Албан бус тэргүүн хатагтай
2012.05.17

Албан бус тэргүүн хатагтай

 

"Хар даашинз, цагаан хүрэм, өндөр өсгийт. Францын шинэ тэргүүн хатагтайд хэрхэн дэгжин харагдах тухай загварын хичээл заах хэрэггүй ажээ. Улс төрийн сэтгүүлч хүний хувьд Валери Триервейлер дурангийн өмнө яаж сайхан харагдахаа мэддэг бололтой. Зургаан сарын өмнө амаржаад, загвар өмсөгчийн бие галбиртаа хараахан эргэж орж чадаагүй байгаа ядрангуй царайтай Карла Брунигийн дэргэд тэрээр эрч хүчтэй, ажил хэрэгч харагдаж байлаа". Энэхүү дүгнэлтийг Францын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэж суусан олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, загварын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна.

 

Валери Триервейлер Ерөнхийлөгчийн албан ёсоор хуримлаж суусан гэргий нь биш учраас тангараг өргөх гол ёслолд оролцоогүй ч хуучин Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрыг үдэх үед Ф.Олландын хажууд байлцаж, ямартай ч Францын тэргүүн хатагтайн үүргийг цаашид гүйцэтгэнэ гэдгээ олон нийтэд харуулаад авлаа. Өнгөрсөн мягмар гаригт Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олланд тангараг өргөснөөр тус улс түүхэндээ байгаагүй хоёр онцлог шинж бүхий тэргүүн хатагтайтай болсон юм. Нэгдүгээрт, тэр эмэгтэй Ерөнхийлөгчийн албан ёсны гэргий биш, хоёрдугаарт, гэрт суудаггүй, ажил хийдэг. Энэ бол Ерөнхийлегч Ф.Олландын хамтран амьдрагч нөгөө талаар найз бүсгүй нь ч гэж хэлж болох Валери Триервейлерийн Елисейн ордонд авчирсан хоёр шинэлэг тал юм. Гэхдээ энэ онцлог шинжүүд францчуудыг төдийлөн цочирдуулахгүй байгаа нь бүр ч сонирхолтой.

 

Ерөнхийлөгч байхдаа эхнэрээсээ салж, хуримаа хийсэн Н.Саркози, дөрвөн  хүүхэдтэй, ганц бие Ф.Олланд гээд франц лидерүүдийн аз болоход ард түмэн нь хувийн амьдрал руу нь хэт өнгийж, зөв буруу гэж дүгнэдэг өөнтөгч хүмүүс биш юм. Бас дээр нь либерал хүмүүс гэдгээ ч энэ удаагийн сонгуулиар харуулсан. Аль ч улсын тэргүүн хатагтай нөхрийнхөө бүрэн эрхийн хугацаанд ажил хийхээс татгалздаг бол Валери Триервейлер сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэн хийж, бас хуучин байрандаа амьдарсаар байх бодолтой гэнэ. Түүний энэ санааг францчууд дэмжиж буй бөгөөд олон ододтой нэр холбогдож байсан Карла Бруниг хүлээн авсан шигээ сэтгүүлч тэргүүн хатагтайтай байхад болохгүй гэх газаргүй гэж үзэж байна. Харин тэдний санаа зовж буй нэг л зүйл байгаа нь Валери одоо юу бичих вэ гэдэг л байна.

Өмнө нь, "direct-8" телевизэд улс төрийн ярилцлагын нэвтрүүлэг хөтөлж, одоо "Рaris match долоо хоног тутмын сэтгүүлд улс төрөөр дагнан бичиж буй тэрээр хэрэв энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллана гэвэл бараг өдөр бүр хамтран амьдрагчийнхаа тухай бичих хэрэгтэй болно. Мэдээж, найз залуугийнхаа ажил хэрэг, явуулж буй бодлогыг буруушаан шүүмжлэхгүй нь лавтай. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй энэ чиглэлээ орхиод өөр салбарыг барьж авсан нь дээр гэж мэргэжил нэгтнүүд нь түүнд зөвлөж байна. Валери сэтгүүлчдийг мэргэжил нэгтнүүд гэж хэлэх дуртай ч үнэн хэрэгтээ тэд одоо нэгэн тодотгол дор багтаж байхаас өнгөрсөн гэдэг нь сүүлийн нэг сарын үйл явдлуудаас тодорхой харагдана. Түүний амьдардаг Парисын Зүүн Эргийн 15 дугаар дүүрэг дэх түрээсийн байрыг гэрэл зурагчид өдөр шөнөгүй сахих болсон бөгөөд түүнийг мэргэжил нэгт нөхөр биш, харин Ерөнхийлөгчийн хамтран амьдрагч гэдгээр л харж байгаа юм. Энэ байранд Валери гурван хүүтэйгээ бас Ф.Олландтай хамт амьдардаг. Гэвч хэвлэлийн энэ их анхаарлаас болоод тэд Елисейн ордон руу нүүхэд ч хүрч магадгүй байгаа гэнэ.

"Ноён Нормаль" хочит Ф.Олландын найз бүсгүй өөрийгөө ч бас "нормаль", энгийн л нэгэн гэж тодорхойлдог. Гэвч тэрээр жирийн нэг эмэгтэй биш, хамтрагчаа Ерөнхийлөгчийн суудал руу зүтгүүлж, ялалтад хүргэсэн сүйхээтэй эмэгтэй юм.    Өмнө   нь,    арав    гаруй   жил Социалист намын даргаар ажилласан ч ердөө л нормаль улстөрч гэдэг байдлаар олон нийтэд танил болсон Ф.Олландыг өрсөлдөх чадвартай, лидер байж чадахаар хүн гэдгийг хүмүүст шинээр харуулах РК болон бас бус зүйлийг Валери л хийжээ.

Нэгдүгээрт, тэрээр хамтран амьдрагчийнхаа гадаад дүр төрх, имижийг хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэхүйц болгон өөрчилсөн байна. Түүнтэй амьдарснаас хойш Ф.Олланд хоолны дэглэм баримтлан 10 гаруй килограмм турж, нүдний шилээ орчин үеийн загвараар сольж, үсээ сайхан засуулдаг болжээ. Хувцасны сонголт ч сайжирч, карисматик лидерийн дүр төрхөд ойртож очсон байна. Валери Триервейлерийн Ф.Олландад үзүүлэх нөлөө зөвхөн гадаад имижээр хязгаарлагдсангүй. Тэрээр сонгуулийн кампанит ажлын үеэр Социалист намын штабын гол хүмүүсийн нэг байсан бөгөөд түүнд тусдаа өрөө хүртэл гаргаж өгчээ. Социалист намынхан даргынхаа амрагийн эрх мэдэлтэй байдлыг шоглон "гүнгийн авхай" гэж хочилдог байна. Ямартай ч, улс төр, сэтгүүл зүйн хавсарсан мэдлэг нь Валерид хамтрагчаа төрийн тэргүүн болгоход ихээхэн тус нэмэр болсон нь лавтай. Үнэндээ Ф.Олландын экс хамтран амьдрагч Сеголен Руаяль улс төрийн мэдлэгээрээ Валеригаас илүү гарна уу гэхээс дутахгүй.

Одоогоос хэдхэн сарын өмнхөөр ярьвал С.Руаяль экс хамтран амьдрагчаасаа ч өндөр амжилтад хүрсэн улстөрч байв. Сайдын алба хүртэл хашиж явсан энэ эмэгтэй 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшин, Н.Саркозигийн эсрэг өрсөлдөөд ялагдсан юм. Тухайн үед Н.Саркози үнэхээр рейтинг өндөртэй улстөрч байсан боловч С.Руаяль өөрийнхөө ялагдалд Ф.Олландыг буруутгадаг. Учир нь, тэр үед дөрвөн хүүхдийнх нь аав болсон Ф.Олланд түүнийг дэмжихийн оронд шинэ амраг Валери руугаа бушуухан нүүж очихыг л бодож байжээ. Ф.Олланд, С.Руаяль хоёр хэдий албан ёсоор гэрлээгүй боловч 30 шахам жил амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон хүмүүс. Тиймээс С.Руаяль сонгуулийн үеэр олон нийтийн дэмжлэгийг хүлээхийн тулд Ф.Олландтай гэрлэлтээ батлуулж, бүр үзэсгэлэнтэй арал дээр хуримаа хийхийг мөрөөдөж байжээ. Гэвч яг тэр үед Олланд, Валери хоёрын явдал ил болж, хүүхдүүдийнх нь эцэг сонгууль дуусмагц гэрээсээ явахын түүс болсон байна.

Тийм ч учраас сонгуульд ялагдсаныхаа дараа С.Руаяль хамтран амьдрагчаасаа салж буйгаа шууд зарлажээ. Тухайн үед энэ салалт Валери Триервейлерээс болсон гэдэг нь хэвлэлүүдээр мэдэгдэж, шуугиан тариад өнгөрсөн ч энэ харилцаагаа Ф.Олланд бүр 2010 онд л хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний харилцаа хэзээнээс эхэлс-нийг хэвлэлүүд өөр өөрөөр бичдэг ч тэд өөрсдөө бол 2005 оноос гэж хэлдэг. С.Руаялийн нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн сонгуулиас бүр хоёр жилийн өмнө. Гэхдээ зарим эх сурвалжийн  мэдээллээр бол тэд 1998 оноос хойш танилууд байсан бөгөөд хэлээд байгаа хугацаанаасаа ч бүр өмнө С.Руаялийг хуурч эхэлсэн бололтой. Ямартай ч, энэ одоо хуучирсан сэдэв болж, тэдний хэн хэн нь шинэ амьдралдаа сэтгэл хангалуун байна.

 

С.Руаяль одоо 61 настай бизнесмэн эртэй хамт амьдарч байгаа бол хүүхдүүд нь нас биед хүрч том хүү нь гэхэд хуульчаар ажиллаж байна. Харин Валеригийн хүүхдүүд хараахан насанд хүрээгүй тул ээжтэйгээ хамт амьдардаг аж. Өмнө нь, хоёр ч удаа гэрлэж байсан Валери хоёр. дахь нөхөр Денис Триервейлерээс гурван хүүхэдтэй юм. "Рапз Ма1сгГ сэтгүүлээс нэг гэр бүл болсон тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулахаар шүүхийн шатанд явж байгаа бөгөөд одоо хүртэл нэг дор хамт ажилласаар байгаа аж.

 

Ф.Олландын хувьд ч экс хамтрагчтайгаа харилцаа сайн байгаагаа нотолж, түүнийг улсынхаа хамгийн эрх мэдэлтэй эмэгтэй болгох санаатай байгаа. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийг нь дэмжсэнд талархсан уу хүүхдүүдийнхээ ээжийг Үндэсний Ассамблейн ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ганцхан С.Руаялийг ч бус ер нь эмэгтэй улстөрчдийг дэмжиж, Засгийн газрынхаа 50 хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлнэ гэж амласан. Ингээд хэн хэн нь гомдолгүй үлдлээ. Харин францчуудад нэг асуулт үлдсэн. Тэр бол Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр нь гэрлэх болов уу гэдэг асуулт.

 

Олланд ч, Валери ч гэрлэх эсэх нь тэдний хувийн хэрэг, протоколд тэргүүн хатагтай гэж бичүүлэхийн тулд хуримаа яаруулахгүй гэж мэдэгдэж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн хамтран амьдрагчийг хууль ёсны тэргүүн хатагтай гэж хэлэхэд хэцүү. Ялангуяа, хилийн чанадад айлчлах үеэр. Тэр тусмаа Ватикан зэрэг шашны ёс горим өндөр мөрддөг газарт Ф.Олланд хамтрагчаа дагуулж явах нь нүүр улайлгана гэдгийг ажиглагчид эртнээс сануулж байна. Гэсэн ч дөрвөн хүүхдийнхээ ээжтэй ч хурим хийгээгүй Ф.Олландын хувьд хоёр дахь хамтрагчтайгаа гэрлэх эсэх нь бүрхэг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.