2018.03.05
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв
Засгийн Газрын хоёрдугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ахалсан шинэчлэн байгуулагдсан Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн дараах зөвлөмжийг гаргав. Үүнд:
- Өмнөх саруудад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөн, импортын үнэ өндөр байснаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд одоо ч алдагдалтай ажиллаж байгаа боловч 3 дугаар сарын шатахууны хилийн үнэ буурсан, 4 дүгээр сараас эхлэн зуны дизель түлшний хэрэглээнд шилжихтэй холбоотойгоор дизель түлшний үнэ багасах төлөвтэй, Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш чангарах төлөвтэй байгаа зэрэг шалтгаануудыг харгалзан үзэж жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг тогтвортой байлгах Зөвлөмжийг шатахууны худалдаа эрхлэгч компаниудад хүргүүлэх.
- Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаад болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад даалгах зэрэг болно.
Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоног газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 62, Аи-92 болон Аи-95 автобензин 31, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 47 хоногийн нөөцтэй байна.