Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ дотоодоос хангах боломж муу байна гэв
2017.08.31

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ дотоодоос хангах боломж муу байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо байгууллагууд хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэг 3 өдөр үргэлжилсэн бөгөөд Хүнсний ногоо, төмс, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыхны хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нарын зэрэг бусад албаны  хүмүүс оролцсон юм.

Хэлэлцүүлэгт “Төрөөс төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр баригдаж байгаа бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Гурил, гоймон үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Талх, гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлүүдийг салбарын мэргэжилтнүүд тавьлаа.

Салбар хуралдаанд оролцогчид энэ зун гантай байснаас шалтгаалж 270 орчим мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд ирэх жилийн хэрэглээнд 200 гаруй мянган тонн буудай дутах учир үүнийг ОХУ-аас нөхөж авахаар тооцоо хийж байгаа талаар ярьлаа.

Мөн хүнсний эмзэг бүтээгдэхүүний нэг болох бялуу үйлдвэрлэлийн салбарт далд үйлдвэрлэл идэвхжиж, үүнийг хянаж чадахгүй байгаагаас хэн, хэзээ үйлдвэрлэсэн, хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн ихэссэнийг онцоллоо.

Хүнсний бизнес эрхлэгчдэд төр засгийн зүгээс:

Гадна түүхий эд материалаа дотоодоосоо хангах боломжийг бүрдүүлэх, дэмжих,

Бүтээгдэхүүнийг гааль татварын бодлогоор дэмжих,

Валютын ханшийг тогтвортой барих,

Оюуны өмчийг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгох, оюуны өмчийн газрын чадавхийг дээшлүүлэх,

Цаашид хүнсчдийн холбоо болон гурилан бүтээгдэхүүний салбаруудтай хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шаардлагатайг онцолж байлаа.

Хурлаас гарсан гол санаануудыг ирэх 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулагдах үндэсний чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.