Монголбанкны тухай тогтоолын төслийн танилцуулгыг хийлээ
Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Ж.Бат-Эрдэнэ:
Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийж ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажилласан. Ажлын хэсгийн танилцуулгыг 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар сонсоод, чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг тус байнгын хороо хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргасан үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж батлуулах гэсэн дэд заалтыг төслийн 1 дүгээр заалтанд нэмж, УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан тогтоолын төслийн 1.4 дэх заалтыг 2012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ажилласан эсэхийг хуулийн байгууллагад шалгуулах гэж өөрчлөн найруулан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.