Монгол улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлнэ
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол
Парламентад суудалтай намын төлөөлөл болсон эмэгтэйчүүд, түүний дэргэд байгаа эмэгтэйчүүдийн байгууллагын эмэгтэйчүүд хамтран ярилцъя гэж бодсон. Бидний үндсэн зорилго бол юуг эмэгтэй хүн хийж чадах юм, ямар асуудлыг улс төрд орох гэж байгаа эмэгтэйчүүд хамтаараа нийлж, хөөцөлдөх ёстой вэ гэдгээ ярилцахын тулд улс
төрийн намуудын эмэгтэйчүүд маань өөр өөрийн сэдвээ сонгож, сонгосон сэдвийнхээ хүрээнд бидний нэгдсэн сэдэв бол "Хүүхдийн төлөө", хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд улстөрч эмэгтэйчүүд хамтран зүтгэе гэсэн шийдэлд хүрсэн. Монгол Улсын төрөх системд байгаа тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлын юу нь болдог, юу нь болохгүй байна зэрэг олон асуудлуудыг ярьсан. Монгол Улсад төрөлт 30 хувиар нэмэгдсэн байна. Төрөлт нэмэгдэхийн хэрээр тэр ачааллыг даах бэлтгэл Монголын төрд бэлэн байна уу, үгүй юу гэвэл бэлэн биш байна.
Өнөөдөр төрөх эмнэлгийн тоо цөөхөн, эмч, ажилтнуудын цалин бага, цэцэрлэгт хамрагдах ёстой бага насны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, сургуулийн сурагчид хүртэл боловсролын нэг ижил төвшинд байж чадахгүй байна гээд олон асуудал байна. Тийм учраас Монгол Улсын хөгжил гэдэг бол хүний хөгжлөөс эхэлнэ. Хүний хөгжил бол хүүхдээс эхэлнэ. Тиймээс энэ асуудалд төр анхаарлаа хандуулж, бодлого боловсруулах хэрэгтэй байна. Энэ хүүхдийн асуудлыг жижиг асуудал гээд орхиж болохгүй. Тэр тусмаа манай монголчуудын ур хүүхэддээ өмч хөрөнгө өвлүүлж үлдээхээсээ илүүтэйгээр мэдлэг боловсролыг өвлүүлэх, оюун тархийг нь цэнэглэж өгөх гэдэг түүхэн уламжлалтай холбоотой. Тийм учраас монголчууд эрт дээр үеэс эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэлцдэг нь гүн гүнзгий агуулгатай юм. Өнөөдөр манай ээж, аав нарын гол мөрөөдөл бол миний хүүхэд ижил төвшний боловсролтой, мэдлэгтэй болоосой гэж хүсч байгаа нь энэ асуудлын өвөрмөц онцлог байна гэж бодож байгаа учраас үүнийг хангах, шийдвэрлүүлэхийн тулд улс төрийн намуудын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэн хамтран зүтгэх гэж байна.