Б.Бат-Эрдэнэ: Зээлээ зориулалтын дагуу ашигласан компаниудын нэр хүндийг унагаж болохгүй юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 2 дугаар сарын 1-нд ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зэрэг төсөв, санхүү, эдийн засгаар мэргэшсэн хүн багтаж, УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга, Сангийн яамны Санхүү бодлогын газрын дарга, Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга болон эдийн засгийн хоёр шинжээч багтаж ажиллажээ.
Өргөн цар хүрээтэй шалгалт хийсэн учраас багагүй цаг хугацаа зарцуулсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тулгарч ирсэн нь улстөржүүлэх шалтгаан болж байна. Тиймээс бид хариуцлагын асуудлыг ярих цаг болсон. Хариуцлагаас хойш суух хандлага орон нутагт хавтгайрч, хариуцлагагүй, ёс зүйгүй, сахилга батгүй үйлдлээ намын нэр нүүрээр дардаг болж.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд 7-8 их наяд төгрөг зарцуулсан байгаа юм. Тухайн үед энэ мөнгийг валютаар баталгаажуулалгүй, бэлэн мөнгө хэвлэж тарааснаар төгрөгийн ханш суларна гэж сануулж байсан. Монголбанк өөрсдөдөө зориулж, гадаад томилолт, реклам сурталчилгаа, урамшуулал зэрэгт тэрбум, тэрбумаар хөрөнгө зарч байсан шүү дээ. Энэ бүхэнд яагаад ёс зүйтэй хандаж болоогүй юм бэ? Монголбанкны энэ мэт зарцуулалт үргэлжилсээр байна уу, эсвэл?
Эрдэнэсийн сан гэж улс эх орны хамгийн үнэт цэнэтэй бүхнийг хадгалдаг сан хөмрөг бий. Уг эрдэнэсийн санд гар дүрч, ямар үнэ цэнэтэй зүйлийг үрэн таран хийсэн юм бэ? Нөгөө талаас ном журмын дагуу зээл авч, зээлээ зориулалтын дагуу ашиглаж буй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авахгүй гэж ойлгож байна. Хамгийн гол авсан зээлээ үрэн таран хийж, үр дүнгүй, зориулалтын бус зүйлд зарцуулсан этгээдүүдийн талаар ярьж байна шүү дээ.
Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авдаг бол жилийн 2-3 хувийн хүүтэй зээл авч, авсан зээлээ хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулан, мөнгө угаасан зөрчил илэрсэн байхад хаацайлах хэрэггүй байх. 40 гаруй аж ахуйн нэгжүүд зээлээ зориулалтын бусаар ашигласан гэсэн тоо байна. Гэтэл тэдний нэрэн дор зээлээ зориулалтаар нь ашиглаж буй компаниудын нэр хүндийг унагаагаад байж болохгүй.