Нэр дэвшигч эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ
2012.05.30

Нэр дэвшигч эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр Монгол Ардын Намаас УИХ-д нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээ хүлээн авч уулзан Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ дээд шагнал "Нийгмийн зүтгэлтэн" одонг энгэрт нь зүүж өглөө. Нэр дэвшсэн эмэгтэйчүүдээ нийгмийн түүчээ, зүтгэлтэн болж, тухайн салбар бүхэнд хүчин  чармайлт, амжилт, ахиц дэвшил гаргаж ажилласныг ийнхүү үнэлжээ. Монгол Ардын Нам тулхтай, туршлагатай улстөрийн хүчин гэдгээ харуулж, дотоод ардчиллаараа бусад нам, эвслээс ялгарч чадсан юм. Тиймдээ ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Эдгээр эмэгтэйчүүд нийгэм, эдийн засаг, боловсрол эрүүл мэнд гээд бүхий л салбарт өөрсдийн гэсэн орон зайгаа олж, чамгүй амжилт гаргаж олонд танигдсан билээ. Энэ үеэр НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Тойрогт нэр дэвшиж байгаа шонхрууд их өндөрт нисэх ёстой. Өндөрт нисэхийн тулд бидэнд хамтын хүчин зүтгэл, итгэл сэтгэлээр нэгдэж, улстөр, үзэл суртлыг нийгэмд зөв хүргэх хэрэгтэй байна" гэв. Түүнчлэн МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүд "Намынхаа мөрийн хөтөлбөрийг сурталчилж, ялалт байгуулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ" гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр нэр дэвшигчдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Эмэгтэйчүүд амьдралын нарийн асуудлыг олж харж чаддаг

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол:

-2012 оны сонгуулийн хууль нэлээд өөрчлөлт орж, сонгуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийсэн. Улстөрийн намуудыг хариуцлагатай болгох, төлөөллийн ардчиллыг улстөрд оруулж ирэх боломжийг олгосон. Энэ утгаараа Монголын улстөрийн намууд нэр дэвшигчдийнхээ 20 хувь буюу 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Манай нам ч 16 эмэгтэйг дэвшүүлсэн.

Одоо ард түмнээс өгсөн итгэлийг ялалт болгож ирэх нь УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувьд үүрэг гэж ойлгож байгаа. Жижиг гэж орхилгүй эрчүүдийн олж хараагүй асуудлуудыг эмэгтэйчүүд харж шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэдэг. Эмэгтэйчүүд амьдралд ойрхон асуудалд ханддаг. Улстөрд төр шударга, цэвэр байгаасай гэдэг нийгмийн захиалга, хүсэлт, хүлээлт байна. Монголын эмэгтэйчүүд үүнд хариулт өгч чадна. Ардчилсан нийгэм байгуулагдсан сүүлийн 20 жилд Монголын улстөрд оролцож явсан олон бүсгүйчүүд бий. Улстөрийн албан тушаал хашсан ямар ч эмэгтэй хүн албан тушаалын болон авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдож байгаагүй. Өнөөдөр эмэгтэйчүүд тухайн салбартаа хамгийн найдвартай, хариуцлагатай ажил хийж байна. Монгол Улсын бүхий л ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.