Д.Тэрбишдагва: Чадварлаг хүн гарч ирвэл дан, эсхүл давхар дээлтэй байх нь сонин биш
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Засгийн газрын бүтцийг биш бүрэлдэхүүнийг өөрчлөх гэж байна. Өөрчлөхдөө УИХ дотроосоо танхимаа бүрдүүлэхээр болж байх шиг. Энэ сонголт зөв байж чадах уу?
-Засгийн газарт Ерөнхий сайдаас эхлээд бүх сайд нар нь УИХ-ын гишүүн байвал тун зүгээр. Монголын түүхэнд бараг анх удаа УИХ-ын гишүүн биш хүн Засгийн газрыг тэргүүлэх болж буй нь бас нэг онцлог болж байна. Би чуулган дээр хэлсэн, ард түмэн давхар дээлийг дэмжихгүй байгаа гэж.
Гэхдээ дан дээлтэй ч бай, давхар дээлтэй ч бай ажлаа мэддэг, салбараа ойлгодог, чадвартай хүн л Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах ёстой. Дан дээлтэй мөртлөө түүндээ бүдэрч яваа хүмүүс бий. Бас хэдэн давхар дээлтэй мөртлөө ажилдаа түүртэлгүй, алдаа гаргалгүй сайн ажилладаг хүн ч байдаг.
Яахав гаднаас буюу УИХ-ын гишүүн биш төр, нийгмийн зүтгэлтнүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах муугүй. Тиймээс заавал давхар дээлтэй хүнийг сайд болгоно гэж зүтгэх хэрэггүй. Миний хувьд олонхоороо шийдсэн саналыг хүлээн зөвшөөрнө.
-Гэхдээ сайд нар бүгд давхар дээлтэй болчихвол эргээд үүрэг, хариуцлага тооцож чадахаа больчих юм биш үү. Эсвэл Засгийн газрынхаа насыг уртасгахын тулд ийм сонголт хийж байгаа юм уу?
-УИХ-ын гишүүн сайд боллоо гээд Засгийн газрын нас уртасчихдаг юм биш. Засгийн газрын насыг уртасгахын тулд хоорондоо эв нэгдэлтэй ажиллах ёстой. МАН-ын бүлэг УИХ-д 65 суудал авчихлаа. Тэр хэрээр дотоод эв нэгдлээ хангаж ажиллах хэрэгтэй.
Гэтэл манайхан эхнээсээ зарчимгүй, ойлгомжгүй тоглолтууд хийж байна. Саяхан би Германд очоод ирсэн. Тэндхийн жирийн иргэн төдийгүй улс төрчидтэй нь уулзаж байхад “Танайх чинь ямар сонин юм бэ. Нэг жилийн өмнө танай нам 65 суудал аваад УИХ-ынхаа 85 хувийг бүрдүүлсэн мөртлөө өөрсдөө Засгийн газраа татаад унагачих юм. Ийм түүх дэлхийд байдаггүй” гэж ярьж байна. Ер нь Засгийн газрын насыг уртасгая гэж байвал сайн л хүн томилох ёстой.
УИХ-ын гишүүн бүр сайдын ажлыг хийж чадна гэж бодохгүй байна. Засгийн газрын ажил гэдэг бол улс төрийн ажлаас өөр. Илүү аж ахуйн чиглэлтэй шүү дээ. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог, салбараа сайн мэддэг, хөгжүүлж чадах төлөвлөгөө хөтөлбөртэй хүн ажиллахгүй бол болохгүй. Түүнээс биш УИХ-ын гишүүн бүр сайд болно гэж байхгүй. Дахиад хэлчихье, Засгийн газраа тогтвортой байлгая гэж байгаа бол сайн хүн тавь, тэднийгээ зоригтой ажиллуул, УИХ-ын гишүүдээс хамааралгүйгээр бодлого хэрэгжүүлдэг, түүнийгээ хамгаалж чаддаг хүн хэрэгтэй. Тэгэхгүйгээр дутуу алсан могой шиг бүрэлдэхүүн оруулж ирвэл шүүмжлүүлнэ.
-Гэхдээ УИХ-ын чуулганы үеэр У.Хүрэлсүх “Бяртай Засгийн газар бүрдүүлэхийн тулд УИХ-ын гишүүд дундаас сайд нараа томилно” гэж хэлсэн шүү дээ?
-Бяртай Засгийн газар гэдэг бол УИХ-аас сайд нараа томилохыг хэлэхгүй. Ард түмэн давхар дээлийг эсэргүүцээд болохгүй гэж хэлээд байна шүү дээ.
Гэтэл дахиад сайд нартаа давхар дээл өмсүүлэх гээд байна. УИХ-ын гишүүд дотор дан дээлтэй мөртлөө хууль дүрмээ ч мэдэхгүй, бүдэрч унаад байгаа тохиолдол гарч байгаа биз дээ.
Нэрийг нь цохож хэлээд яахав. Зөндөө олон жишээ байна шүү дээ. Ядаж УИХ-ын гишүүний ажилдаа дасаж, сур л даа. Өмнөх ажлаа хийж чадахгүй байж дахиад давхар дээлтэй бүдэрч унаад байвал төр засаг, улс орон хөгжихгүй. Тиймээс чадварлаг л хүн гарч ирж чадаж байвал дан, эсхүл давхар дээлтэй байх миний хувьд тийм ч сонин биш.
-Өнөө өглөө (өчигдөр) МАН-ын бүлэг хуралдсан. Юу ярив?
-Эв нэгдлийн асуудал л яригдсан.
-Эв нэгдэлтэй байхын тулд фракцууд сайд нарын суудлаа хувааж авах гээд байгаа юм уу. Бүр хувилж ирээд ярьсан сураг байна лээ?
-Тийм зүйл яриагүй. Тийм олон фракц байдгийг ч би мэдэхгүй.
-Сайд болох хүмүүсийн таамаг дунд таны нэр дуулдаж байгаа. ХХААХҮ-ийн сайд болно гэж. Та сайд болох уу?
-Би төрд олон алба хашиж үзсэн. Ажилласан салбар бүртээ үр дүн гаргаж байлаа. Ямар нэгэн сайд, дарга болохын тулд амбиц хөөцөлдөн гүйж байгаагүй. Одоо ч гүйхгүй. Хэрэв шаардлагатай албан тушаалд намайг ажиллаач гэвэл би тэр саналыг бодож үзнэ.
Түүнээс биш шууд албан тушаал авахаар зүтгэхгүй. Угаасаа ч би янз бүрийн фракц, бүлэглэлээс хол хүн. Миний хувьд хамгийн том буюу Монгол Улс гэсэн ганцхан фракц л бий.
-Байнгын хороо болон чуулганы хурал дээр хүүхдийн мөнгийг өг, багш эмч нарын цалинг нэм. Тийм боломж байна гээд байгаа. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хүүхдийн мөнгийг зуун хувь олгох боломж олж харж байна уу?
-Ж.Эрдэнэбат ямар нөхцөл байдалтай Засгийн газар хүлээж авч байсан билээ дээ. Ямар үр дүнтэй ажилласныг хүн бүр мэдэж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулсан, инфляцыг багасгасан, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөсөн гээд бас чиг нэг жилийн хугацаанд муугүй ажилласан. Мэдээж алдаа дутагдал байсан уу гэвэл байлаа. Мөнгө төгрөг өг, цалин нэм гэж байгаа нь тооцоо судалгаанд үндэслэсэн байлгүй дээ.
Би хувьдаа хүүхдийн мөнтйгөгөх ёстой гэж бодож байна. Гэхдээ хүүхдийн мөнгийг яг л хэрэгтэй хүмүүст нь олгомоор байгаа юм. Хүүхдийн мөнгөө авдаггүй, хэрэггүй, тэр мөнгө нөлөөлөхгүйгээр амьдардаг хүмүүс байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгөө авдаггүй болохоор тэрийг нь буцаагаад татчихдаг. Ингэж хавтгайруулахыг буруу гэж бодож байна. Зарим гишүүд ард түмэн хүүхдийн мөнгөөр амьдарч байна гэж яриад байдаг.
Ингэж ярьж болохгүй. Хүүхдийн мөнгөөр амьдрахыг тухайн гэр бүл зорилгоо болгож болохгүй. Хүүхдийн мөнгийг олгож буй зорилго нь Монголын үр сад олон болоосой гэдэгт чиглэж байгаа. Тэр мөнгийг тухайн хүүхдийн боловсрол, мэдлэгт зориулах ёстой. Түүнээс биш нэг өрхийн амьдралыг тэтгэх эх үүсвэр болгож болохгүй. хэрэв амьдралыг тэтгэх гээд байгаа юм бол ажилгүйдэл, ядуурлыг бууруул.
Ажлын байр бий болгох асуудалд онцгойлон анхаарах ёстой. Үндсэн хуулийн зарчим гээд янз бүрийн л зүйл ярьдаг. Уучлаарай, хүүхдийн мөнгө авахгүй байж болох гэр бүл бий гэдэг нь статистикийн тоо баримтаар гараад ирсэн. Тиймээс цаашид хүүхдийн мөнгийг ялгавартай олгох ёстой гэдэгт онцгой анхаарах ёстой.
-Засгийн газар огцрох нь, шинээр байгуулагдах нь гэж ярьсаар бүтэн сар болчихлоо. Өөрөөр хэлбэл улс орны ажил зогсонги байдалтай байна. Манайхны ийм тодорхойгүй байдлаас болоод ОУВС хүртэл хүлээлттэй байна. Үүнийг хэрхэх вэ. Уг нь бол энэ сарын эхээр ОУВС-гийн хуваарьт мөнгө орж ирж байх ёстой биз дээ?
-Германы алдартай эдийн засагч “Өр бол хор” гэж хэлсэн байна лээ. Манайд ч гэсэн өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэх үг бий. Тиймээс аль болох өр тавихгүй байх ёстой. Өр тавиад байвал болж буй мэт боддог болчхож. Уг нь бид бүсээ чангалж байгаад ч болох нь ээ өрнөөс гарах ёстой.
Ийм бодлого явуулахгүйгээр ард түмэнд бэлэн зүйл амлахыг эсэргүүцэж байгаа. Эрүүл эдийн засагтай болсон хойно өрийн асуудал яригдахгүй.
-Гэхдээ он гараад төлөх бондын эргэн төлөлтийг буцаагаад өрөөр төлөх талаар ярьж байгаа шүү дээ?
-Одоогийн нөхцөл байдалд амаргүй байх нь ойлгомжтой. Гэхдээ Засгийн газар огцорсноос болоод манай улсад өгч буй зээлийн хүү нэмэгдэх магадлал өндөр болчихлоо. Тиймээс хямд эх үүсвэр олж чадвал гарцаа байхгүй солих ёстой.
Эх үүсвэрийн хүү урьд өмнөхөөсөө өндөр байвал Засгийн газрыг огцруулсан нөхөдтэй хариуцлагын асуудал яримаар байгаа юм. Тогтвортой байсан Засгийн газрыг огцруулснаас болоод валютын ханш нэмэгдэж байна, гадна дотны хөрөнгө оруулагчдын итгэл найдвар буурч байна. Түүнээс болоод зээлийн хүү нэмэгдэж байж магадгүй.