Б.Баттөмөр: Монголд мөнгө угаах ажиллагаа ил тод боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны системийн шинэчлэлийн талаар асуудал хөндөж, өөрийн саналыг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн бол өнөөдрийн нийгмийн бодит байдлын тусгал. Аливаа хямрал, хүндрэлийн шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа. Өнгөрсөн жилүүдэд Монголд үүссэн хямрал, хүндрэл төрийн өндөр дээд албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэсэн үг. Монголбанкинд үүссэн нөхцөл байдал бол тус банкинд ажиллаж байсан хүмүүс тэр дундаа Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой.
Монголбанкинд хийсэн шалгалтын үр дүнг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулах нь зүйтэй. 2012, 2016 онуудад бүгд л шалгуулж байсан шүү дээ. Энэ асуудлаар манайх, танайх гэж яриад хэрэггүй.
3,1 их наяд төгрөгийн алдагдалтай, 7 тэрбум ам.долларын интервенци хийж, 10 гаруй их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. Үүнээс болж Монголбанкны үндсэн үүрэг болох төгрөгийн ханш суларсан гэдгийг тодорхой ярилаа. Инфляци буурсан нь бодлогын ачаар буурсан юм биш эдийн засаг агшсан. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл нэмэгдэж, хүн амын худалдан авах чадвар буурч, улмаар дифляци болсон гэдгийг хэлэх ёстой. Асуудал байна уу гэвэл байна. Уг асуудлыг олон талаас нь ярих шаардлагатай.
7 тэрбум ам.долларын интервенци үр ашигтай болсон уу гэвэл үр ашиггүй болсон. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр ашигтай байгаагүй. Яг нарийндаа иргэдийн хадгаламж төгрөгөөс валют руу шилжсэн. Өнөөдөр эргээд валютаас төгрөг рүү шилжиж байна.
Нөгөө талаас нууцлах шаардлагагүй зүйлийг нууцалж байна. Нууцлах ёстой зүйл нь ил явж байна. Тиймээс Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Банкны системд томоохон өөрчлөлт хийх ёстой. Банкны системийг олон улсын түвшинд хүргэх шаардлагатай. Банк өөрөө алдагдалтай. Улсын төсвөөс алдагдлыг санхүүжүүлдэг. Хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй энэ үед Монгол Улс яаж хөгжих билээ?
Сүүлийн үед Монголд мөнгө угаах ажиллагаа ил тод боллоо. Монголбанк, арилжааны банк, своп болон үүсмэл хэрэгслийн үйл ажиллагааг аваад үзэхээр мөнгө угаах гэмт хэрэг ил явагдаж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль гэж бий шүү дээ. Уг хуулиас “Мөнгө угаах” гэдгийг салгаж, мөнгө угаахын эсрэг хууль гаргах шаардлагатай байна. Энэ талаар ямар бодолтой байна? Монголбанк дэлхийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна?
Монголбанкны дэд Ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Уг хуулийг боловсронгуй болгох ажлыг зөвхөн Монголбанк хийх биш олон улсын байгууллагын шаардлага, зөвлөмжийн дагуу 2012-2016 онд энэ чиглэлээр Монгол Улс ямар алдаа дутагдал, ахиц дэвшил гаргасныг үнэлж байгаа.
Үнэлгээний хариу 2017 оны 7 дугаар сард гарах бөгөөд уг дүгнэлт, ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор уг хуулийг улам боловсронгуй болгохоор ажиллах болно.
Тодруулга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Мөнгө угаахын эсрэг хуулийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллана. Нөгөө талаас арилжааны банкуудад салхи оруулж, олон нийтийн болгох чиглэлд ажиллах шаардлага байна. Нэг, хоёр хүний өмчлөлд байж, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй биш байна.
Зарим үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинж чанартай байх жишээтэй. Тиймээс арилжааны банкуудыг хөрөнгийн зах зээлд гаргах, шилэн болгохоор Монголын төр анхаарах ёстой. Монголбанкны эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа ил тод болох ёстой. Маш олон дутагдал бий. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, банкны системд шударга өрсөлдөөнийг бий болгож, хөрөнгө оруулалтын банкийг бий болгох зэрэг олон ажил хийх хэрэгтэй байна.