Д.Тэрбишдагва: Бид улстөржөөгүй, хариуцлагын тухай ярьж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва яагаад Монголбанкинд шалгалт хийх болсон шалтгаанаа тайлбарлалаа.
Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг хүн вант улсын эзэн шиг загнаж байсан. Хууль эрх зүйн хүрээнд тэр хүн эрх мэдлээ хангалттай ашигласан. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүн ёс зүйтэй байх ёстой. Тухайн үйлдлийг хийснийхээ төлөө ямар хууль зөрчиж болзошгүй вэ гэдгээ мэдэж байх учиртай. Ингэхгүйгээр албан тушаалаа урвуулан ашиглаж, дураараа дургиж болохгүй юм.
Аж ахуйн нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдэг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бид буруу гэж бодохгүй байна. Хамгийн гол нь зээл авсан ААН-үүд бага хүүтэй зээл авсны үндсэн дээр ажлын байр бий болгож, улсдаа татвараа төлсөн бол өөр хэрэг. Гэтэл бага хүүтэй зээл авчихаад түүнийгээ арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж мөнгө угаасан асуудалтай эвлэрч болохгүй.
Энэ бол маш ёс зүйгүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Энэ бүхнийг хэлэхээр ААН-үүд рүү дайрлаа гэж хүлээж авч болохгүй л дээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуудлыг улстөржүүлээд байгаа учраас тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ардчилсан намын мэдэгдлийг өдөр тутмын сонингууд нийтлэхгүй байна гэж гомдоллож байсан бол энэ сонинд гэхэд нийтлэгдсэн л байна шүү дээ. Монголын хамгийн олон уншигчтай сонинд мэдэгдлээ хэвлүүлчихээд бүх сонинтой хаалтын гэрээ хийсэн байна гэж улстөржүүлж болохгүй.
АН руу дайрсан зүйл алга. Гагцхүү Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг олж ирж, шалгуулан хариуцлага тооцох ёстой бол тооцуул гэж шаардаж байгаа хэрэг. Хэрэв гэм буруугүй бол нотлогдоно шүү дээ. Н.Золжаргалын өмнөөс чичирч дайрах шаардлагагүй гэж бодож байна.
Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар дэлхийн аудитын хамгийн том дөрвөн байгууллагаас гаргасан тоотой Т.Аюурсайханы ахалсан ажлын хэсгийн гаргасан тоо хоёр хоорондоо огтолцож байгаа. Мөн ОУВС-аас Монголбанк мөнгөний бодлогын алдаа гаргажээ гэдгийг тодорхой хэлсэн. Олон талын эх сурвалжаар баталгаажуулсан асуудлыг ярьж байгаа учраас маргах зүйл байхгүй.
2017 оны нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хороо Монголбанкинд шалгалт хийх шийдвэр гаргаж, хоёрдугаар сарын 1-нд ажлын хэсэг байгуулан, 4 дүгээр сард багтаан шалгалтыг дуусгая гэсэн төлөвлөгөөтэй байсан ч шалгалтын хүрээ асар өргөн байсан учраас төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжаагүй. Гэтэл энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан улстөржлөө гэж үзэж байна. Бид улстөржөөгүй. Бид хариуцлагатай байх, дэг журамтай байх тухай ярьж байна.