Багш нарын баяраар бэлэг өгөх бус ажиллах орчныг нь сайжруулах нь чухал
Сүхбаатарчууд дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан багшийн үйл ажиллагааг дэмжих, боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэх, манлайлагчдаа шагнаж урамшуулах нэгдсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, салбар хариуцсан дарга мэргэжилтнүүд болон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хүндэт зочноор оролцож, нийт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Дүүргийн багш нарын баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Засаг дарга Х.Болормаа
"Сүхбаатар дүүрэг ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахын төлөө жилээс жилд бодит хөрөнгө оруулалтыг хийж ирсэн. Тухайлбал, энэ хичээлийн жилд орон нутгийн 370 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 сургууль, 11 цэцэрлэгийн их засвар, 17 цэцэрлэгт сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг шинэчилсэн байна. Мөн дүүрэгт улсын төсвөөр Монгол Оросын хамтарсан сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөл, 75 хүүхдийн ортой 248 дугаар цэцэрлэг баригдаж ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Дүүргийн маань эрдэмтэн багш, та бүхний шавь нар олон улсын болон улсынхаа олимпиад, уралдаан тэмцээнд манлайлан оролцож, дүүрэг, нийслэл, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад үргэлж бахархдаг” гэдгийг онцлон тэмдэглэв.
Үүний дараа ажил хөдөлмөрийн амжилтаараа бусдыгаа манлайлсан шилдгүүдэд шагналыг гардуулсан юм. Дүүргийн “Шилдэг багш” 53, “Шилдэг удирдагч”-аар 12 захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар шалгарч энгэрийн тэмдэг, жуух бичиг, үнэмлэх мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн Боловсролын тэргүүний ажилтнаар 22, жуух бичгээр 31, Нийслэлийн Боловсролын газрын шагналаар 158, дүүргийн Хөдөлмөрийн алдар, Хүндэт тэмдгээр 3 багш шагнууллаа.
Дүүргийн Тэргүүний цэцэрлэгээр 69, 42 дугаар цэцэрлэг, Тэргүүний сургуулиар Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль болон Хобби сургуулиуд тус тус тодорлоо.