Ж.Энхбаяр: Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа учраас яаралтай шалгаж өгөхийг Шадар сайдын ажлын албанаас Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хандсан байдаг.
Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Шадар сайдын ажлын албанаас мэдээллэхдээ "Энэ явдлын талаар баримт бичиг болон CD хувилбараар Шадар сайдын Ажлын албанд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бидэнд ирсэн нь үнэн. Ингээд Шадар сайдад танилцуулсан. Шадар сайд "Холбогдох хууль хяналтын байгууллагад нь шалгуул" гэсэн үүрэг өгсөн. Энэхүү явдалд бид маш их сэтгэл зовнож байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэсэн юм.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тэрбээр "Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно" гэв.