2018.03.07
Г.Тэмүүлэн: Талцал, хагаралгүй л байвал Монгол улс хөгжинө
УИХ-ын залуу гишүүд Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг санаачилсан юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.
-Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөл боловсруулах болсон гол шалтгаан юу байв?
-Монголын нийгмийн хөгжилд тушаа болж буй асуудал бол хий хоосон улстөржилт, намчирхал, талцал юм. Үүнийг зогсоохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төр бий болгох, Монгол Улсыг хөгжлийн замд оруулах боломж бололцоо байхгүй. Иргэдээс ч бидэнд ирүүлж буй өргөдөл гомдлын дийлэнхийг улстөржилт, намчирхал, төрийн албаны халаа сэлгээ, төрийн бодлого үйл ажиллагаатай холбоотой асуудал эзэлдэг.
Бүх л шатанд нүүрлэсэн талцал, намчирхлыг бүрэн цэгцлэхгүйгээр ёс зүйт төр, төлөвшсөн нийгмийг бид бүрдүүлж чадахгүй. Цаашид бидний баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлтээс улс орны хөгжил дэвшил, ирээдүй ихээхэн хамаарна. Бид асуудлыг арай өөр өнцгөөс, илүү бодитойгоор харах, шүүн тунгаах хэрэгтэй байна.
Иймд улс орны хөгжлийн суурь болсон асуудлыг шийдвэрлэх үүднээс УИХ дахь залуу гишүүд хамтран энэ хуулийн төслийг гурван сар гаруй хугацаанд боловсруулсан. Нөгөө талаас хөгжлийн бодлого, язгуур эрх ашиг, зарчмын гол асуудалд улс төржихгүйгээр нэгддэг үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, тогтолцоо хэрэгтэй байна.
Улстөрийн намууд хариуцлагатай, үйл ажиллагаа нь хязгаартай, ялсан намын Засгийн газар нь зөвшилцсөн хөгжлийн бодлогоо тууштай мөрддөг байх шаардлага байгаа учраас Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
-Хуулийн хүрээнд Монголын нийгэм болон улс төрийн намуудад томоохон ямар өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бэ. Гол зорилго юунд чиглэж байна вэ?
-Улс төрийн нам болон төрийн үйл ажиллагааны зохистой зааг, хязгаарыг хуулиар тогтоох зорилготой. Мөн үүний хүрээнд төрийн үйлчилгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, улс төрийн зарим үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт хийж байгаа юм. Хуулийн төслийг баталж хэрэгжүүлснээр дөрвөн том зарчмын өөрчлөлт хийнэ.
Тухайлбал, анхан, дунд шатны сонгуулийн болон төрийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Учир нь, намчирхал, талцал, улстөржилт төрийн байгууллагын шат бүрт бий болж, газар авсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улс төрийн 7282 албан хаагч анхан, дунд шатны сонгуулиар сонгогдож, томилогддог. Гэтэл намчирхал, талцлаас болж, бэлтгэгдсэн цөөн хэдэн боловсон хүчнээ намын харьяаллаархуваадаг.
Сонгуулийн тогтолцооноос шалтгаалан ажилгүй болсон нь намынхаа ажпыг хийдэг бол ажилтай нь намынхаа бодлогоор алагчилсан бодлогыг иргэдэд хүргэдэг байдал анхан шатанд нүүрлэсэн. Үүний цаана ард иргэд хохирч, Монгол Улсын уртхугацааны хөгжил саардаг.
Тиймээс анхан шатны улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох нь зүйтэй. Улс төрийн намын оролцоогүйгээр иргэд өөрсдийн төлөөллөө сонгодог болох зохицуулалтыг хийж байгаа. Мөн орон нутаг дахь боловсон хүчнийхээ нөөц бололцоог намын харьяалалгүйгээр бүрэн ашиглах боломж хуулийн төслийн хүрээнд бүрдэнэ. Талцал гэдэг асуудлыг анхан шатнаас хязгаарлах нь зүйтэй.
-Сонгуульд ялсан намынхан өмнөх Засгийн газрын хийж байсан ажлыг үгүйсгэж, үүнээс үүдэн урт хугацааны хөгжлийн бодлого өөрчлөгдөж улмаар алдагдахад хүрлээ гэж шүүмжилдэг. Уг асуудлыг энэ хуулиар зохицуулах уу?
-Монгол Улсын язгуур эрх ашгийн асуудлаар хоорондоо талцдаг байдлыг еөрчлөх нь зүйтэй. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудалд аливаа улс төрийн хүчин, эрх бүхий албан тушаалтан талцаж, улстөржүүлдэг асуудлыг цэгцэлж үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах тогтолцоог бий болгох томоохон өөрчлөлт хийх юм.
Сонгууль болохоор улс төрийн намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжилд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх амлалт нэгнээсээ түрүүлж өгдөг. Монгол төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл байх ёстой. Бид урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжпийн бодлого олон удаа боловсруулдаг ч улс төрийн намууд хариуцлагагүй учраас хэрэгжүүлдэггүй.
Засгийн газар нь хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоо алга байна.Иймд Монгол Улсын язгуур эрх ашиг, хөгжлийн урт хугацааны бодлоготой холбоотой асуудалд улс төрийн хүчин, нам, иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн өмнө зөвшилцөж, дараа нь хяналт тавьж, хариуцлага тооцдог тогтол- цооны эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.
-Улс төрийн намууд сонгуулийн өмнө зөвшилцсөн ч дараа нь хяналт, хэрэгжүүлэлт хангалтгүй байсан тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох вэ. Энэ талаар хуулийн төсөлд ямар заалт оруулсан бэ?
-Ийм тохиолдол гарвал тухайн улс төрийн нам, хүчний үйл ажиллагааг нь хязгаарлах, зогсоох зэргээр хариуцлага тооцох заалтыг хуулийн төсөлд тусгасан. Аливаа намын үзэл баримтлал, чиг хандлагын ялгааг үл харгалзан ялсан намын Засгийн газар хөгжлийн зөвшилцсөн бодлогоо тууштай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг шиг хариуцлагын тогтолцоог дээрээсээ буюу төр засаг, улс төрийн нам, улстөрчдөөс эхлүүлэх нь зүйтэй гэж бид үзсэн.
-Дээр дурдсанаас гадна улс төрийн нам, эвсэлд хуулийн хүрээнд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Төрд ажиллаж үзээгүй хүмүүс улс төрийн намаар дамжиж төрийн өндөр албан тушаалд очдог жишиг бий. Тиймээс төрийн үйл ажиллагаа, томилгоонд намууд ил болон далд байдлаар нөлөөлөхийг хатуу хориглож өгсөн. Хэрэв төрийн албаны томилгоонд улс төрийн нам, хүчин ямар нэгэн байдлаар нөлөөлбөл тухайн намын үйл ажиллагааг зогсоох хэмжээний хатуу заалт оруулсан.
Энэ заалт аль ч намд үйлчилдэг байх ёстой. Төр, улс төрийн нам хоёрын байх ёстой хил хязгаар, оролцоо нөлөөллийг тодорхой тогтоож өгөх хэрэгтэй. Мөн улс төрийн намаар дамжиж, төрийн албанд очдог, намууд төрийн албан хаагчийг бэлтгэдэг асуудлыг хатуу хязгаарлаж байгаа.
-Төрийн албаны тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч улстөржилтийн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талд ямар бодлого тусгасан бэ?
-Төрийг илүү бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг улс төрийн намаас хараат бус байлгах гарц шийдлийг эрэлхийлж байгаа. 1994 онд баталсан Төрийн албаны тухай хуульд гурван ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэтэл төрийн үйл ажиллагаа, томилгоонд улс төрийн нам шууд болон шууд бус байдлаар оролцдог, нөлөөлдөг явдал байсаар байна. Төрийн алба тогтворгүй, улс төрийн намууд хариуцлагагүй байхад хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс төрийг бэхжүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намаас хараат бус байлгах нь хуулийн төслийн бас нэгэн зорилго юм.
-Үндэсний эв нэгдлийг хангах тухай гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарах уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанд бий болсон улстөр, нийгмийн төвшинд үүссэн өнөөгийн бодлого үйл ажиллагааны гажуудал нь Үндсэн хуулийг тухайн цаг үедээ улс төрийн нам хүчнүүд өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, органик хуульд тусган, улс төрийн нам хүчний оролцоо, нөлөөг хэт дөвийлгөсөн явдал юм.
Бүх л шатанд нүүрлэсэн талцал, намчирхлыг бүрэн цэгцлэхгүйгээр ёс зүйт төр, төлөвшсөн нийгмийг бид бүрдүүлж чадахгүй. Цаашид бидний баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлтээс улс орны хөгжил дэвшил, ирээдүй ихээхэн хамаарна. Бид асуудлыг арай өөр өнцгөөс, илүү бодитойгоор харах, шүүн тунгаах хэрэгтэй байна...
-Хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачид ямар санал хэлж байна вэ?
-Ирэх сарын 5-нд Үндэсний зөвшилцлийн чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Талцал, хагаралгүй л байвал Монгол Улс хөгжинө. Үүнтэй санал нэг байдаг, Монголоо гэсэн сэтгэлтэй иргэн, улс төрийн нам, хуульч судлаач, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагад хуулийнтөслөө танилцуулж, тэдний санал бодлыг сонсч байж эцэслэхээр ажиллаж байна.
-Хуулийн төслөө УИХ-д хэзээ өргөн барихаар төлөвлөж байна вэ?
-Хаврын чуулганаар хуулийн төслөө өргөн барина.
-Хэрэв хуулийн төслийг баталбал, түүнийг дагаад хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах вэ?
-Таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж хуулийн төслөө боловсруулсан. Тухайлбал, Улс төрийн намын болон намуудын тухай, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Хэрэв хуулийн төслийг баталбал өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийг хөгжлийн шинэ шатанд хүргэх түүхэн ач холбогдолтой баримт бичиг, хууль болно гэж үзэж байгаа
С.Юмсүрэн