Мэндчилгээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайд Ц.Дашдорж.
2012.05.03

Мэндчилгээ

Монгол Улсад Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа нийт хүмүүст "Газрын харилцааны ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Өнгөрсөн хугацаанд манай улсын газрын харилцааны салбар хөгжил дэвшлийн шинэ шатанд хүрч, улс орныхоо нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын газрын харилцааны хөгжлийн үе шатыг эргэн харахад энэ салбарын анхны мэргэжилтнүүд эрх орныхоо хил хязгаар, газрын нөөцийг тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бол дунд үеийнхэн засаг захиргааны хил хязгаар, газрын ашиглалтын зориулалтыг тогтоох, хөрс хамгаалах, зураг төсөл боловсруулахад голлон оролцсон байдаг. Харин шинэ үеийнхэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үнэлгээ, төлбөрийн системийг боловсруулах, зураглан бүртгэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь энэ салбарт ажиллагсдын үе үеийн төлөөллийн хөдөлмөр, зүтгэл, хамтын ажиллагааны үр шим билээ.

Өнөөгийн өндөрлөгөөс харахад газрын харилцааны байгууллагуудын эдийн засгийн чадавхи сайжирч, хамтын ажиллагаа нь өдөр бүр өргөжин тэлж байна. Зах зээлийн эдийн засгийн харилцааг дагаад газрын харилцаа ч үндсээрээ өөрчлөгдөх боллоо. Зөвхөн улсын мэдэлд байсан газар өнөөдөр төрийн болон хувийн өмчид шилжжээ. Газар нь зөвхөн улс орны хөгжилд төдийгүй, айл өрх, хувь хүн бүрийн амьдралд үр ашгаа өгдөг, үнэт баялаг юм.

Манай салбарын хувьд бусад орны адилтгах салбаруудаас үр дүнтэй бэлэн туршлагыг авч ашиглах, өөрийн нөхцөлд тохируулан өөрчилж хэрэглэх нь зүйтэй. Шинэ тутам хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тулгамдаж буй хүндрэлүүдийг зохицуулах, эрх зүйн орчинг шинээр бий болгох, одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмаа улам боловсронгуй болгох, цаашид газрын харилцааны салбарын бодлогыг залгамжлан хөгжүүлэх, улам төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа ажиллах болно.

Газрын харилцааны салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, хийж буй ажилдаа эзэн болж, эзэмшсэн мэргэжил, нэр алдраа дээдлэн өндөрт өргөж явна гэдэгт итгэл дүүрэн байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.