Иргэдийн гаргасан өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо
Иргэдийн гаргасан өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо
2016.02.05

Иргэдийн гаргасан өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо

2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Сүхбаатар дүүргээр зочиллоо.

УИХ-ын гишүүдийг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-ын Өргөдөл гомдлын хорооны дарга Л.Оюунчимэг болон холбогдох албаны хүмүүс дүүргийн Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.      Энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар УИХ-д өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргиод хүлээлгэн өглөө. 

Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журамд зааснаар бол нийслэлийн 9 дүүрэг, аймгуудын Иргэний танхимд саналын хайрцаг байрлуулж, өргөдөл хүлээн авах ба тэдгээрийг 14 хоног тутамд хариуцсан ажилтан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх юм. Саналын хайрцаг битүүмжлэлтэй байх, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг задруулахгүй байх үүргийг чиглэл болголоо. Ингэснээр орон нутгийн иргэд өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний танхимд байрлах саналын хайрцгаар дамжуулан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлаар өргөдлөө шууд гаргах боломжтой боллоо.