Сайд Д.Сумъяабазар Канад улсад ажиллаж байна
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Канад улсын Торонто хотод хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.
Сайд Д.Сумъяабазар Австрали Улсын Хойд Австрали болон Эрдэс баялагийн сайд, Сенатын гишүүн Матью Канаван, “Рио тинто” компанийн хайгуулын газрын дарга Дэйв Эндрюс нартай уулзлаа. Мөн Канад Улсын Экспортын Хөгжлийн байгууллагын Олборлох салбарын төслийн санхүүжилтийн газрын захирал Фрэнк Келлитэйболон бусад төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Мөн өдрийн үдээс хойш Канад Улсын Байгалийн баялгийн Жим Каррыг тус улсын Парламентад төлөөлдөг нарийн бичгийн дарга Ким Руддтай уулзав. Энэ үеэр шинээр боловсруулагдаж буй “Уул уурхайн тухай хууль”, уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэх стратеги, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд уул уурхайн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон асуудлаар санал солилцлоо.