2017.07.25
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Иргэдийн амьжиргаа сайжирч байж л улс орны хөгжил ярина уу гэхээс хүнгүйгээр хөгжил гэж байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад гишүүд ихэнх нь амарч явах шиг байна. Таньтай харин ордонд хэд хэдэн удаа таарчихлаа. Наадам сайхан болов уу?
-Сайхан наадамлалаа. Булган аймгийн хувьд энэ жил сүүлийн гурван жилд амжилттай сайн уралдсан морьдоо цуглуулж шилмэл морьдын уралдааныг зохион байгууллаа.
-Таны морь улсад айрагдаж байсан байх аа. Энэ жил хэр хурдлав?
-Өнгөрсөн 2011 онд улсын наадамд соёолон маань гурваар давхисан. Энэ жил эрлийз морьдын уралдаанд “Булган бор”-ын маань үр төл улсын наадамд айрагдлаа. Булган аймгийн уяачдын холбоонд өмнө нь хоёр ч азарга өгсний нэг нь эндчихсэн юм. Нөгөө азаргаа сумдаараа тойруулж төлийг нь авахуулдаг. Эхнийх нь төл энэ жилийн улсын наадамд аман хүзүүдлээ. Булганчууд маань бөөн баяр л байна.
Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүний хувьд адуутай, айрагтай, хурдтай энэ сайхан уламжлалыг зөв хадгалж авч явах, морин спортыг хөгжүүлэх, улсад нэр алдарыг нь түгээхэд өөрийн зүгээс чадах ядахаараа дэмжин ажиллахыг хичээж зорьж явдаг даа.
-Та багадаа хурдан морь унадаг байв уу?
-Би хурдан морь унаж байгаагүй. Аав маань нэгдүгээр баазын жолооч байсан. Тээвэрт явахдаа зундаа ах дүү бид хэдийг хамаатны айлуудад хөдөө аваачаад орхичихдог байсан. Зургадугаар сараас эхлээд наймдугаар сарын сүүл сэрүү орохоор л ирж авдаг байсан. Булган, Өвөрхангай, Төв аймгийн Заамарт ах дүүсийндээ зусахдаа бид морь малын ажлын зах зухаас суралцаж морь унаж, адуунд явж, хонь хариулдаг байлаа.
-Энэ УИХ шинээр бүрэлдээд нэг жилийг ардаа орхилоо. Жилийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан гэж та дүгнэж байна вэ?
- УИХ-ын гишүүнээр ажилласан нэг жилийн хугацааг харахад миний хувьд шинэ гишүүн хэдий ч чамлахааргүй ажил амжууллаа. Мэдээж хэрэг төрийн албанд олон жил ажиллаж Төрийн нарийн бичгийн дарга хүртэл хийж байсан, дээр нь хөдөө орон нутагт ажиллаж байсан туршлага маань арай дөхөм байсан болов уу.
Өнгөрсөн намар, энэ хавар бүх сумдаараа тойрч сонгогчидтойгоо уулзлаа, багуудаар очиж иргэдийнхээ санаа бодлыг сонсож хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлынхаа талаар санал солилцлоо.
Хууль тогтоох үйл ажлын хувьд хуулийн ажлын хэсгийнхэнтэй орой болтол сууж ажиллах, чуулган, байнгын хорооны хурлуудын завсраар төсөл хөтөлбөрүүдтэй танилцах зэргээр завгүй өнгөрүүллээ. Хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллалаа. Хоёр ч хуулийг өөрөө ахалж суусан. Санаачилсан хуулийн нэг болох Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад авто замын чанарыг сайжруулахад хатуухан өөрчлөлтийг оруулсан гэж үзэж байна.
Үүнд нэгд: техник технологи талаас нь хатуу харах, хоёрт: хяналтыг сайжруулах, гуравт: баталгаат засварын хугацааг нэг жил байсныг гурван жил болгосон. Гурван жилийн хугацаанд зөвхөн гүйцэтгэгч компани хяналт тавиад зогсохгүй хяналт тавьдаг байгууллага хариуцлагаа хамт хүлээхээр болсон. Хяналтын инженерүүд хамт хариуцлага хүлээдэг болсон нь зөв механизм гэж харж байна.
Түүнчлэн “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж батлагдахад бэлэн болсон байгаа. Хуулийн төслийг боловсруулахын өмнө тал талын саналыг авч, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, чанар хүртээмжийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар санал сонсож, гарц гаргалгааг нэлээн сайн ярилцсан.
-Энэ хууль батлагдвал өмнөхөөсөө юугаараа илүү байх юм. Малын эрүүл мэндтэй уялдаад хүнсний эрүүл мэндийн чанар хүртээмж сайжирна гэсэн үг үү?
- Уг хуульд төрийн механизмын хяналт шалгалтыг сайжруулахын тулд дээрээсээ доошоо чиглэсэн шууд босоо удирдлагатай болгож байна. Яамнаас гарсан шийдвэр сум, багийн тасгийн малын эмч дээр шууд очих бололцоо бүрдэнэ. Урьд нь тухайн аймаг хүмүүсээ томилчихдог, хариуцлагыг тэр хавьдаа тооцдог байсан. Бразилийн эрүүл мэндийн салбарын сайдын хэлсэн алдартай нэг үг байдаг л даа. 150 сая малын нэг л тун вакцины асуудлыг бүгдийг нь би шууд хариуцна гэж хэлсэн үг байдаг.
Энэ нь хариуцлагын тогтолцоо маш сайн байгаа хэрэг. Ер нь мал аж ахуйг хөгжүүлэхэд малын эрүүл байх эсэхээс шалтгаалаад малын ашиг шимийг хүртэх байдал шалтгаалдаг. Гадагшаа махаа экспортлоход малын өвчлөл тээг болж байна шүү дээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын мэргэжлийн хяналтын газрынхантай хамтарсан хэлэлцээр хийж гадагшаа мах гаргах тухай яг ярилцаж тохиролцож байтал манайд малын өвчин гарчихсан.
Тэгэхээр малын өвчлөлийг хүнийхээ хэмжээнд хүртэл анхаарч үзэн чанарын шаардлагыг сайтар тавихгүй бол эргээд малын махаар дамжин хүний эрүүл мэндийн асуудал ч яригдана. Үүнд хатуу хяналт тавьж төрийн механизмыг сайжруулахад анхаарсан хууль болсон гэж хэлэх байна.
-Манай улс Олон улсын Валютын санд хамрагдахын тулд долоон төрлийн татвараа нэмсэн. Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ татвараас болж танай нам ялагдчих шиг боллоо?
-2012-2016 он хүртэл эрх барьж байсан Засгийн газрыг улс орныг ийм хүнд байдалд оруулчихсаныг хараад үнэндээ хэлэх үг олдохгүй харуусдаг. Өнгөрсөн хугацаанд 7.2 тэрбум ам.долларын өр зээл авагдсан байна. Хэрэв энэ мөнгө эдийн засагт зохистойгоор хүрч наалдаж чадсан бол Монгол Улсын хөгжил гайхалтай сайхан байх боломж байсан.
Шулуухан хэлэхэд урьдах Засгийн газрын баасыг арилгахын тулд татвар нэмэх шийдэлд яах аргагүй хүрсэн. Манай Ардын нам 60 гаруй хувийн рейтинг өндөртэй байсан бол жил хүрэхгүй хугацаанд нэлээд доошилсон нь үнэн.
Гэхдээ хэн ч гэсэн ард түмэндээ таалагдахгүй шийдвэр гаргахыг хүсэхгүй. Гүйж яваад өөрийгөө дэгээдээд унагадаг хүн гэж байдаггүйтэй адил ард түмний итгэлийг авч гарч ирчихээд өөрөө өөрсдийгөө татаж унагаах шийдвэрүүдийг сайн дураараа гаргаад явах тэнэг хүмүүс биш.
Улс орны эдийн засгийг сэхээнд оруулахын тулд хүссэн хүсээгүй ийм шийдвэр гаргахаас аргагүй болоод шийдвэрлэсэн. Үүний мөрөөр олон шалгалтууд хийгдэж байгаа.
Төрийн өмчит компаниудад шалгалт хийхэд ноцтой зүйлүүд их илэрсэн. Нэг их наяд төгрөгийн алдагдал гарсан. Хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай. Монголбанкин дээр 3.5 их наяд төгрөгийн алдагданги гарсан. Ийм байдал үүсгэснийг ард түмэн учрыг нь сайн мэдэхгүй байх нь аргагүй.
-ОУВС-д манай улс хамрагдчихлаа. Яг ямар үр дүн гарах юм бэ?
-Хэрэв Валютын санд орохгүй байсан бол ямар нөхцөлд байх байсан бэ гэвэл маш эрсдэлтэй, эдийн засаг зогсох аюул ойрхон ирсэн байсан. Бид зодуулж цавчуулсан ч хамаагүй улсынхаа эдийн засгийг сэргээх гэдэг сонголт дээр шийдэл гаргасан. Валютын сан татваруудаа нэм, халамжийг хас цоорхой сав шиг байдгаа боль. Тэгээд банкны системээ сайжруулахыг зөвлөсөн. Өөрсдөө очиж шалгалтаа хийнэ гэсэн. Одоо удахгүй шалгалт орох гэж байна.
Манай улс урьд нь зээл энэ тэрээр өчнөөн мөнгө орж ирэхэд дахин эргэж төлөгдөхгүй зам барих гэх мэт хөрөнгө оруулалтад зарчуулчихсан. Үүнийг зээл өгсөн нөхдүүд илхэн харж байгаа шүү дээ.
Түүнийхээ оронд байнгын эргэлтэнд орж, эдийн засгийг хөдөлгөөнд байлгах хөрөнгө оруулалтад зарцуулсан бол үр дүн өндөртэй байх байсан. Олон улсын Валютын санд хамрагдсанаар төсөв эрүүлжиж, банкны системээсээ эхлээд эрүүлжиж эдийн засгийн хөгжил зөв гольдролдоо ороод явна гэсэн хүлээлттэй байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын шинэчлэлийг ярьж, намын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна?
-Сая Ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавьсан ард түмэнд гомдоод байх зүйл алга. Гагцхүү ийм хүнд нөхцөлд орхисон түрүүчийн Засгийн газарт хэлэх үг даанч алга. Ямар сайндаа Монголбанкны Золжаргалыг шоронд хийгээч гэж хэлж байхав. Манай намын хувьд намын Их хурал удахгүй хуралдана. Хурлаар алдаа оноогоо ярилцаж дүгнэлтээ хийнэ. Ялагдал хүлээсэн юм чинь хариуцлага тооцох тухай тодорхой хэмжээгээр яригдах байх.
Бодит байдал дээр 160 мянган гишүүнтэй намын дарга байна гэдэг маш их хариуцлага, шалгарч гарч ирэхээс эхлээд чадвартай хүний шинж, үнэлгээ юм. Манай намд шинэчлэл байнга л явагддаг. Хэдэн хүн гэнэтхэн нэг юм яриад шинэчилчихдэг ч биш. Нэг хэсэг нь шинэчлэнэ гэхээс илүүтэй намынхаа хурлаараа сайн, муугаа ярилцаж таарна.
-Таныг асуух нээ голдуу Булганд явна гэдэг. УИХ-ын гишүүдийн хувьд эхний нэг хоёр жил тойргоо бараг л мартдаг гэдэг юм билээ. Гэтэл та байнга л нэг юм санаж сэдэж, нутаг гүйж байх юм. Саяхан Оюутан зөвлөх шалгаруулсан, залуучуудаа төсөл хөтөлбөрт хамруулж нутаг орноо цэмцийлгэх ажлыг зохион байгуулсан гэж дуулдсан?
-Нэгэнт нутаг усныхаа иргэдийн итгэлийг хүлээж, улсын хэмжээнд хамгийн олон саналыг авчихаад зүгээр суух эрх надад байхгүй. Гишүүнээр сонгогдохоос өмнө аймагтаа жил гаруй амьдарлаа. Иргэдийнхээ амьдрал ахуйг юу хүсээд байгааг, аймаг орон нутагт юу дутагдаад байгааг гадарлахын хувьд бага ч гэсэн зүйлээр дэмжиж, хийж хэрэгжүүлэх бодож санасан ажил их байна.
Яахав үүний нэг нь нутаг орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, юм хийе хамтраад хөгжье гэсэн залуучуудаа дэмжиж ажиллах юм. Энэ хүрээнд “Оюутан зөвлөх” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Нэг чуулганы хугацаанд аймгаасаа шилдэг 10 гаруй хүүхдийг сонгон авч, Төрийн ордонтой танилцуулж, төрийн ажил ямар байдлаар явдагийг дөр суулгах, хамтран ажиллах зорилготой.
Эднээсээ зарим нэгийг нь ажил төрөлд оруулж замыг нь тавиад өгчих юмсан гэсэн бодол ч бий. Түүнчлэн аймаг орон нутгаа цэвэрлэе, төсөл хөтөлбөрүүдэд оролцоё гэсэн оюутнуудынхаа санаачилгыг дэмжиж сая “Цэмцгэр Булган” төслийг хэрэгжүүлж Сайхан сумын хогийг цэвэрлэлээ. Цаашид арай илүү алсыг харсан ажлуудыг хийж хэрэгжүүлэх байх. Юм хийе, оролцоё гэсэн залуучуудаа дэмжиж байж, тэднийхээ урмыг сэргээж, тэр сайхан сэтгэлийн замыг нь засч байж л бид урагшилна гэж боддогийн ш тээ. Манай аймгийн удирдлагад ч бас олон сайхан шижигнэсэн мундаг залуучууд гар нийлж ажилладаг.
-Булганы хөгжлийг та хэрхэн харж байна вэ. Таны цахим хуудсыг харж байхад иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд их санаа зовж яваа харагддаг?
-Тийм шүү. Гол анхаарч санаа зовох асуудал энэ л байна. Бид олон жилийн турш Тавантолгой, Оюу толгой, зам, дэд бүтэц ярьцгаалаа. Өнгөрсөн хугацаанд харахад орон нутагт иргэдийн амьжиргаа хаягдаж ирсэн.
Яг иргэддээ хүрсэн бодит хөрөнгө оруулалт, улсын дэмжлэг үгүйлэгдэж байна. Ажлын байрыг бодитоор нэмэгдүүлсэн зүйл алга. Миний харж байгаагаар жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадагшаа экспортлодог байхыг зорих нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодитой асуудал гэж харж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл дээрээ энэ зун сууж, бэлтгэл ажлаа хангана. Ингээд 2018 оны төсөвт тодорхой мөнгө суулгахыг зорьж байна. Хөдөө орон нутгаар яваад очоод үз. Ногоо тарих хүсэлтэй иргэд маш олон. Малынхаа ашиг шимийг боловсронгуй болгож зарах сонирхол их байна. Төрийн дэмжлэг тэдэнд хэрэгтэй байна. Хүмүүсийг сургамаар байна. Би өнгөрсөн жилээс Булган аймагтаа “Чацаргана хөтөлбөр” санаачлан эхлүүлсэн.
Миний санаагаар бол нэг иргэн нэг га талбайтай байя. Нэг га-гаас жилдээ 20 гаруй сая төгрөг буюу сарын 2 сая орчим төгрөгийн цалинтай гэж бодоод үзэхэд болж байна гэж бодож энэ төслийг эхлүүлсэн. Витафит компани гэхэд ундааныхаа сиропоо гаднаас авдаг, яагаад монголоосоо авч болохгүй гэж. Бид иргэдээ сургаад дэмжээд өгвөл хийх, хөдөлмөрлөх сонирхол их байна.
Яагаад гаднаас төмсөө авч идэх ёстой гэж. Хил дээр оруулж ирүүлэхгүйгээр хаачихъя. Сүүгээ дотоодоосоо нийлүүлдэг, авдаг байя. Үйлдвэрлэлийг нь бүсчлээд төрөөс дэмжээд өгье. Ингэж байж л жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, иргэдийн маань амьжиргаа дээшлэнэ. Тиймээс энэ ажилруу гол анхаарлаа хандуулахаар ажиллаж байна. Ерөнхий сайдтай сая уулзаж ярилцахад дэмжиж байна. Том бүтээн байгуулалт зам харгуй яах вэ явах л байх.
Гол нь иргэд маань эдийн засгийн чадавхитай, амьжиргаа нь дээшилж байж л улс орны хөгжил яригдана уу гэхээс хүнгүйгээр хөгжил гэж байхгүй. Орон нутгаас сонгогдсон гишүүд маань ч гэсэн бас надтай адилхан бодолтой байгаа байх. Хаана хаанаа дэмжээд хамтраад явах л хэрэгтэй байна.
Б.ДОЛЗОДМАА