Л.Болд: Ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг гэгээн цагаан өдрөөр томилмоор байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орон тооны бус зөвлөхүүдийнхээ хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Лу.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Л.Болд гишүүний яриаг хүргэе.
-Улс оронд үүссэн улс төр нийгмийн нөхцөл байдлаа юуны өмнө харах ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар болж байхад шинэ Ерөнхий сайд томилогдоод 7 хонож байна. Монгол Улс Засгийн газаргүй маш олон хонолоо. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал таамаг явж байна. Бүрэлдэхүүн томилох тухай хуульд заасан хугацааг хамгийн сүүлийнх нь хугацаагаар нь авч нийгмийн амьдралыг хойшлуулж болохгүй.
Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа шиг харагдаж байна. Гэтэл нэг намын эвслийн Засгийн газар гэж хаа ч байхгүй. Өмнөх Засгийн газрыг огцруулсан шалтгаануудыг бүгд мэдэж байгаа. Маш тодорхой шалтгаан байсан. Гэтэл огцруулсан Засгийн газрын оруулж ирж байгаа төсөвт нь алдаагаа зассан зүйл нэг ч байхгүй. Хууль зөрчсөн асуудлуудаа хуулиар хамгаалуулах гэж орж ирсэн. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан наймаа багц бүрдүүлээд байгаа нь өмнөх Засгийн газрын адил “насгүй” болгох ирээдүйг бүрдүүлж байна. Дотроо наймаалцаж, бөөн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харанхуй шөнө бүх албыг унтсан хойно, чоно борооноор гэдэг шиг хуралдаж, томилдог нь хулгай дээрмийг зогсоох чадваргүй, ард түмний эрх ашгийг уландаа гишгэх байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Одоо бид төрийн өмнө ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг гэгээн цагаан өдрөөр томилмоор байна. Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдох сайд нар ямар байх вэ гэдэгт манай бүлэг маш тодорхой шаардлагуудыг өгсөн. Монголын ард түмэн Монгол Улсын Засгийн газар бүрдэхийг хүсч, хүлээж байна.