Ж.Эрдэнэбат: Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга аа, эрхэм гишүүд ээ,
Улсын Их хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу УИх-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хийх ээлжит мэдээллийг хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр бэлтгэж, танилцуулга мэдээллийг эрхэм гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.
Өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн дараа манай Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж байсан цаг үед манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэлд орсон, гадаад худалдааны эргэлт буурсан, макро эдийн засгийн олон үзүүлэлт буурсан ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай бид тулгарсан.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Засгийн газар тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулан уг хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Оны эхний I улирлын статистик тоо мэдээллийг Үндэсний статистикийн хороо, гааль, татварын байгууллагууд эмхэтгэн гаргаж олон нийтэд танилцуулаад байна. Эдгээр статистик тоо мэдээллээс үзвэл УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлт сайжирч, өсөлт ажиглагдаж эхэлсэн дүр зураг байна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганд мэдээлэхээр төлөвлөж байна.
Эрхэм гишүүд ээ,
Хөнгөн үйлдвэрийн салбар ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл гэсэн 14 салбарыг хамарч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.
Тэргүүлэх салбар болох ноос ноолуур, арьс шир, оёдол, мод модон эдлэл нь нийт хөнгөн үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлж байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 48,8 мянган хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдэж байна. 2017 онд малын гаралтай түүхий эд болох ноолуур 9,400 тн, ноос 29,000 тн, арьс шир 14 сая ширхгийг бэлтгэх урьдчилсан таамаглал байна.
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээрх нөөцийн 30-60 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2017 оны эцэст үйлдвэрлэлийг 4,0 их наяд төгрөг, нийт борлуулалтыг 3,5 их наяд төгрөгт хүргэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулах шийдвэр гаргаад байна.
Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.
Мөн эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард Дэлхийн банктай хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Эрхэм гишүүд ээ,
Та бүхэнд хөнгөн аж үйлдвэрлэлийн тодорхой дэд салбаруудын өнөөгийн байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч мэдээлье.
Ноос, ноолуурын салбарт ноолуур боловсруулах 280, ноос боловсруулах 200 гаруй үйлдвэр, 190 орчим жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид 22,7 мянган хүн ажиллаж байна.
2016 оны байдлаар ноос, ноолуурын салбар нь нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарын 4.5 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарын 21.8 хувь, хөнгөн үйлдвэрийн салбарын 50 хувийг тус тус эзэлж, 2016 оны байдлаар 387,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 70 хувийг нь экспортод гаргасан байна.
2016 онд нийт 102,8 мянган малчин, мал бүхий иргэн 21.6 мян.тн хонины ноос, 1.1 мян.тн тэмээний ноос нийт 22.7 мян.тн ноос бэлтгэснээр 22.6 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагджээ.
Ноолуур боловсруулах үйлдвэрүүд жилдээ 12,980 тн ноолуур угаах, 4,606 тн самнах, 1280 тн утас ээрэх, 2,8 сая ширхэг сүлжих, 1868 м нэхэх хүчин чадал суурилагдсан боловч, угаах хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа бол самнахын 20 хувь, ээрэхийн 34 хувь, нэхэхийн 25 хувь, сүлжихийн хүчин чадлын 70 хувийг л ашиглаж байна.
Монгол Улсын стратегийн түүхий эд болох ноолуурын салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, хүчин чадал нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах 34 үйлдвэр, хөдөө орон нутагт арьс ширэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 200 орчимжижиг дунд үйлдвэрүүд ажиллаж нийт 5,6 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2015 оны байдлаар 2,0 сая ширхэг арьс гүн боловсруулж 169,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар 4,3 сая ширхэг арьс хагас, 1,6 сая ширхэг арьс гүн боловсруулсан ба боловсруулалтын түвшин 12 хувиар өссөн байна.
Нийт 259,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс хагас болон гүн боловсруулсан арьс ширний борлуулалт 182 тэрбум, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт 77,7 тэрбум төгрөгт хүрчээ.
Түүхий эд чанар болон түүхий эдийн гарц, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд2016 онд нийт 64,255 малчин, мал бүхий иргэд нийт 3,1 сая ширхэг арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ба Засгийн газраас 10,8 тэрбум төгрөгийг малчдын урамшуулалд олгоход бэлтгэж байна.
Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 5 сарын 2-ны өдрийн 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Оёдлын үйлдвэрлэлийн салбар нь бага дундаж давхаргын эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг нийгмийн ач холбогдол өндөртэй салбар билээ.
2016 оны жилийн эцсийн байдлаар тус салбарт 1823 ажиллагсад ажиллаж, 31,6 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,8 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн экспортолж, 37,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсан байна.
Өнөөдрийн байдлаар мод, модон эдлэл үйлдвэрлэлийн салбар 500 үйлдвэр, аж ахуйн нэгжид 5,0 мянга орчим хүн ажиллаж, 2016 онд 199,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулсан байна. Дотоодын мод, модон материал, тавилгын нийт хэрэгцээний 45 хувийг дотоодын үйлдвэрүүд хангаж, 55 хувийг импортоор авч байна.
2016 оны жилийн эцсийн байдлаар барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 850 орчим үйлдвэрт 8,0 мянган хүн ажиллаж, 362,0 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл, хямралаас хамааран тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны түвшнээс 15-20 хувиар буурчээ.
2016 онд цементийн эрэлтийг дотоодын үйлдвэрүүдээс 740,0 мян тн, импортоор 254.0 мян тн нийт 1,0 сая орчим тн цементээр хангаж байсан бол энэ жил дотоодын нийлүүлэлт нэмэгдэж үйлдвэрлэл 1,2 сая тоннд хүрснээр цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрдэнэ.
Арматурын 12 үйлдвэр нийлбэр дүнгээр 12,0 мян тн арматур үйлдвэрлэсэн нь дотоодынзах зээлийн хэрэгцээний 4 хувийг хангаж, үлдсэн96 хувь буюу 48,5 мян тонн арматурыг импороор авч байна.
Дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдээр арматурын бэлдэц үйлдвэрлүүлж дотоодын хэрэгцээг хангах шаардлагатай байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркад шинээр байгуулж импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьж байна.
Монгол Улс 2016 оны байдлаар импортоор 204 тэрбум төгрөгийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортолсон дүн мэдээ байгаа нь манай улсын дотоодын хэрэглээний 90 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай байгааг илтгэж байна.
Монгол Улсын хэмжээнд гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн химийн үйлдвэрлэлийн салбарт нийт 30 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаруй нэр төрлийн гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 230 орчим сая төгрөгт хүрсэн байна.
Өнөөдөр манай орны онцлог бүхий малын болон ургамлын гаралтай түүхий эд болох чацаргана, зөгийн бал, хонины сүүл, уураг, адууны яс, гүүний эхэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж байна.
Эрхэм гишүүд ээ,
Аливаа салбарын үйлдвэрлэлийг эхлэх, цаашид өргөтгөн хөгжүүлэхэд төрийн тууштай бодлого, дэмжлэг чухал гэдэгтэй олон хүн, үүний дотор манай эрдэмтэн судлаачид бүрэн санал нийлдэг.
Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн болон хүнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, бодлогын талаар тодорхой зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл, оёмол сүлжмэлийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн анхдагч болон боловсруулах аж үйлдвэрлэл, мод боловсруулах үйлдвэрлэл, ойн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дээрх салбаруудад ашиглах зорилгоор импортоор оруулан ирж байгаа машин механизм, тоног төхөөрөмж, зарим түүхий эдийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгайлсан хуулиуд УИХ-аас батлагдан гарч мөрдөгдөж байна.
Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, зарим тоног төхөөрөмжийг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран лизингээр олгох зэрэг арга хэмжээ авч байгаа нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа эхлэх, улмаар өргөтгөн хөгжүүлэхэд ихээхэн тус дэм болж байна.
Монгол Улсын Засгийн газар цаашид ч аливаа салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх болно.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 үйлдвэрийг орон нутгийн онцлог, түүхий эдийн гарц, хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг үндэслэн байгуулж орон нутгийн иргэдийг нутагтаа орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн болох ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Боловсруулах үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, хүний нөөцийг чадавхижуулах, ажилгүйдлийг бууруулах “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
Анхаарал тавьсанд баярлалаа