Ц.Цогзолмаа: Засгийн газарт дэд сайд байх ёстой
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. давсан орлогыг яаж зарцуулах хэрэгтэй вэ?
-Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу төсвийн тодотгол, төсвийн төсөөлөл гээд төсөвтэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэж байна. Аливаа асуудалд хамрах цар хүрээ, ач холбогдлоос үл хамаарч ямар үед зөв шийдвэр гардаг вэ гэхээр маш сайн төлөвлөсөн үед. Дан ганц төсвийн тухай асуудал ч биш улс эх орны хэмжээний асуудал, байгууллагын хэмжээний асуудалд ч гэсэн сайн төлөвлөгөө л сайн үр дүн авчирна.
Монгол Улсын хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн үзүүлэлтийг нэг жилийн хугацаанд нэмэх 5.3 хувь болтол нь өсгөж ажиллахад Засгийн газрын үйл ажиллагаа байгаа гэж бүхэлд нь харах ёстой. Нөгөөтэйгүүр энэ танхимд ажилласан хүмүүс маань энэ оны төсвийг багцалж, хагас жилийн байдлаар 500 орчим тэрбум төгрөгөөр давахад хүргэсэн.
Жилийн эцсийн гүйцэтгэлээр 700 орчим тэрбум төгрөгөөр давна гэсэн хүлээлттэй байна. Мөнгөн хуримтлал, мөнгө бий боллоо гэхэд тэрийг юунд зарцуулах вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газар эрэмбэтэй, яг тулгамдсан асуудлаа олж харж төсвөө хуваарилдаг чадвартай байх ёстой. Түүнээс биш мөнгө орж ирлээ гээд бүх юм руу жижиглээд тараавал сарниад хайран давсан орлого болно.
-Та энэ удаагийн төсвийн тодотголд ямар асуудлуудыг хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна?
-Хамгийн түрүүнд Монгол Улсын төрийн бодлого иргэд рүүгээ чиглээд, орлого муутай хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ амьжиргаанд нэмэр болох шийдвэр гараасай гэж бодож байна. Үүний цаана юу хэлэх гэж байна вэ гэхээр иргэд орлого дээрээ суурилж амьдардаг. Орлого байхгүй бол иргэдэд сайхан амьдарна гэсэн хүлээлт байх боломжгүй.
Хэрвээ төсвийн орлого давсан байвал хүүхдийн мөнгөө 100 хувь олгох л хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд хүүхдийнхээ мөнгийг амьжиргааны эх үүсвэр болгодог иргэд маш их байна. Тиймээс энэ асуудлыг онцгойлон анхаарах ёстой.
Хоёрдугаарт, төрийн байгууллагууд дотор хамгийн олон хүн, тэр тусмаа эмэгтэйчүүд голлон ажилладаг салбар бол эрүүл мэнд болон боловсролын салбар. Энэ хоёр салбарт хоёуланд нь амьжиргааныхаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цалин нэмэгдүүлэх шаардлагыг, төрд тавьчихаад байгаа.
Дунджаар 560 мянган төгрөгийн цалинтай байгаа багш нарын цалинг шаардлагын дагуу гурав дахин нэмээд нэг сая 600 мянга болгох боломж байхгүй гэдгийг багш нар маань ч бас өөрсдөө ойлгож байгаа байх. Үнэхээр бололцоо байдаг бол хувиар, үе шаттайгаар нэмэгдүүлэх тал дээр төр маань зайлшгүй анхаарах ёстой.
Би ирж байгаа өргөдөл гомдол, хүсэлтийг судлаад салбарын хүмүүс, багш нартай уулзаад явж байхад ер нь монголын төр сүүлийн арав гаруй жил энэ салбарынхаа ажилтнуудын цалинд гар хүрээгүй юм билээ. Тэгэхээр арван жилийн өмнөх инфляци, мөнгө, мөнгөний худалдан авах чадвар гээд энэ асуудалтай холбоод үзэх юм бол тэр бүх хүндрэлийг үндсэндээ багш нар, эмч нар маань сэтгэлийнхээ хатаар шүдээ зуугаад мэргэжилдээ үнэнч байж, түмний хүүхдүүдийг сургах ёстой, ард иргэдийнхээ эрүүл мэндийн өмнө тангараг өргөсөн гэсэн итгэл сэтгэлээрээ давж байгаа гэсэн үг.
-Цалинг их хэмжээгээр нэмвэл эдийн засгийн хүндрэлтэй энэ үед олон сөрөг үр дагавар гарах талтай шүү дээ?
-Мөнгөний ханшны уналт, инфляци, өнөөгийн зах зээлийн зохицуулалттай байгаа нийгмийн ачааллыг давахад голлох суурь зүйл бол цалин. Тиймээс эдгээр хүмүүсийн цалинг нэмэх асуудлаар шууд чадахгүй гэж хариулахын оронд энэ хүмүүс юуны төлөө хөдөлмөрлөж байгаа билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Монголын нийгэм, монголын ирээдүйд чанартай боловсролтой иргэдийг бий болгохын тулд л тасралтгүй хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Ирээдүйгээ бэлтгэхгүй улс орон хөгжлийн тухай ярих боломжгүй. Магадгүй барилга байшин барих ажлыг хойш нь тавьж болох шүү дээ. Ямар нэг байдлаар дотоод нөөц бололцоогоо дайчилж багш нарынхаа цалинг үе шаттайгаар нэмж болно.
Дотоод зохицуулалт, төсвийн уян хатан байдал, хуульдаа нийцүүлээд хуулийнхаа заалтын хүрээнд зохицуулчих юу байна вэ гэсэн тэр зүйлсийг мэргэжлийн хүмүүс нь судалж хараасай гэсэн байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралыг яаж даван туулах вэ гэдэг талаар үндсэндээ нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ажиллаж байгаа.
Бид ярьдаг мөртлөө бодитой өөрчлөлт хийж чадахгүй байна. Танаж болох зардал, хугацаа нь тулаагүй, зайлшгүй шаардлагатай биш ажлуудыг хойш нь тавиад дотоодын зохицуулалтуудаа хийдэг чадвар дутагдаад байна. Би энэ байр сууриндаа хэвээрээ байгаа. Гэхдээ хэлэхэд амархан, хийхэд хэцүү л дээ.
Монгол Улсын төсөв өнөөдөр ганц нэг орлогын эх үүсвэрээс хэт хамааралтай үргэлжилж болохгүй. Солонгорсон эдийн засгийн хөгжлийн бодлогыг зоригтойгоор шинэ Засгийн газар, монголын төр аваад яваасай. Ганцхан эх үүсвэрээс хараат байлгүй бусад орлогын эх үүсвэрүүдээ ямар байдлаар нэмэгдүүлэх вэ гэдгийг бодлогоор онцгойлон авч үзэх хэрэгтэй.
-Чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр гишүүд тойрогтоо, мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлуудыг тусгахыг хичээдэг шүү дээ. Гишүүд саяны хуралдаанаар ямар хандлагатай байна?
-Гишүүдийг нэг талаас нь ойлгох ёстой. Тойргийнхоо иргэдийн саналаар сонгогдсон учраас тойрогтоо бодитоор тулгарч байгаа асуудлуудыг шийдэж өгөх үүргийг хүлээж байгаа юм. Тэр үүрэг нь хувийн гэхээсээ илүүтэй нийтийн, нийтлэг асуудлыг шийдэхэд төвлөрдөг.
Иргэн Доржид эмчилгээний мөнгө хэрэгтэй, иргэн Дулмаад оюутны сургалтын төлбөр хэрэгтэй гэхчилэн хувийн асуудлууд мундахгүй. Хувийн асуудал чухал боловч тойргийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах асуудалд бид онцгойлон анхаарч байгаа. Жишээлбэл, хороо болгон цэцэрлэгтэй баймаар байна.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 15-аас 20 дугаар хороо, миний тойрог дан гэр хороолол. Хүүхдүүдэд цэцэрлэг байхгүй учраас ээж, аав нь эсвэл өөр хэн нэгэн хараад ажил хийж чадахгүй, орлогын эх үүсвэргүй сууж байна. Тэгэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс төсөвт тойргийнхоо эрх ашгийг хамгаалж сургуультай, цэцэрлэгтэй болъё, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв байгуулъя гэх зэргээр орлогын эх үүсвэрийг нэмэх гарц, боломжид саналаа өгч байгаа.
Ихэвчлэн санхүү эдийн засгийн хямралтай байгаа гэдэг шалтгаанаар гишүүдийн тойрогтоо өгч байгаа санал төдийлөн дэмжигдэж чадахгүй байна. Иргэд маань үүнийг ойлгоосой гэж хүсч байна. Өнөөдөр ямар ч байсан багш, эмч нар, төрийн албан хаагчид маань цалинтай, урсгал зардлуудыг шийдэхэд илүү анхаарч байна.
-Таны дурдсанчлан ашиг сонирхлын асуудал манай өнөөгийн нийгэмд тодоор тусч, ажиглагдаж байна. Нийгмийн бүлгийн бүх гишүүд өөрсдийнхөө ашиг сонирхлыг тулгаснаар нийгмийн эрх ашиг хохироод үлдэж байна тийм биш гэж үү?
-Төсөв гэдэг бол хязгаартай зүйл. Мөнгө ч бас хязгаартай. Харин нийгэмд шийдлээ хүлээгээд байж байгаа шийдэгдэх ёстой асуудлуудад хязгаар байхгүй шүү дээ. Тэгэхээр хязгаарлагдмал хөрөнгөөр хязгааргүй олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн үг. Тэр олон асуудлыг ач холбогдлоороо аль нь эн тэргүүний асуудал вэ гэдгийг тодорхойлж эрэмбэлэх нь маш чухал. Тийм учраас би чуулганы хуралдаан болгонд хэлдэг.
Манай сангийн яам, бусад холбогдох яамдууд маань жижүүрийн төлөвлөлтөөсөө салаач. Оронд нь яг тулгамдаж байгаа ийм асуудлыг ингээд шийдчихвэл ийм үр дүн гарна, ачаалал хэдэн хувиар хөнгөрнө гээд зоригтой, шинэлэг байдлаар төлөвлөлт гаргах хэрэгтэй. Ер нь бүхий л салбарт ийм хандлага дутагдаж байна.
Юм бүхэн өнөөдрөөр байхгүй, цаашид сайжрах ёстой. Нийгмийн захиалгаар, ард иргэдийн зүгээс төрд тавьж байгаа шаардлагыг мэдэрч, түүнд хариу өгөх чадвар монголын төрд байх ёстой. Иргэн байвал төр байна, төр байвал иргэн байна шүү дээ.
-Өчигдөр Ерөнхий сайдыг томилох үеэр МАН-ын 65-ын бүлэг дотроо хоёр хуваагдсаныг нотоллоо гэж харж байгаа. Бүлэг дээр зарчим ярихгүй байна гэсэн шалтгаанаар зөвшилцөж чадаагүй гэсэн шүү дээ. Ямар зарчим дээр зөвшилцөж чадаагүй юм бэ?
-Ер нь бол ганцхан монголд ч биш дэлхийн парламентат тогтолцоо хөгжиж байгаа улс орнууд дотор улс төрийн үйл явц тийм эсвэл үгүй гэсэн дүрмээр төдийлөн хязгаарлагддаггүй. Улс төрийн суулт, чуулгандаа ирэхгүй байх зэрэг соёлтой эсэргүүцлийн хэлбэрүүд угаасаа хүмүүст танигдсан.
Хүмүүс үүнийг мэддэг болохоор юуны төлөө тэмцээд, эсэргүүцээд байгаад л анхаарах хэрэгтэй. Эсэргүүцлийн агуулга өөрөө юу вэ гэдэг л чухал. Чуулганд суугаагүй гишүүдийн хувьд ард иргэд маань МАН-д 65 суудал өгч үнэмлэхүй итгэл үзүүлсэн. Үнэмлэхүй итгэлийн цаана үнэмлэхүй хэмжээний хариуцлага, үнэмлэхүй хэмжээний эрмэлзэл тэмүүлэл байх ёстой. Сандал ширээтэй зууралдаад явна гэж бүүр ч байх ёсгүй. Бид ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой.
Тэгэхээр шинэ Ерөнхий сайдын зүгээс хуралд орохоос нь өмнө бүлэг дээр хуралдаад үзэл бодол, тавьж байгаа асуудлынхаа хүрээнд хандаад байгаа гишүүдийг нэгдмэл болгох саналаа хэлээд орооч ээ гэхэд тодорхой зүйл хэлээгүй учраас тийм зүйл болсон гэж ойлгож байгаа.
-МАН-ын дотоод дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэж заасан байдаг. Тиймээс МАН-ын их хурлаар Ерөнхий сайд намын дарга болж чадах болов уу?
-Ялсан нам Засгийн газраа байгуулж, боловсон хүчнээ танхимд томилж ажиллуулна. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг улс төрийн дүрэмтэй. Энэ дүрмийг хүссэн хүсээгүй хамаагүй дагаад, мөрдөөд л явна.
Өнөө өглөө өчигдөр чуулганы өмнө бүлгийн гишүүд бөөнөөрөө орж Ерөнхий сайдад баяр хүргэсэн. Тэгэхэд эвлэрээд цаашаа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр нэг багаараа ажиллах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн байгаа. Цаашдаа намын дотор талцал хуваагдал байхгүй, шийдэгдээд явна гэсэн хүлээлттэй байна.
-Шинэ танхим бүрдэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Үүний зэрэгцээ дэд сайдын асуудал хөндөгдөж эхэллээ?
-Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Мөн нөгөө талаас энэ хүн МАН-ын бага хурлын гишүүдийн дэмжлэгээр сонгогдож байгаа учраас намынхаа боловсон хүчний бодлоготой шинэ танхимаа бүрдүүлэх бодлогоо уялдуулж явах байх гэсэн хүлээлттэй байгаа. Дэд сайдын асуудалд шийдвэр гаргах эрх бүхий Ерөнхий сайд л өөрөө танхимдаа дэд сайдтай байх эсэхийг шийднэ.
Хувь хүнийхээ байр сууринаас хэлэхэд нам засгаар дамжуулж боловсон хүчнийхээ чадавхийг сайжруулж байх ёстой гэсэн үүднээсээ дэд сайдууд бэлтгэгдээд, дараагийн хүний нөөцийнхөө бүртгэлд ордог. Дэд сайдаар ажиллаж байсан хүн дараа нь сайдаар томилогдоход салбараа мэддэг, туршлагажсан байна. Тэр талаас нь авч үзвэл Засгийн газарт дэд сайд байх ёстой гэж би үздэг.
Сэтгүүлч Т.Жаргалсайхан