Ерөнхий сайд хариуцлага тооцно гэв
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.08.08

Ерөнхий сайд хариуцлага тооцно гэв

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж, амиа алджээ. Мөн тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Хэрэг баасан гарагийн 12.10 цагийн үед гарсан бөгөөд нутгийн иргэд цэргийн албан хаагчдад хандсан байна. Тэд газар дээр нь очиж, нуруундаа шархадсан Т-г Цэргийн төв эмнэлэгт хүргэжээ. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах юм байна. Үүссэн нөхцөл байдлын талаар иргэн Т мэдүүлжээ. Тэрбээр “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Тэсрэх зүйлийг нүдэж болохгүй гэж анхааруулаад, цаашаа харсан байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон” гэжээ. Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн байна.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байна. Хэрэг болсон газар нь Таван толгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрладаг бөгөөд УИХ- ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтдаг хэсэг аж. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 3-нд сургалт хийсэн. Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, баримт үйлддэг. сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэв.

Ерөнхий сайд Ж.эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлага тооцно гэдгийг анхааруулав.

Сэтгүүлч А.Ананд