Залуу хүн шүүмжлэлээс айгаад зүгээр сууж хэрхэвч болохгүй
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Таныг инженер мэргэжилтэй хүн гэж сонссон. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан энэ дөрвөн жил таны амьдралд өөр нэгэн өнгө төрх, хэмнэл авчирсан уу?
Тэгэлгүй яах вэ. Би урьд нь холбоо харилцаа, мэдээллийн технологийн салбарын бүтээн байгуулалтад гар бие оролцон, инженерүүдийн дунд ажиллаж байсан хүн. Дунд сургуульд байхаасаа л математик, мэдээлэл зүйн хичээлд хамгийн дуртай, хожим ажил, мэргэжил минь ч энэ салбартай салшгүй холбоотой явж ирсэн. Ний нуугүй хэлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай төдийлөн сайн ойлголтгүй, дүүргийн ИТХ-ын даргаа ч бараг таньдаггүй байлаа.
Тиймээс 2012 оны орон нутгийн сонгуульд анх нэр дэвшээд, ялалт байгуулж, ИТХ-ын даргаар сонгогдож ажилласан энэ дөрвөн жил миний амьдралд ихээхэн өөрчлөлт авчирсан гэхэд болно. Наад зах нь ажлын ачаалал нэмэгдэхээс эхлээд маш олон зүйл уншиж, судлах, тунгааж эргэцүүлэх шаардлага тулгарсан. Надад итгэл хүлээлгэж сонгосон олон түмний итгэл сэтгэлийг дааж, хариуцлагатай байх хэрэгтэй гэдгээ алхам тутамд ухамсарласан он цаг байлаа.
-Ингээд Та хэзээнээс, яагаад улс төрийг сонирхох болсон юм бэ?
Додоод үзэхээр 1990-ээд оноос эхтэй шиг байгаа юм. Би есөн хүүхэдтэй айлын найм дахь нь. Дээрээ дөрвөн ахтай. Ах нар маань чөлөөт үзэл бодлыг гэрт үе үе тунхаглан зарладаг байв. Тэр нь миний сонирхлыг их татна. Харин аав маань Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан. Аав “Барагтайхан байгаарай, та нар” гээд ах нарыг зэмлэж, гэр доторх уур амьсгалыг дардаг байв.
Тэр үеэс миний үзэл бодол төлөвшиж эхэлсэн гэж боддог. Дээр нь 1990 оны хувьсгалын тухай зурагт, радио, сониноос мэдээлэл аваад, “Би ер нь ямар үзэл бодолтой хүн юм бэ” гэж өөрийгөө хайж эхэлсэн. Тэгж өөрийгөө либераль үзэлтэй хүн юм гэдгээ мэдсэнээр хожим 1996 онд сургууль төгсөх жилээ Монголын үндэсний ардчилсан намын гишүүнээр элссэн.
Гэхдээ 2007 оныг хүртэл би улс төрийн болоод намын ямар нэгэн үйл ажилла- гаанд огт оролцож байгаагүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Хүн эхлээд өөрийгөө хөгжүүлж, ажил, амьдралын амтыг мэдэрч, төлөвших хэрэгтэй гэж би боддог. Тэр дагуу явж байгаад 2007 оноос улс төрийн амьдрал руу орсон доо.
-Тэгэхээр таныг эхлээд биеэ, дараа нь гэрээ засаад, тэгээд төрөө засалцахаар тухайн үед энэ зам руу орсон гэж ойлгож болох уу?
Тэгж хэлж болно оо. Миний хувийн амьдралын тухайд гэвэл манайх гурван хүүхэдтэй. Том охин маань МУИС-ийн гуравдугаар курст сурдаг. Их сайн яваа. Багаасаа биеэ даагаад сурчихсан болохоор ямар ч үед өөрийгөө аваад явчихдаг юм. Бага нь одоо хоёрдугаар ангид сурдаг.
Жаахан гэлтгүй мөн л биеэ дааж сурч байгаа. Ер нь манай гэр бүлийн хүн бид хоёр хүүхдүүдийнхээ хүмүүжил дээр нэг зарчим баримталдаг. Тэр нь хүүхдүүдээ багаас нь бие даалгаж сургах. Ямар ч байсан хүүхдүүдийн маань аль нь ч аав, ээжийнхээ чихнээс хонх уялгүй, эрүүл саруул өсөж, эрдэм боловсрол эзэмшиж байна.
Би их сургуулиа төгсөөд, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж, “Монголын цахилгаан холбоо” компани болон “Монгол шуудан” ТӨХК-д ажиллаж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрт ороод, чадварлаг орос, монгол инженерүүдтэй хамт технологийн шинэчлэлийн төсөл дээр ажиллаж, тэднээсээ их зүйл сурсан.
“Монголын цахилгаан холбоо”' компанид ажилласан хугацаандаа харин сайн хамт олноос суралцахын зэрэгцээ бас өөрөө бүтээхийн амтыг мэдэрч, богино хугацаанд өсөж дэвшсэн. Орон нутагт анхны өндөр хурдны интернэтийн сүлжээ нэвтрүүлж, хөдөөд интернэт үйлчилгээний цэгүүд байгуулах үндсийг тавилцсан учраас хамт олондоо үнэлэгдэж хүндлэгдэхийн сайхныг ч тэнд мэдэрсэн дээ.
Дараа нь 2005-2012 онд “Мон- гол шуудан” ТӨХК-д сүлжээний инженер, Мэдээллийн технологийн албаны даргаар ажиллахдаа шуудангийн солилцоо, бүртгэл, хяналтын систем бий болгож, үйлдвэрлэлийн дамжлагыг бүрэн автоматжуулсан. Урьд нь тэнд бүх ажил цаасан харилцаан дээр хийгддэг байсныг бүхэл бүтэн салбарын системийг өөрчилсөн л дөө. Энэ сайхан газруудаас олон зүйл сурч, мэдэж, туршлага хуримтлуулсандаа өөрийгөө азтай гэж боддог.
-Одоо тэгвэл дүүргийнх нь ИТХ-ын дарга Ган-Эрдэнэ гэж ийм хүн байдаг гэдгийг сүхбаатарчууд хэр мэдэх бол?
Миний байр, манай гудамж, бидний хороо гэсэн өөриймсөг сэтгэлээр амьдарч буй орчноо хэрхэн тохижуулах, хөгжүүлэхэд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжийг орон нутгийн сонгууль иргэдэд олгодог. Гэтэл манайхан том улс төрийн өнцгөөс нь хараад байдаг юм шиг санагддаг.
Тэгээд ч тэр үү, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэдэг байгууллагын талаар, төлөөлөгчдийнхөө тухай мэддэг хүн манайд ховор байдаг. Жишээ нь, 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа нэг судалгаа хийгээд үзэхэд сонгогчдын ердөө зургаахан хувь нь ИТХ-ын төлөөлөгчдөө мэдэж байсан.
Нутгийн өөрөө удирдах байгууллага танигдахгүй байгаа нь эрх зүйн болоод эдийн засгийн орчин сул байгаатай холбоотой гэж боддог. Одоо бол энэ үзүүлэлт харьцангуй дээрдэж, нийт сонгогчийн 20 орчим хувь нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөө мэддэг болж. Учир нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн.
Төсвийн тухай шинэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт хэмээх ойлголт бий болж, тус сангийн хөрөнгийг хэрхэн, яаж зарцуулахыг иргэдийн саналаар шийддэг болсон. Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллагыг олон түмэнд таниулах, тэдэнтэй хамтарч ажиллахад ихээхэн дөхөм шийдвэр байлаа.
Энэ хүрээнд бид ч гэсэн 20 хороогоороо орж, айл өрхүүдээс саналыг нь авч нэгтгээд, асуудлуудыг эрэмбэ дараатайгаар шийдэж эхэлсэн. Эхний хурлууд дээр цөөн хүн ирдэг байсан бол сүүлдээ дүүргийн ИТХ-аар асуудлыг шийддэг, энд юм хийдэг, санал шүүмжээ хэлэх хэрэгтэй юм байна гэдгийг аажмаар мэддэг болж, иргэдийн идэвх ч нэмэгдсэн.
Гэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажил их байна. Тухайлбал, заавал нэг танхимд цуглаад, хуралдаж асуудлыг шийддэг байх юм уу, эсвэл онлайнаар залуусын саналыг авах уу гэх мэтчилэн бодолцох зүйл их бий.
-Таныг Дархан хотод төрж, Эрдэнэт хотод өссөн гэдэг юм билээ. Хотын иргэн ямар байх ёстой, хотод ямар асуудал тулгамддаг, хотын бүгээн байгуулалт яаж хийгддэгийг та сайн мэдэх байх. Өнгөрсөн хугацаанд танай багийнхны Сүхбаатар дүүрэгг хийсэн ажлаас онцолноуу гэвэл алийг нь хэлэх бол?
Энгийн юм шиг хэрнээ бидний тэр бүр анзаардаггүй олон асуудал хотод тулгамддаг л даа. 2012 оноос өмнө Улаанбаатар хот ямар байсныг бид мэддэг хэрнээ тийм л байх ёстой юм шиг санадаг байсан гэхэд буруудахгүй. Солонгос, япон, хятад, туркууд ирж нэг нэг гудамж тохижуулдаг байсныг эс тооцвол манай нийслэл хотод бодлогын томоохон шинэчлэлт бараг хийгддэггүй, урсгалаараа явдаг байлаа шүү дээ.
Сүхбаатарын талбай дээгүүр хог хийсээд явж л байдаг. Зүлэг, цэцэг ч тарьдаггүй, тоос шороо ихтэй, тийм л орчинд бид амьдарч байв. Ажилдаа үнэхээр сэтгэлтэй, зүтгэлтэй ханддаг ганц нэг СӨХ-ны байрны гаднах орчин л арай дээр байдаг байсан, тийм биз дээ (инээв).
Ганц жишээ татъя. Баянгол дүүргийн өмнөх Засаг дарга Баруун дөрвөн замаас “Од” кино театр руу өгсөх замын хажууд зүлэг тарьж чадахгүй, ногоон өнгийн резин дэвсэж байсан гээд бод доо. Ийм л сэтгэлгээгээр хотод ажил хийдэг байлаа. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хот шиг хот болсоныг хэнч үгүйсгэхгүй байх.
Наад зах нь, нийтийн тээвэр нь аль эгнээгээр зорчдог, явган хүн хаагуураа явж, машинууд нь яаж замын хөдөлгөөнд оролцох ёстой, хогоо яагаад зориулалтын уутанд хийх ёстой гэх мэтийг хотын иргэдэд мэдүүлж, олон зүйлийг эмх цэгцэнд нь оруулж өгсөн. Ажил хийж байгаа хүн магтаалаас илүү зэмлэл, шүүмж их сонсдог л доо.
Гэхдээ бусдын шүүмжлэлээс айгаад зүгээр сууж хэрхэвч болохгүй. Тэр тусмаа залуу хүн тэгж хойш суух юм бол хэн энэ улс, хот, дүүргийг хөгжүүлэх юм бэ. Ямар ч байсан би, манай багийнхан ажилдаа эзэн шиг эзэн байж, хэний ч өмнө нүүр улайхааргүй ажил дүүрэгтээ хийж бүтээсэн.
Хэдийгээр манайд газар, талбай хомс ч бид Сүхбаатар дүүргийнхээ байр болгоны гадна ногоон байгууламж бий болгохыг зорьсон. Урьд нь байрнуудын гадна төмөр хайс байдаг байсныг тоосго болгосноор хүүхдүүд гэмтэж бэртэх аюулгүй болсноос гадна дээр нь сууж, тоглож нааддаг болсон. Орон сууцны гаднах орчныг хэрхэн тохижуулж, гоё сайхан болгохын үлгэр загварыг гаргаж, бодитоор ажил хэрэг болголоо. Та бүхэн Сүхбаатар дүүргийн III хорооны 44 дүгээр байрны гадна очоод хараарай.
Хүүхэд, залууст тус тусад нь зориулсан турнек, сагсан бөмбөгийн талбай, хөгшид салхилах сүүдрэвч, ногоон байгууламж, хайс хашаа, автомашины зогсоол гэх мэтийг шийдээд өгчихсөн байгаа. Энэ жил V хорооны 39 дүгээр байрны гаднахыг ийм байдлаар тохижуулж байна. Эхэндээ энэ ажлыг маань ойл- гохгүй, эсэргүүцэж байсан хүмүүс одоо “Ма- най байрыг яг ингээд тохижуулаад өгөөч” гээд ирцгээж байна. Энэ бол алс хэтээ бодсон, сайн сайхан зүйлийн үр дүн хэзээ нэгэн цагт заавал гарч, хүмүүст хүрдгийн жишээ юм.
-Та одоо амьдралын зам дээр хэдэн км/ цагийн хурдтай давхиж байна вэ?
Залуу хүний хувьд би яг одоо хамгийн дээд хурдаараа давхиж буй гэж бодож байна. Хэчнээн их ачаалалтай байсан ч тэр бүхнийг ажралгүй, нүд ирмэхийн зуурт өнгөрсөн дөрвөн жилийг ардаа орхижээ. Улаанбаатар хотын төв, зүрх нь болсон энэ дүүргийн ИТХ-ын дар- гаар ажиллахдаа маш их үүрэг хариуцлагыг дааж явсан гэхэд болно.
Нэг иргэний, нэг байрныхны өмнө тулгамдсан асуудлаас эхлээд хороо, дүүргийн хэмжээнд аль салбарт ямар ажил хийх, ямар боддого шийдвэр гаргах гээд олон талд үйл явдал зэрэг өрнөж байдаг. Тэр болгонд хүрч ажиллахын тулд баг хамт олноо удирдан чиглүүлнэ. Түүний тулд өөрийгөө илүү хөгжүүлж, унших, сэтгэх, бодох, зөв нүүдэл хийх чадвар шаардагдана. Ер нь бол залуу хүн завгүй, бас зорилготой байх сайхан шүү дээ.
-Ажил хэдий чухал ч хүнд гэр бүл хамгийн эрхэм шүү дээ. Та гэрийнхэндээ хэр зэрэг зав гаргадаг вэ?
Энэ тал дээр одоохондоо жаахан тиймэрхүү байна аа. Ялангуяа сүүлийн дөрвөн жил. Ар гэрийн асуудлыг миний хань л нуруун дээрээ үүрч явна. Тэгсэн хэрнээ үдэш орой намайг ажлаасаа иртэл хүлээгээд сууж л байдаг. Өглөө эрт гарахад заавал түрүүлж босоод, цай унд бэлтгэчихсэн байна.
Халамжтай сайн эхнэрийнхээ ачаар ар гэртээ санаа зовж, сэтгэл хоёрдолгүй ажлаа хийдэг хүн дээ. Нөгөө талаас нь харахаар халамжтай эхнэртэй байхын сул тал гэж бас байна. Уг нь би багадаа хоол унд хийхээс эхлээд гэр орны ажилд гайгүй сайн хүүхэд байсан юм.
Аав, ээж маань хоёулаа эдийн засагч, сарын эхэн, сүүлчээр тайлан тооцоо хийх гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Тиймээс ах дүүс бид ч биеэ дааж өсөцгөөсөн. Би гэхэд хувцсаа өөрөө угааж, индүүдээд өмсчихнө. Ямар сайндаа л миний формны өмд оёдлоороо биш, индүүдлэгээрээ түрүүлж урагддаг байлаа (инээв). Одоо бол гэр орны ажилд ойртохоо байсан.
-Та өөрөө олуулаа үймж бужигнаж өссөн хүн юм байна. Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг вэ?
Би хүүхдүүдээ эрхлүүлэх их дуртай. Гэхдээ тэглээ гээд “толгой дээрээ гаргана” гэсэн үг биш л дээ. “Аав гэрт ороод ирэхээр манайхан их хүмүүжилтэй болчихдог” гэж эхнэр маань хэлдэг юм. Тэгэхээр элэг хүний үр хүүхдээ эрхлүүлж байгаа хайр хүртэл цаанаа хүмүүжлийн том ухаан агуулж байдаг юм болов уу гэж боддог. Охид маань болохоор "Аав гэрт байхаар ээж хүртэл гоё болчихдог” гэдэг юм (инээв). Энэ бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэсэн хүндлэлийн илэрхийлэл байх.
-Залуу хүн өмнө нь боломж гараад ирэхэд түүнийг тосоод авах бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг. Таны амьдралд гарч ирсэн боломжуудыг та бүрэн ашиглаж чадаж байна гэж боддог уу?
Түрүүн хэлсэнчлэн би их азтай хүн л дээ. Амьдралынхаа туршид олон сайхан хүнээр хүрээлүүлж ирсэн. Гэр бүл, найз нөхөд, хамт олны хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг сайхан. Дунд сургуульд ороод, хоёрдугаар ангидаа салаан дарга, цаашлаад бүлгийн дарга, сургуулийн бүл- гэмийн зөвлөлийн дарга гэх мэтчилэн дэвших тоолонд хамт олны итгэл, хүндлэл байсны илэрхийлэл болов уу.
Оюутан болоод, ажил дээр гараад, улс төрд ороход ч олон сайхан хүмүүс намайг тойрон хүрээлж, итгэл хүлээлгэж ирсэн байдаг юм. Тиймээс миний хувьд багаасаа хүний итгэлийг дааж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрт тогтсон ажлаа сайн хийхийг хичээж ирсэн. Тэр утгаараа миний амьдралд гарч ирсэн боломж бүхнийг алдалгүй, зөв сайхан зүйлд ашиглаж байсан гэж хэлэх байна даа.