2017.10.05
УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр (2017.10.04) хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.
Энэ үеэрээ тэрбээр
“Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга ёс, эв нэгдлийг сахин, их амжилт гаргаж ажиллахыг хүсье” гэв.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.