С.Эрдэнэ: МАН хоёр жилийн дотор 2,4 тэрбум долларын өр тавиад юу ч хийсэнгүй
2018.03.10

С.Эрдэнэ: МАН хоёр жилийн дотор 2,4 тэрбум долларын өр тавиад юу ч хийсэнгүй

Цагаан сарын өмнөхөн намрын чуулган завсарласан. Төд удалгүй хаврын ширүүн улстөр, хүндхэн өдрүүд эхэлнэ. Нэг нам хэт олонхоороо улс орныг удирдаж байгаа өнөө үед тэднийг амласныг сануулж, бурууг залруулж, ард иргэдтэйгээ хамт жагсаал хүртэл хийсэн хүчтэй сөрөг хүчин бол яахын аргагүй Ардчилсан нам, түүний бүлгийн есөн гишүүн юм. Хаврын их улс төр эхлэхээс өмнөхөн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Цагаан сар өндөрлөж, цас ханзраад урин хавар ч ирж дээ. Та сайхан хаваржиж байна уу? Сонин сайхан ихтэй биз дээ. Хаврыг хэрхэн угтаж байна вэ?

Сайхан хаваржиж байна. Танай сонин, сайтын уншигчдад ч бас хаврын мэнд дэвшүүлье. Жил бүрийн хавар, намарт улстөр нийгмийн амьдрал идэвхэждэг. Энэ жамаараа л явна. Нэлээд ширүүн уур амьсгалтай, нөхцөл байдал хүндхэн байх төлөвтэй байна. Оюутолгойн олборлолт, борлуулалт, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн барьцаалагдсан 51 хувь гээд уул уурхай салбарыг хамарсан нэлээд том акцууд үүсэх шинжтэй.

Манай намын хувь ч бас уул уурхайн ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалт, ажлын байр, эерэг сөрөг асуудлууд их байгаа учраас энэ салбарт голлон анхаарч байна. Анхаарал хандуулах хамгийн чулах зүйл нь нөхөн сэргээлт. Байгаль экологи сүйрч, говийн хөрс эвдэрч байна. Нэг ширхэг ургамал, нэг ширхэг шавьж ч дахин төрөх ямар ч боломжгүй болсон нь харамсалтай.

Бид өөрсдөө бүтээгээгүй байж, заяамал тэр зүйлийг ариун дагшин хэвээр нь хадгалж, хамгаалах л ёстой. Бид компьютер бүтээж чадах ч байгаль дэлхийг уул уус, амьтан ургамалтай нь дахин бүтээж чадахгүй. Хэн дуртай нь газар ухаад, тонн тонноор баялгаа гадагш зөөж байгаа ч хөрөнгө оруулалтын үр өгөөж нь хэр байна, татвар хураамжийн  нэмэр нь ямар байна вэ гэдгийг бид яалт ч үгүй хөндөх ёстой.

Намрын чуулган үр дүнтэй байж чадсан уу...?

Ёстой хэцүү дээ... Баахан хэрүүл, Засгийн газрын томилгоо, Эрдэнэтийн маргаан гээд л өндөрлөсөн дөө... Баахан том зээл л авлаа ш дээ. Нэг километр зам ч тавигдсангүй. Үр дүнгээр нь тооцвол энэ парламентын намрын чуулган хангалтгүйгийн дээдээр хангалтгүй байсан.

-Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүжин, Д.Дорлигжав, Сангийн сайд асан Б.Болор, Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын 116 хүнийг Ардчилсан намаас хөөсөн гэх мэдээлэл цацагдах боллоо. Үнэн үү?

Ардчилсан намын шинэчлэл одоо ч дуусаагүй. Тэднийг Ардчилсан намаас хөөгөөгүй, хасаагүй. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Тэд бол сайн ч, муу ч энэ улсын Засгийн газарт байж, ардчилсан намын бодлогыг хэрэгжүүлж явсан хүмүүс. Тэд хөөгдөх ардчиллыг бүтээгээгүй юм. Мэдээж шүүмжлэл байлгүй л яахав. Үндэсний бодлогын хороон дахь тэдний суудалд родацийн сонгууль явуулж байгаа нь үнэн.

Яагаад гэвэл тэд анхан шат, сум, баг, хорооны ажилдаа идэвх муутай байгаа учраас дараагийнх гишүүдээр сольж байгаа гэж ойлгож болно. Надад тэднийг Ардчилсан намаас хөөх шалтгаан, үндэслэл байхгүй. Би ганцаараа дур мэдээд хөөдөг зүйл ч биш. Залуучуудад боломж олгож, дараагийн гишүүдээ бэлтгэж байна.

ҮБХ-д байсан тэр гишүүд одоо АН-ын идэвхтэн гишүүн хэвээрээ байгаа. Намын шинэ дүрэмд зааснаар Дотоод сонгуулийн хорооноос родацийн сонгуулийг байгуулж байна. Хэний оронд хэн нэр дэвшиж байгаа нь ил тод зарлагдсан.

-Та гурван жилийн өмнөөс л “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 51 хувийн асуудлыг ярьж эхэлсэн. Ш.Батхүү гэдэг хүний тарьсан балгийг явж явж төр л төлөхөөр болж байгаа нь харамсалтай ч юм аа даа

51 хувь бол “Эрдэнэт үйлдвэр” ХК байгуулагдсан цагаас л яригдсан, маапаантай зүйл. Гэв гэнэтхэн гараад ирсэн юм биш. 51 хувьд асар их бохир улс төр, лобби явагдсан. Энэ үйлдвэрийн хувь заяа эрх баригчидтай шууд хамаатай. Тэр бүүхэл би томоохон улс төрчдийн ах дүү, хамаатан садангийнх нь шахааг, булхайг хүртэл зарлаж, ил болгосон.

Төр үүнийгээ анхаараач ээ гэж мартсаныг нь сануулсан. Би үүргээ гүйцэтгэсэн. Даан ч эрх баригчид одоо ч тоохгүй, анхаарахгүй байгаа нь эмгэнэл юм. 49 хувийг Засаг нь авна уу, хувьд нь өгнө үү тэр хамаагүй. Ямар ч гэсэн хүний нутгаас эх орондоо ирчихсэн, Монголын баялаг болчихсон. 51 хувь нь сайн яривал Хятад руу очиж байна.

Стандарт банкны тодорхой хувийг Хятад компани авсан. Эрдэнэтийн 51 хувь нь энэ банкны барьцаанд байгаа гээд бодохоор ингэж хардаж болно. Эрх баригчдийн булхай, луйвар, муу муухай нт илэрч, үнэнд гүйцэгдэж байна. Д.Сугарын гарын үсэгтэй баримт нь ил болчихлоо ш дээ. Одоо бодвол тэр нөхөр хэлсэн хүрч 461-ийн гадаа очно биз.

Эрдэнэттэй холбоотой нэг сонирхол татдаг зүйл нь гурван удаа шатсан тохиолдол. Яах гээд, хэн, ямар зорилгоор түүнийг шатааж вэ гэдгийг шалгахгүй л байгаа. Мөн бодит олборлолт, ашигт аудитын шалгалт ордоггүй. Орсон ч үнэн бодит дүгнэлт гардаггүй гэх мэтээр маш олон ноцтой зүйл бий.

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гээд өмнөх дөрвөн жилд улс орныг удирдаж байсан танай намын нөлөө бүхий хүмүүсийг улсад их хэмжээний хохирол учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэт үндэслэлээр шалгаж байгаа тухай АТГ болон хууль хяналтын байгууллагаас мэдээлэлж, хэвлэлээр шуугих боллоо. Та ч бас өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын гишүүн байсан хүн. Ардчилсан намын Засгийн газар үнэхээр муу ажилласан юм уу, эсвэл эрх баригчид та нарыг зориудаар муу юм хийсэн гэж харагдуулах гээд ингээд байгаа юм уу? Намын даргын хувьд та нэг тоймтой хариу хэлээч?

Хэн нь ажил хийж, хэн нь хийрхэж, худал ярьж байгааг ард түмэн харж байгаа. 2012-2016 онд АН-ын Засгийн газар ямар бүтээн байгуулалт хийснийг мартаж болохгүй. Үнэхээр завгүй байж, зам тавьж, барилга барьж, хүн амыг төрийн бодлогоор дэмжсэн. 100 гаруй мянган орон сууцнаас 70 гаруй мянгад нь айл орж эзэнтэй болсон. 3000 гаруй километр урт авто зам байгуулсан. Гудамж төсөл, том том үйлдвэрүүд гээд тоочоод байвал олон юм бий. Алдаа байсан л байх, гэхдээ оноо нь илүү шүү.

Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэх ёсгүй. Хууль нь ийм юм. Энэ миний ч баримталдаг зарчим. Шалгаж байгаа байгууллага нь үнэн мөнгийг нь тогтоог. Намын дарга гээд өмөөрч байгаа юм биш. Үнэхээр гэм буруутай байвал шийтгэлээ хүлээх л ёстой.

Өнгөрсөн 4 жилийн АН-ын засаг одоогийн МАН-ынхаас хавь илүү байж дээ гэдгийг ард түмэн ярьдаг юм билээ. Ард түмэн нь дүгнэчихсэн байхад би ярих нь илүүц биз. Аль намын хэн байх нь хамаагүй. Хууль шүүхийн эцсийн шийдвэрийг л дагах ёстой. Тэрнээс биш Гэндэн, Дэмидийн хэрэг гэдэг шиг гүжирдсээр байгаад хэрэг тулгаж буудаж алдаг коммунист аргаас татгалзах хэрэгтэй.

Ардчилсан нийгэм, хуульт ёстой улс биз дээ. Яг үнэн мөн л тогтоогдоогүй байхад аль хэдийн гэмт хэрэгтэн болгочихсон, түүнийг үзэн яддаг болоод оронд нь өөр хүн оруулж нөхөн сонгууль явуулах гэж байгаа мэтээр ярьдчиг увайгүй, явуургүй сэтгэлгээнээсээ салах ёстой. Нэг УИХ-ын гишүүний нэр холбогдсон хэрэгт ач холбогдол өгөөд нөхөн сонгуулийг нь зарлачихсан, нэр дэвшиж өрсөлдөх бусдыг нь ч бас тодруулчихсан байгаа нь буруу жишиг юм.

-Одоогийн эрх баригчдын үйл ажиллагаа хэрхэн явж байна. Мөн л танайхтай адил хоёр ч засгийн газар солигдлоо шүү дээ?

2 дугаар сарын 01-ний жагсаалыг эс тооцвол эрх баригчдийг манай намынхан гөрдөж, гүтгэж дайрч давшилж янз бүрээр аашилсангүй.  Гаргасан алдаа бүгдийг нь бодит байдлаар, баримттайгаар ярьж, асуулга тавьж байгаа. Нэг жишээ хэлье. Өмнөх их хурлын үед өрийн тааз 58 хувь болох гэж байхад дампуурлаа, улс орон удирдаж чадахгүй байна гээд юу гэж хашгирч байлаа. Гэтэл одоо яаж байна.

Хоёр жилийн хугацаанд өрийн тааз 100 давчихсан байгаа. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед Засгийн газрын гадаад өр нэг тэрбумаар нэмэгдсэн байдаг бол 2016-2018 оны хооронд МАН-ын хоёр Засгийн газар 2,4 тэрбумаар гадаад өрөө нэмэгдүүл чихсэн. Энэ их өрөөр эд юу хийсэн юм бэ...? ярьдаг юм нь гаднаас зээл.

Нөгөө зээлээ муу аргаар үрж байна. Сайд нартаа унаа тэрэг авч өгнө. Зээлээ төсөв рүү шингээгээд, төсвөө нөхөж, улсаа өрөнд оруулж байна. Мөнгө угаах башир арга хэрэглэж байна. Хавар дөрвөн сарын эхээр Ардчилсан намын зүгээс өмнөх дөрвөн жилд гаднаас зээлсэн мөнгө, бондоор ямар бүтээн байгуулалт хийж, юунд ашигласан тухайгаа сар өдрөөр баринтагласан тайланг гаргана.

Түүний дараа хоёр жилийн дотор МАН- зээлсэн мөнгөөрөө юу хийв гэдгийг нь гаргаж тавихийг шаардана. Хэрэв тайлангаа гаргаж тавихгүй бол бид дараагийн тэмцэлд орно. Энэ улс орон чинь сүйрлээ ш дээ. Ингэж хонцын сэтгэлээр хандаж болохгүй.

-2018 оны 02 дугаар сарын 01-нд болсон “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг Ардчилсан намынхан санаачлан зохион байгуулсан. Түүнээс өмнөх өдрийн хэвлэлийн хурлаар ч тэр, жагсаалын үеэр  ч тэр УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүд огцорход бэлэн гээд мэгдсэн. Яагаад та нар өөрсдийн санаачилгаараа огцорчхож болохгүй байгаа юм бэ?

Энэ бол Ардчилсан намын есөн гишүүний асуудал биш. Бидний ард тодорхой тооны сонгогч, дэмжигчид байгаа. Тэр хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, үнэгүйдүүлж болохгүй. Манай намд Монголын ард түмний 40 гаруй хувь нь саналаа өгсөн юм шүү.

Тэдэн рүү нулимж болохгүй. 65 суудал авсан олонх үнэхээр чадамжгүй их хурал байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд огцорвол бид сандал ширээтэй зууралдах ямар ч шаардлага байхгүй. Харин 65 хүнд төрийг сул, хяналтгүй үлдээгээд бид ес огцорлоо гээд юу хожих юм. Бид яахын гудамжинд гарчхаад тэндээс лааз өшиглөөд эсэргүүцэж орлих юм уу. үгүй л байхгүй юу.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед “сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай” хуулийн төсөл АН-ын тэргүүлсэн УИХ-аар ороод амжилт олоогүй. Харин энэ парламентад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн санаачилсан “УИХ-ын чуулганы хуралдаанд суудаггүй болон тасалдаг гишүүдэд хариуцлага тооцох” тухай хуулийн төсөл яригдаж байна. Үүнийг та хэрхэн хүлээн авч байна вэ?

УИХ-ын гишүүнд хууль санаачлах, батлах, ажлын хэсэгт оролцох, батлагдсан хуулийг сурталчилах, хэрэгжилтэд хяналт тавих гэх мэт хуулиар олгогдсон хэд хэдэн үүрэг бий. Байнга чуулганы танхимд суудаг, хурал тасалдаггүй, дуугүй суугаад байдаг гишүүнийг сайн хүн гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт.

Улс оронд хэрэгтэй хууль санаачилж, батлуулдаг байх нь чухал. Хариуцлага ярих нь зөв. Гэхдээ УИХ-ын чуулганы хуралдаан тасалдаггүйг ээрээ биш, хэдэн хууль санаачилж, батлуулсан үр дүнгээр нь хариуцлага ярих хэрэгтэй. Дөрвөн жил суучхаад нэг ч хууль батлуулаагүй гишүүд байдаг ш дээ.

-Та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрхэн үр дүнтэй ажиллав?

Би өнгөрсөн найман жилийн хугацаанд 62 хууль санаачилж, 51 хуулийг нь өргөн барьж, 31 хуулийг нь батлуулсан байдаг. Энэ парламентад найман хуулийн төсөл санаачилж, тавыг нь өргөн барьсан. Олонхын бүлгийн эсэргүүцэлтэй маш их тулгарсан. Гэхдээ яахав шат дарааллаараа явж байна. Дахиад хэд хэдэн хуулийн төсөл дээр сууж байгаа.

-Дундговийн Б.Наранхүү гэж өдрийн од шиг хүн нэг байна. Түүнийг эгүүлэн татна гээд хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хүртэл бичиг явуулаад амжилт олсонгүй. Хуралдаа ч суудаггүй, ордонд ч ирдэггүй энэ хүнд намын даргын хувьд хариуцлага ярих ёстой юм бишүү? Та ярьж хэлж үзсэн үү. Үнэндээ АН-ыг ес биш найман гишүүнтэй юм шиг л байлгах юм?

Намын даргын хувьд бид уулзаж, санал бодлыг нь солилцож байсан. Ер нь бол тухайн хүний оролцоо, идэвх нь хүний эрхийн асуудал. Би АН-ын дарга л болохоос биш УИХ-ын гишүүний хувьд яг адилхан. Удаа дараа уулзаж ярилцсан. Манай хүн ч учир байдлаа хэлэлцэж, өөрөө тайлбар хийсэн.

-Ямар тайлбар өгдөг юм бэ?

Тэр нь хувь хүний нууц учраас би задлах эрхгүй. Энэ хүн өөрөө үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх ёстой.

-Эх орончдын өдрөөр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “МАН-ын Монгол улс, АН-ын Монгол улс гэж байхгүй ээ. Одоо талцахаа больё. Хамтдаа нэгдээд, улс орноо хөгжүүлье” гэж хэлсэн. Танай намын байр суурийг сонсохоор дандаа эсэргүүцсэн хандлагатай ч юм шиг тайлбар хийх юм. Ер нь дэмжээд, хамтраад явчихаж болдоггүй юм уу?

Ардчилсан нам ч бас адилхан л байр суурьтай байгаа ш дээ. Харин ч бид бүтэн хоёр жилийн хугацаанд за яахав, эсэргүүцээд, муулаад, гацаагаад яахав, улс орон, ард түмэн минь хохирно гэж бодоод хангалттай дуугүй явсан. Хоёрдугаар сарын 01-ний акцийг эс тооцвол бид үг дуугүй байсан шүү. Саад тээг болоогүй. Шүүмжлэлгүй төр гэж хаана ч байхгүй л дээ. Бид алдааг нь засаж, залруулах гэж л хэлээд байгаа юм.

Даан ч тоохгүй, хүлээж авахгүй хүчээр шийдээд байна. Шүүмжлэхийн тулд албаар шүүмжлээд байгаа юм биш. Зөв бодлого явуулъя л гэж байна. Бид үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу л дуугарч байна. Цагаа олсон зөв шүүмжлэл бол эмчилгээ л гэсэн үг. Үүндээ битгий эмзэглээд, томоор хүлээж ав. Том том зээл бонд авах нь буруу. Түүгээрээ юу хийхгүй, нэг байшин, орон сууц ч барьж чадахгүй байгаа нь туйлийн буруу.

Ийм зүйлийг нь бид хэлэх л ёстой. Өөр хэн хэлэх юм бэ. Сайд дарга нараа тэжээж тэтгээд л хүүхдийн мөнгөө хасаж байгаа нь зөв биш шүү дээ. Бид болж байвал бусад нь яахав, 20-30 жилийн дараа эрх барьж байгаа нам нь төлнө биз гэсэн хонцын бодол, цэвдэг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Үүнийг нь хэлсэн юм.

-Өмнөх дөрвөн жил та Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг толгойлж байсан. Ардын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа танай яам хэрхэн ажиллаж байна гэж дүгнэх вэ?

/инээв/ Одоо тийм яам байхгүй шүү дээ. Манай Засгийн газрын үед хөдөлмөрийн яамыг онцгойлж, бие даасан статустай хөгжүүлж гол бодлогоо хэрэгжүүлж байсан. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр гэдэг бол хамгийн том асуудал байлаа. Өнөөгийн ядуурлын гол үндэс нь ажилгүйдэл. Аль ч улсын хамгийн чухал талбар бол хөдөлмөр эрхлэлт.

Харамсалтай нь Ардын намын хоёр Засгийн газар энэ бодлогыг үгүй хийчихсэн.  Хүн амын хөгжлийн үндсэн бодлогыг шууд хаясан. Саяхан би АНУ-ын Нью-Йорк хотод урилгаар очихдоо манай Засгийн үед хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хөгжлийн талаар өмнө нь хамтарч байсан хүмүүстэйгээ уулзаад ирлээ.

Монгол улс уг нь хүн амын хөгжлөө төрийн бодлого болгосон хамгийн зөв замыг сонгосон улс байсан. Одоо ингээд тэр бодлого алдагдаж байгаад харамсаж байна гэсэн. Манай гадаад харилцааны сайд нэг удаа НҮБ-ын ногоон индрээс үг хэлээгүй байхад би гурван удаа үг хэлж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, төрийн албан хаагчдын тухай УИХ, ЗГ-аас гаргасан шийдвэр, хуулийг дэлхийд таниулж байлаа.

-Банкны хүүгийн тухай хуулийн төсөл санаачилж байгаа. Хаврын чуулганаар батлуулж амжих болов уу. Засгийн газраас санал авсан уу?

Засгийн газраас санал авах гээд өгчихсөн. 30 хоногийн дотор хариу өгөх хуультай. Энэ хугацаа нь удахгүй дуусна. Засгийн саналтай саналгүй УИХ-ын даргад өргөн барина. Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ёстой. Энэ бол мөнгө хүүлэх үйл ажиллагаа болоод байна.

Одоо таслан зогсоох цаг нь болсон гэж үзсэн учраас энэ хуулийн төслийн санаачилж байна. Арилжааны банкууд мөнгө хүүлэгч болчихсон. Манай одоо болтол хөрөнгийн зах зээл рүүгээ орж чадаагүй. 10 их наяд гаруй төгрөг арилжааны банкны активт байна. 1954 онд Япон улс мөнгө нь эргэлтэд орохоо болиод зогсонги байдалд орчихсон байсан.

Тэгэхээр нь төрөөс бодлого гаргаад арилжааны зээлийг 20 хувиар тогтоогоод хуульчилсан. 20 хувиас дээш бол мөнгө хүүлэлт гээд заачихсан. Одоо 76 улс тийм хуулиар явж байна. Намайг энэ хуулийг санаачилж байхад банкныхан эдийн засагчдийг хөлслөөд, элдэв нэгээр бичүүлж байна. Маш их дарамт шахалт ирсэн.

-Төрөөс эдийн засгийг хүчээр зохицуулж болохгүй гэдэг шүү дээ?

Үгүй. Заавал төрөөс зохицуулах ёстой. Монголыг төр л хязгаарлах ёстой. Намайг мангас, чөтгөр гэнэ үү юу гэнэ. Тааллаараа болог. Ямар ч гэсэн би энэ хуулийг батлуулхын тулд бүхнийг хийнэ.

-Олонхоос дэмжлэг авч чадах уу. Ж.Энхбаяр нарын гишүүд бас адил, төстэй хууль санаачилж байгаа шүү дээ?

Энэ хуульд ямар нэг нам хамаарахгүй. Иргэдийнхээ нуруунаас бага боловч ачаа авахыг зорьж байгаа нь дэмжих байх. Бизнес эрхлэгчдийн хувь заяаны л асуудал шүү дээ. Би ил тод зарлана. Тэгээд дэмжих нь дэмжинэ биз. Би энэ хуулийг гурван жил гаран судалж байна. Гадаад, дотоодын маш олон хуультай харьцуулж, олон эдийн засагчдийг хуулийн төсөл дээр урьж, санаа оноог нь авч тусгасан маш том, далайцтай, цар хүрээ ихтэй хууль болж байгаа.

-АН-ын даргын хувьд нэг жилд эх орноо гурван удаа бүтэн тойроод ирсэн билүү. 2018 онд хөдөө гадаа явав уу?

2017 онд 21 аймгаар таван удаа очсон. 2018 он гараад 5 аймгаар очсон. Цагаан сарын дараахан Европын орнуудад томилолтоор явж, Испанийн Мадрид хотод болсон Дэлхийн ардчилсан улсуудын их хуралд оролцоод ирлээ. 134 орныг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага.

Энэ холбооны шинэчлэлийн хурал болж таарсан. Манай намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар дэлхийн ардчилсан холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ганзага дүүрэн олзтой ирсэн. Францын Ардчилсн намын дарга болон Германы холбогдох албаныхантай уулзсан.

Намын шинэчлэлийн хүрээнд гадаад харилцааны асуудлыг чухалчилж байна. 2020 онд Ардчилсан намын 30 жилийн ой болно. Энэ хүрээнд хамтран ажиллаж байгууллагуудтайгаа уулзаад ирлээ.

                       ЭХ СУРВАЛЖ: WWW.ULSTURCH.MN