөгшчүүд байсан учраас аль болох би янз бүрийн асуудал үүсгээгүй.

Бид гишүүд дээр суурилж Бага чуулганы шийдвэрээр хурал хийсэн. Манай хүн бол мөнгөн дээр суурилж хийсэн. Ямар гоё зааланд олуулаа юм бэ. Зуун хувийн саналаар гээд байгаа. Санал хураалтыг ил авахгүй гэсэн дүрэмтэй л дээ. Бид одоо коммунизмд орохгүй ээ. Ухарсан түүх байдаггүй юм. Урагшилсан түүх л гэж байдаг

-ЦААШИД ОЛОН ШИЙЛЭГДАМБА, ОЛОН БАЯНСЭЛЭНГЭ ГАРНА-

-МАХН-ын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба хоригдчихсон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мөн шалгагдаж байна. Араас нь Шадар сайд асан Ц.Оюунбаатар шалгагдаад эхэллээ. Та энэ үзэгдлүүдийг юутай холбож тайлбарлах вэ?

-Энэ бол МАХН-д байгаа юм биш. Тэд хулгай хийх ёсгүй л байхгүй юу. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой. Улс төрийн намд санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилтээ олж ир л гэдэг байсан юм. Харин хамгийн эрх нь би байсан юм шиг байгаа юм. Би юу ч өгдөггүй байсан. Нам дотор санхүүжилт олох тухай балай ярианууд өчнөөн л гардаг. Юуг нь нуух вэ.

Улс төрийн намын хууль, улс төрийн санхүүжилтийн хууль нь болохгүй байгаа учраас шударга байхыг хүсч байгаа би хүртэл, шударга байсан гээд байгаа Х.Тэмүүжин хүртэл бүгд ямар нэг байдлаар улс төрд орохоор хүнд байдалд ордог. Цаашид олон Шийлэгдамба, олон Баянсэлэнгэ гарна. Ийм систем хэрвээ байгаа бол болих хэрэгтэй. Энэ бүхнээс би хараад ёстой ингэж болохгүй юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймдээ ч байраа барьцаанд тавиад л сонгуульд орсон.

-Н.Энхбаярыг УИХ-д орж ирэх гэж байна гэсэн яриа гарах болсон. Тийм боломж бий юу?

-2012-2016 онд Н.Энхбаяр дарга Шадар сайдын өрөөнд л сууж байдаг байсан шүү дээ.Хэнийг сайд болгох, болгохгүй тухай яриад л сууж байдаг байсан. Нэг инээдтэй жишээ хэлье. Батлан хамгаалахын сайдыг томилох үеэр ганцхан Н.Энхбаяр дарга л шийдвэр гаргана гээд хүлээцгээгээд байдаг. Тэгсэн тухайн үед Н.Энхбаяр даргын хэлснээр надаас өөр хүн байхгүй байж.

Би ч дотроо сайд болоод дэмий гэж бодсон учраас Н.Энхбаяр дарга руу яриад “Дарга аа, би сайд болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэгэхэд өөдөөс “Юу ярьж байгаа юм бэ, улс төрд орж ирж байгаа хүн эхнээсээ том юм хийх ёстой. Чамайг болгоно гэж би бодоод байгаа” гэдэг юм байна. Яах вэ, тухайн үедээ шинэ ч байж. Хэсэг хугацаанд өөрийгөө сайд болвол яах бол гэж бодож амжаад байгаа юм. Орой нь намайг сайд болгохгүй ээ гэдэг шийдвэр гаргасан байсан.

Гүйцэтгэх товчооны гишүүдийн саналаар сонгоно гэсэн чинь олонхи нь миний эсрэг саналаа өгөөд, нэг залуу миний төлөө өгчихөж. Тэгсэн өнөө залууг зодох гэж дайраад, намын даргын эсрэг өгч байгаа юм гэснийг нь над руу утсаар яриад хэлж байж билээ. Энэ мэт хошин шог болж байсан. Би яах вэ, УИХ-ын гишүүн хийгээд үзчихлээ. Одоо би улсынхаа төлөө хөдөлж, багаа бүрдүүлмээр байна шүү дээ. Н.Энхбаяр дарга Оюутолгойн гэрээг яаж засахыг мэднэ гээд байгаа юм. Мэддэг байсан юм бол тэр үедээ засахгүй яасан юм бэ.

Тавантолгойг өнөөдөр хувьцаа болгож, иргэдэд тараана гэдэг бол шал худлаа шүү. Н.Энхбаяр дарга эрх мэдэлтэй байсан. Хүмүүс айж, чичирдэг байсан нь үнэн шүү дээ. Тэгээд тийм байхдаа хийхгүй яасан юм бэ. Одоо тэгээд Монголоо аварна гэж юу байсан юм бэ.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч бий” гэж хэлснийг та өөрийн цахим хуудастаа байршуулсан бичлэгтээ дурьдсан байсан. Үнэхээр ийм асуудал байсан юм уу?

-Тэр шүүгчийн талаар би дуулж байсан. АТГ энэ асуудлыг шалгаад, эрүү үүсгэж байсан асуудал. Гэхдээ тэр шүүгч нь нас барчихсан юм билээ. Тэрийг нь нөхдүүд гаргаж ирээд яриад байгаа юм. Миний сонссон дуулсан хүн мөн бол шүү дээ. Нэрийг нь хэлээгүй болохоор яг таг хэлж мэдэхгүй. Хулгайч шүүгч байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Баянголын тэндээс “Лексус 570” машин унаад явж байгаа шүүгчийг хараад би “Энэ хулгайч шүүгч байна даа” л гэж бодсон. Би өмгөөлөгч хийхдээ тав, зургаан байр цуглуулж чадаагүй.

Хамгийн мөнгө олох боломжтой нь өмгөөлөгч шүү дээ. Би 1997-2011 он хүртэл өмгөөлөгч хийсэн. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, эхнэр хүүхэд, ээж аавтайгаа бизнес хийж арай гэж л амьдарч байгаа. Гэтэл тэдний хувьд өнөөдөр мөнгө төгрөгтэй байна гэдэг их эргэлзээтэй. Эргэлзээг тайлахын тулд шалгуулах ёстой.

Ц.ТАМИР