Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул, жагсан угтлаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн ёслолын цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.
Угтах ёслолын дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж, Бүх цэргийн Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр яамны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.