Ё.Баатарбилэг: Ерөнхийлөгч нь байхад ажлын албаны дарга нь УИХ-ын даргатай албан бичгээр харьцдаг тийм харилцаа байдаггүй
2017.07.24

Ё.Баатарбилэг: Ерөнхийлөгч нь байхад ажлын албаны дарга нь УИХ-ын даргатай албан бичгээр харьцдаг тийм харилцаа байдаггүй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, гишүүд орон нутагтаа ажиллаж байна. Мэдээж зуншлага сайхан биз дээ?

-Сайхан, сайхан зусч байна уу? Сайхан наадав уу?

-Наадав уу гэснээс энэ жилийн наадамд танай нутгийн бөх Ч.Санжаадамба аварга тавын даваанд унасан унаагүй гээд маргаан дэгдлээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-“Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэж манай монголчууд ярьдаг даа. Жил бүхний наадам л сайхан болдог, онцлогтой болдог, тэр болгоныг дараа жилийн наадам хүртэл ярилцдаг, хуучилцгаадаг. Мэдээж наадам л юм хойно унаж давах, түрүүлж хоцрох, онож алдах юм байх нь мэдээж. Үзэгчийн хувьд аваргын барилдааныг удаашруулсан бичлэгийг хараад, хөлийн цэцийн ахмад бөхийн хэлж байгааг, засуулуудын хэлж байгааг сонсоод сонин л санагдаж байна лээ. Яахаараа шүүлтэндээ техник техологи ашиглахгүй гэж шийдвэрлэдэг байна аа, 21 дүгээр зуунд. Үүнийг ойлгоогүй. Ядаж хайн болгоод дахиж барилдуулчихгүй дээ гэж бодсон шүү. Шүүмжилж хэлэх амархан л даа гэхдээ л бөхөд хайртай монгол хүний хувьд цаашид аварга ч бас аварга шиг илүүрхэж барилдаасай, нөгөө залуу ч бас ингэж авсан цолоо хамгаалж барилдаасай л гэж хэлэх байна.

-Хурдан морины уралдаан бас олон морьд хасагдсан. Монгол морьд уралдуулах нэрээр олон морьдыг хаслаа гэх юм...

-Бөх гэлтгүй хурдан морины тухайд ч энэ жил маш олон морь, уяач, унаачийн хөлс хөдөлмөр талаар болчихов уу даа. Наадмын комсс үнэхээр эрлийз монголоор ялгаж уралдуулна гэсэн бол наадмыг тулгаж биш комисс ажиллаж эхэлсэн аль хавраасаа зарлаж мэдээлэх байтал наадмаас хэдхэн хоногийн өмнө дуулгахаар маш их хүндрэлүүд гарч байгаа юм л даа. Уяач хүн улсад хурд үзэх гэж байгаа бол гэнэтхэн сарын өмнөөс юм уу хэдхэн хоногийн өмнөөс бэлдээд хот руу гараад давхидаггүй байлгүй дээ.

Дээрх бөхийн асуудал ч тэр, хурдан морины тухайд ч ер нь цаашдаа Улсын баяр наадмын тухай хууль, холбогдох спортын холбоодын дүрэм журамд дорвитой өөрчлөлт оруулахгүй бол цаг үеийн шалгуур даахгүй болсон байна аа гэдгийг л энэ жилийн наадам тод харууллаа гэж бодож байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хэлэлцүүлгүүд явагдлаа. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар таны байр суурь?

-Үндсэн хууль бол аливаа нэгэн цаг үед тухайн цаг үеийнхээ хүмүүсийн оюун ухаанаар бүтдэг бүтээгдэхүүн. Энэ утгаараа огт өөрчилж болдоггүй зүйл биш, нөгөө талаасаа хүссэн үедээ өөрчлөөд байдаг зүйл ч биш. Өнөөдөр харин өөрчлөх ёстой цаг үе нь мөн үү гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин өөрчлөхөөр заалтууд бий юу гэвэл байгаа.

Адаглаад, миний үзэж байгаагаар олон түмнээс хамгийн их санал сэтгэгдэл ирдэг Төрийн сүлднээсээ эхлээд эргэж харах ёстой зүйлс байгаа гэж үздэг. Харин агуулгын биш хөнгөхөн косметик засвараар гар хүрэх гэх бол хэрэггүй.УИХ- аас тогтоол гарсан.Энэ зун намартаа хэлэлцүүлгүүд орон даяар сум, баг, хороо бүрт явагдана.Түүгээр иргэд олон түмэн юу гэж үзэж байгааг сайн судлах ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн өөрчлөлт ярих байх.

-Шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөлөө. Ерөнхийлөгчөөс Монгол Улсаас гадны хоёр улсад суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлыг УИХ-д хүргүүлээд, түүнийг хүлээж аваагүй, бараг тийм эрхзүйн чадамж Ерөнхийлөгчид байхгүй гэсэн хариуг УИХ-ын Тамгын газрын дарга егсөн. Ерөнхийлөгч УИХ-ын хооронд нэлээд маргаантай харилцаа үүсээд эхэлж байна уу даа гэж харагдаад байх юм. Өөр нам болохоор тэгж байгаа гэсэн хандлага нийгэмд байх шиг...

-Тийм зүйл байхгүй байх.Одоогоор чуулган завсарласан, тойрогтоо байгаа болохоор нарийн мэдээлэл алга.Хэвлэл мэдээллээс миний авсан мэдээллээр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн бланкаар ганцхан хуудас албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Зохих ёсны хариуг нь УИХ-ын Тамгын газраас өгчээ л гэж харсан. “Тэр тэр хоёр нөхрийг эргүүлэн татчих гэж УИХ-д мэдэгдчихээрэй” гэж Ерөнхийлөгч маань Тамгын газрын даргадаа хэлээгүй байлгүй дээ.УИХ-ын даргатай Ерөнхийлөгч өөрийн бланк дээр өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр л харилцдаг.Энэ чинь төрийн өндөрлөгүүдийн хооронд олон жил явж ирсэн хууль ёсны уламжлалт харилцаа. Ийм л энгийн юм.Үнэхээр Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий бичгээр УИХ, Засгийн газарт хандаад, саналаа оруулаад, тэгэхдээ эргүүлэн татах үндэслэлээ гаргаад, зөвшилцөх санал хүргүүлэх боломж байгаа байлгүй дээ. Элчин сайдуудыг томилохдоо

Засгийн газраар хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлдэг мөртөө эгүүлэн татахдаа Засгийн газар хамаарахгүй, ганцхан Ерөнхийлөгч санал гаргаад татдаг гэж баймгүй л юм.Хуулийн нарийн заалтуудыг хуульчид хэлж байх шиг байна лээ.Хамгийн сайн мэдэж байгаа зүйл Ерөнхийлөгч нь байсаар байхад ажлын апбаны дарга нь УИХ-ын даргатай албан бичгээр харьцдаг тийм харилцаа байдаггүй юм л гэж хэлэх байна.

-Танай намын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас эхлээд нэлээд бужигнаан эхэлж байгаа гэж ярьцгааж байна. Намын даргын марафон эхэлсэн, Ерөнхий сайд, Шадар сайд нар өрсөлдөөд эхэлсэн, Засгийн газар тогтвортой байх эсэх гэх мэтээр мэдээлэл маш их гарч байна?

-Манай нам тэгж их марафон яваад бужигнаад ‘гэрээ шатаачих гээд” байдаг нам биш шүү дээ. Гэхдээ сонгуулийн үр дүн янз бүр л байдаг, сонгууль бүрийн дараа л янз бүрийн яриа гардаг. Түүний л адил болов уу. Би өөрөө 2012 онд сонгуульд ялагдал хүлээгээд аймгийнхаа Намын тэргүүлэгчиддээ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоръё гэж санал хэлээд намын хорооны даргаасаа огцорч л байлаа. Намайг ажлаа өг гэж хэн ч хэлээгүй, дээрээс ч шахаагүй, шаардаагүй л юм. Мэдээж сонгуулийн хариуцлага гэж байлгүй яахав, Гэхдээ энэ бол нэг хоёрхон хүн яриад, нэг хоёрхон хүн шийдээд, нэг хоёрхон хүнийг яллаад зэмлээд өнгөрдөг асуудал биш. Ял гавьяа хоёрыг хамтдаа үүрнээ гээд нэр дэвшилтээсээ эхлээд зүтгэсэн Удирдах зөвлөл, Бага хурал, Сонгуулийн штабын асуудал шүү. Зарим нэг хэсэг бүлэг намын нөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна лээ.

-Гэхдээ буруутанг л хайгаад байх шиг байна?

-Бурууг хэн нэгэн рүү чихэх гээд байгаа ч юм шиг харагдсан нь үнэн. Тэгж болохгүй.Сонгуулийн санал хураалт хүртэл энэ тэр юм чинь болохгүй байна, бүтэхгүй байна,алдаад байна, ялагдах гээд байна гэсэн шүүмжлэл, ажил сайжруулах санал штабт ч, намын удирдлагуудад ч төдийлөн ирээгүй л юм байна лээ.Одоо худлаа ярьцгаагаад яахав, ний нуугүй хэлэхэд сйнгуулийн өдөр хүртэл ялна гэсэн сэтгэгдэлтэй л байсан шүү дээ намын нөхдийн ихэнх маань.

Нэг л зүйлийг нэмж хэлэхэд манай намын жирийн гишүүд дэмжигч маш олон хүн манай нэр дэвшигчийг дэмжсэн гэдгийг энд хэлж талархах хэрэгтэй. Бас нэг сая 900 мянган сонгогчоос 600 мянган сонгогчийн саналыг авсан Ерөнхийлөгч маань бас өөрийг нь дэмжээгүй хэсгийн дэмжлэгийг автлаа сайн ажиллах хэрэгтэй л гэж хэлэх байна.

-Саяын сонгуулиар танай намын мэтгэлцээнд бэлдсэн бичлэг ил болж олон нийтийг шуугиуллаа. Та тэнд байсан?

-Тийм. Би нэр дэвшигчийг мэтгэлцээнд бэлдэх ажлын хэсэгг ажилласан. Аль ч нам нэр дэвшигчээ мэтгэлцээнд бэлддэг. Дэлхийд, олон улсад байдаг түгээмэл зүйл. Миний л мэдэхийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль бүрт оролцогч намууд ингэж л бэлдэж ирсэн. Энд хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Хоёрт, нэр дэвшигчдэд хандаж иргэдээс ирж байгаа асуултууд МҮОНТ-ийн сайтад нь олон нийтэд ил байсан. Тэр дагуу хариултуудыг ярилцаж, мөрийн хөтөлбөртэйгээ уялдуулж бэлдсэн. Гуравт, мэтгэлцээний бэлтгэл нэлээд нухацтай явагдсан. Түүн дээр тэр нэг үл таних эмэгтэй хүний хоолойгоор эвлүүлэг нааж ард түмнийг цагаан цаас мэтээр ярьж маазарсан тийм зүйл болоогүй. Би одоо ч гайхаж л байна. Тэнд байгаагүй, танихгүй эмэгтэй хүний хоолойгоор олон нийтийн дургүйцлийг төрүүлэхүйц агуулгатай маазарсан өгүүлбэр дунд нь эвлүүлгээр оруулж, маш том гэмт хэрэг мэтээр харлуулах гэж зүтгэсэн. Гэтэл тийм зүйлболоогүй гэдгийг тайлбарлаж ойлгуулахгүй байсаар байгаад сонгуулийг дуусгалаа л штабын удирдлагууд.

За тэгээд бичлэгийг өрсөлдөгч хүчинд аваачиж өгсөн хүний өөрийн нөхөд тэнд хэн хэн байсан, юу ярьцгаасныг өөрсдөө мэдэж байгаа тул энд нэмэлт тайлбар ч юу байхав дээ.Ер нь тэгээд МҮОНТ-ийн онгойлгоход түвэгтэй тэр асуулгын хайрцаг, хөтлөгч нарын хэт нуршуу тайлбар гээд цаг барсан үзэгчдээс шүүмжлэл дагуулсан асуудлууд дээрээ бүгд л анхаарах шаардлагатай байгааг мэдэрсэн байх аа.

Цаашдаа бид мэтгэлцээнийг бодит утгаар нь мэтгэлцэж хийдэг болгох, илүү бодлогын юм ярьдаг, асуудал шийдэл ярьж мэтгэлцдэг болгоход анхаарах хэрэгтэй байгааг, багшаас сугалсан билетэд хариулж дүн авдаг оюутан шиг маягаар явагддаг хуучин хэлбэрээс татгалзах шаардлагатай байна гэдгийг бүгдээрээ харлаа.

-Таныг бараг намынхаа даргын төлөө өрсөлдөх гэж байгаа нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа гэх юм. Ингэснээрээ Засгийн газарт орж ажиллахаар зүтгэж байгаа гэж мэдээлэл гараад байсан даа?

-Тийм зүйл байхгүй дээ. Миний мэдэхийн Намын хурал хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. Тийм албан ёснъг шийдвэргараагүй гэж ойлгож байгаа, мэдээж хуралдах л байх. Намын даргын ажлыг нам хамт олон хурлаараа хэрхэн дүгнэхийг хэлж мэдэхгүй байна, нэг дүн тавьж л таарах биз. Үнэхээр хариуцлага яриад өөрчлөх солихдоо туллаа гэхэд Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн бүх гишүүд хамтын хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаар манай нам нэгдсэн бодлоготой нам. Хэн нэгэн хүн дураараа дарга болчихдог, нэг нь больчихдог юм өмнө нь харагддаггүй л байсан шүү дээ. Одоо л өөр болчихоогүй бол. Тэгэхээр энэ асуудал хэвлэлийн хуудсан дээр биш нам дотроо удирдпагуудынтүвшинд, энэ намыг аваад явчих мэдлэг, чадвар, туршлагатай олон хүмүүсийн дунд эхэлж яригдаж таарах биз. Энэ намд маш олон чадварлаг удирдагч нар бий.

Цайраад ирж байгаа бороог тойроод гарч болдоггүйтэй адил намын шинэчлэлийн асуудал бол зайлшгүй боллоо гэж харж байна. Хэдийгээр энэ зуны дэлгэр цаг, амралтын үе ч гэсэн миний л хувьд маш их уншиж байна. Бид хаачих гээд байгаа юм, манай нам, ер нь Монголчууд маань юунд ямар замаар хүрэх гэж зорьж байгаа юм. Юун дээр алдаад байгааг, нэн тэргүүнд юуг эхлүүлэх шаардлагатай болсныг бодож тунгааж л байна. Ямартай ч манай намд үзэл баримтлалын, зорилго чиглэлийн, бүтэц зохион байгуулалтын гэхээсээ илүүтэйгээр ажлын арга барил, үйл ажиллагааны, аливаад хандах хандлагын өөрчлөлт буюу нэг үгээр сэтгэлгээний өөрчлөлт нэн даруй хэрэггэй болжээ.

Э.ЭНХБОЛД