О.Баасанхүү: Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ
2018.03.09

О.Баасанхүү: Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Саяхан Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа “УИХ-ын гишүүн гэмт хэргийн газарт нотлох баримттайгаар баригдахаас бусад тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энэ бол зөв юм. Хуулиараа хэрэгт нэр холбогдсон бол шалгуулж байх ёстой.

Цэц 2015 оны арванхоёрдугаар сарын  4-нд Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан хорих буюу цагдан хорих, эрүүгийн яллагдагчаар татах, мөн орон байр, албан байранд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт эд зүйлийг хураан авахыг хориглоно” бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй гэсэн заалтыг Үндсэн хуульд нийцнэ гэж үзсэн байна.

Иймээс энэ заалтыг хүчингүй болгуулахаар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хандана. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хандахаар асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-аас тогтоол гаргадаг. Хэрэв УИХ-аас энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тогтоол гаргавал түүнийг нь Цэц заавал хурал хийж хэлэлцэх үүрэгтэй байдаг.

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал их яригдаж байна.

2013 оны зургадугаар сарын 19-нд “Жаст” группээс тухайн үеийн “Эрдэнэт”-ийн захирал Ц.Даваацэрэнд тодорхойлолт хүргүүлж байжээ.  “Д.Сугар, н.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэв” гэдгийг тодорхойлов. Энэ мөнгийг манай компани төлнө гэсэн утгатай.

Айлын түмпэнтэй нүүрс хулгайлсан иргэн Ш.Батхүү шиг тодорхойлолт бичээд сууж байвал ямар харагдах вэ?.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай нэр холбогдсон хэргүүд өмнө нь яригдаж, хэвлэлүүд бичиж байжээ. Тухайлбал, 2013 онд Д.Сугарыг МИАТ-тай холбоотой хэргээр шалгах шаардлага байна гээд Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн Прокурорт хандаж байсан ч Цэцээс эрхийг нь хязгаарлах боломжгүй гээд хамгаалсан.

Д.Сугар цагтаа зөвхөн Төрийн өмчийн хорооны дарга байгаад зогсоогүй маш олон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байсан. Асуудлыг нь мэдэж байх ёстой хүний нэг. Ийм учраас Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулж, Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэгтэй холбогдуулж Д.Сугарыг шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Хоёр долоо хоногийн өмнө та “Д.Сугарын гарын үсэг мөн болохыг тогтоосон” гэж мэдээлэл хийж байсан. Одоо болохоор хуурамч байсан гэлээ. Алинд нь итгэх юм бэ?

-Гарын үсэг хуурамч үү, жинхэнэ үү гэдэг чухал биш. Би ч тэр гарын үсгийг хуурамч биш эсэхийг нь тогтоодог юм биш. Ш.Батхүү 2013 онд “Ч.Ганзориг, Д.Сугарын нарын гарын үсэг хуурамч болохыг нь тодорхойллоо” гэсэн бичгийг хүргүүлсэн байдаг.

Асуудлын гол нь Монгол Улс өнөөдөр 109 сая ам.долларын өрөнд орчихоод байна. Дээр нь Төрийн банкинд өртэй. Д.Сугар тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан хэрнээ яагаад энэ мөнгийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавиагүй ажилласан юм бэ. Олон улсын арбитраас  гарын үсэг нь хуурамч биш гээд шийдвэрээ гаргасан. Биднийг өртэй болгочихоод байна.  

Жолооч бусдыг шүргэхэд хариуцлага хүлээдэг. Монголыг 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад байгаа хүн яагаад “Би 461-рүү чинь алхахад асуудалгүй” гээд томроод сууж байдаг юм бэ.

Ийм учраас Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэх энэ хэрэгт нэр холбогдож байгаа хүмүүсийг бүгдийг шалгаад худал, үнэнийг нь нотлох ёстой. Буруутай этгээдүүдээр өрийг нь төлүүлэх ёстой.

“Эрдэнэт” үйлдвэр барьцаанд орсон. Барьцаагаар дамжаад Хятадын эзэмшилд очих гэж байгаа нь бас үнэн. 

Г.ДАРЬ