2017.11.02

Ч.Улаан: Дубайн гэрээг хамгаалж, хаацайлсан хүнийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийллээ.

Ч.УЛААН: ДУБАЙН ГЭРЭЭ МОНГОЛЫН ҮНЭТ ОРДЫГ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН

Төсвийн байнгын хороон дээр санал хураалтанд оролцоогүй. Төсвийн байнгын хорооны танилцуулга дээр энэ талаар огт дурсангүй. Манай Ерөнхий сайд батлагдаад, үйл ажиллагааны зарчмаа тодорхойлохдоо хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллана гэж тунхаглаж байсан. Энэ зарчим алдагдаж болзошгүй байгаа тухай би байнгын хороон дээр ярьсан. Төсвийн тодотголыг хууль зөрчиж баталсан, 55 тэрбумын асуудал эдийн засгийн үр ашиггүй, нэг намын бүлэг талцаж болохгүй тухай ярьсан.

Энэ хуралдаан дээр олон гишүүн Оюутолгойн ордыг ашиглах гэрээ, Дубайн гэрээний талаар ярьлаа. Тэр үед Засгийн газарт ажиллаж байсан 3 сайдын нэгээр би ажилласан. Оюутолгойн гэрээ хэрэгжих явцад анхны яриа хэлцэл алдагдаж, Монгол Улсад туйлын ашиггүй нөхцөл байдал бий болгосон. Эдийн засгийн маш хохиролтой, үр дагавар үүсч байгааг бий болгож, баримтаар дэлгэж тавьсан.

Дубайн гэрээ энэ байдлыг улам дордуулж, Монгол Улсад туйлын ашиггүй, монголын үнэт ордыг үнэгүйдүүлж, гадныхан яаж луйврын схем хэрэглэж, санхүүгийн дээрэм хийж байгаа тухай маш тодорхой асуудлыг гаргаж тавьсан. Энэ түүхэнд үлдсэн дараа дараагийн хүмүүс алдааг засч ажиллах байх гэж найдаж байгаа. Тэр үед Ч.Хүрэлбаатар сайд туйлын эсрэг байр суурь барьж байсан. Ажлын хэсэгт орж ажилласан Дэмбэрэл, Бат-Эрдэнэ, Содбилэг, Чойжилсүрэн гишүүн нар зарчмын байр суурин дээр шударга хандаж байсан гэдэгт талархалтай ханддаг. Үүний эсрэг байр суурь барьж байсан хүнийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Дубайн гэрээг хаацайлж, хамгаалж байсан явдлыг хэзээ ч мартаж болохгүй.