Д.Ганхуяг: Харамсалтай нь асуудал шийдвэрлэгдсэнгүй
Удтал дуншсан эрх баригчдын тоглоомын дүрэм удахгүй тодорхой болно. Өнөөгийн яригдаж буйгаар бол 48:28 буюу мажоритор тогтолцоо давамгайлах бололтой. Ах намын тулган шаардалт, АН-ыг буулгаж авахад хүрээд буй. Тогтолцоо л холимог байвал тоо чухал биш хэмээх бүрхэг хариултын цаана АН санаагаа илэрхийлчихсэн. Иймээс кноп дарах үлдлээ. Тэгвэл гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгаа сонирхсон юм.
Сонгуулийн хуулийг түргэвчлэх шаардлагатай. Иргэд ч 2012 онд төрөө ямар тогтолцоогоор хэрхэн сонгохоо |эрт мэдэж авах, ингэснээр сонгууль шударга явагдахад түлхэц болно. Нөгөө талаас шинэ нэр дэвшигчдэд бэлтгэл хийх боломж нэмэгдэнэ. Уг нь сонгуулийн пропорционалъ тогтолцоо бүхий хуультай болно гэж гэрээ байгуулж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэтэл МАН-ын байр суурь өөрчлөгдлөө. Уг нь хуулийг эрт хэлэлцэж дуусгах ёстой байсан. Оройтсоноос хууль батлалцах УИХ-ын гишүүд нь ч, намууд нь ч өөрийнхөө нөхцөл байдалд тохируулж сонгуулийн хууль, тогтолцоог шийдэх гээд байдаг.
Энэ байдал мөн 2004-2008 оны хооронд давтагдаж сонгуулийнхаа хуулийг пропорциональ давамгайлсан тогтолцоогоор хийнэ гэж хуулийг хэлэлцэж явж байгаад эцэст нь МАН тохирооноосоо буцаж мажоритараар баталсан. Үүнээс болоод 2008 оны сонгуулиар маргаан гарч, долоодугаар сарын 1-ний өдрийн аюултай асуудал боссон. Энэ явдлаас сургамж аваагүй л бололтой. Ер нь мажоритар тогтолцоо нь Монгол Улсыг аймаг дүүрэгт хувааж цаашилбал УИХ-ын гишүүд нь жалга довноос буюу цөөхөн иргэдээс сонгогддог. Харин пропорциональ нь УИХ-ын гишүүд нийт сонгогчдоос сонгогддог гэдгээрээ ялгаатай. Тиймээс АН пропорциональ давамгайлсан 50:26 гэсэн хувилбарыг гаргаж тавьсан. Харамсалтай нь асуудал шийдвэрлэгдсэнгүй.