Засгийн газар, нийслэлийн удирдлага, улстөрийн намууд нэгдсэн хөтөлбөртэйгөөр хотоо дахин хөгжүүлэх хэрэгтэй
2012.04.20

Засгийн газар, нийслэлийн удирдлага, улстөрийн намууд нэгдсэн хөтөлбөртэйгөөр хотоо дахин хөгжүүлэх хэрэгтэй

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн ажлын алба хамтран “Хотыг дахин хөгжүүлэх тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг  “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Батбаяр, З.Алтай, Э.Бат-Үүл, Д.Загджав, Д.Тэрбишдагва, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр зэрэг албаны олон хүн оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.   Хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдсон асуудал бол УИХ-аас баталсан хууль тогтоолуудад тусгалаа олсон зүйл. Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж гаргана гэж хөтөлбөрүүдэд заасан байгаа. Урин дулаан болоод ирэхлээр төв суурин газар тулгамддаг асуудлаа бид мартчихдаг.   Тэгээд намар хүйтрээд ирэхээр гэнэт түүнийгээ санадаг.

Тэр нь оройтсон байдаг. Тиймээс өнөөдөр яг ажил хариуцаж байгаа хүмүүс, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулаад ес, аравдугаар сар хүртэл юу хийх вэ, өнгөрсөн хугацаанд бид юу амжуулав, юун дээр анхаарах шаардлагатай байна вэ гэдгээ ярих нь чухал. Хотыг дахин хөгжүүлэхтэй холбогдсон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ҮАБЗ-ийн ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгаа.

Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ бий.Улаанбаатарт нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдарч байгаа. Түүний 70 хувь нь гэр хорооллын бохирдсон орчинд амьдарч байна. Аймгийн төвүүдийн хувьд бараг нийт хүн амын 60-аас илүү хувь нь аюултай, бохирдсон орчинд амьдарч байгаа юм. Тэгэхлээр энэ нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Зуун жилийн өмнө монголчууд халуун усанд орох тухай ойлголт байхгүй байсан. Одоо ч ийм байдлаараа байж байна.

Бохирынхоо асуудлыг шийдэж чадаагүй байна. Зуун жилийн өмнө шууд газар луугаа шингэдэг задгай жорлонтой байсан. Одоо энэ байдалтайгаа байгаа тохиолдолд ямар нэг хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй юм. Утааны асуудал бол бүр гамшгийн түвшинд хүрч, түүнд анхаарал хандуулан хууль гаргаж, Үндэсний хороо байгуулагдаад ажлаа явуулж байгаа. Энэ ажлын эрчийг бид алдагдуулахгүй байх ёстой. Хүндрэлтэй асуудлууд бас их олон гарч буй гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх.

Мөн хотын барилга байгууламж тойрсон хүндрэлтэй асуудлууд ч их бий. Газар хөдлөлттэй холбоотой хүндрэлүүд байгаа. Газар хөдлөлтийн аюул, ялангуяа манай нийслэл хотын ойр орчимд, мөн хүн ам суурьшсан зарим хотуудын ойр орчимд ойрхон мэдрэгдэж байгаа гэсэн судалгаа бий. Хамгийн гол нь газар хөдлөлт болсон тохиолдолд бэлэн байх тухай асуудал их чухал. Үүнд урьдаас бэлтгэж, барилгын стандарт, бусад зүйлүүдээ дээшлүүлэх шаардлагатай. Ер нь хот төлөвлөлт байнга урсгалаараа явж ирсэн. Энэ тухай өнөөдөр ажил хариуцсан хүмүүс ярих байх. Улс төрийн албан тушаалтан, алба хашиж байгаа хүмүүс шийдлээ гаргаад явдаг. Тэр хүмүүсийн дур зоргийн ажиллагаанд хөтлөгдөж, ямар ч хариуцлагагүй байж болохгүй. Энэ асуудлыг иргэдтэй нь холбож өгөх хэрэгтэй. Ер нь хот суурин газар тодорхой дүрэм журмын дагуу амьдардаг. Тэр нь хэрэгжээгүй бол хариуцлага хүлээдэг. Энэ тогтолцоо руу бид орох ёстой. Бид сумын дүрэм, дүүргийн дүрэм бий болгоё гээд бүх загварууд нь батлагдаад явж байгаа. Энэ зүйлүүдийг бид хуульчилж өгөх шаардлагатай.

Ер нь энэ хотыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал бий. ҮАБЗ, Засгийн газар дээр яриад их сургуулиудыг хотхон байгуулж шилжүүлье гэж тохирсон. Энэ талаар та бүхэнд өнөөдөр мэдээлэл өгнө. Миний харж байгаагаар их сургуулийн хотхон, тэнд үйлчилгээ явуулах хүмүүстэйгээ ойролцоогоор 200 гаруй мянган хүнээр Улаанбаатарын ачааллыг багасгана. Дээрээс нь агуулах, тээврийн байгууллагууд, төмөр замынхаа асуудлыг өөр байдлаар шийдэж чадвал дахиад 100 гаруй мянган хүнээр ачаалал багасах боломжтой. Мөн төрийн яам, агентлагуудын асуудал байна. Чойр хот байна. Жишээ нь Багахангай руу тээвэр зуучлал, агуулахаа шилжүүлэхтэй холбогдсон ч юм уу, Багануур луу оюутныхаа хотхоныг шилжүүлэхтэй холбогдсон ч юм уу, энэ мэтээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Өнөөдөр яагаад ингэж анхаарал хандуулж байна вэ гэхээр өнөөдөр сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа. Бид Монголын улс төрийн онцлогийг мэддэг. Хөтөлбөрт нь тусаагүй бол тухайн асуудлыг хэрэгжүүлэхдээ хойрго байдаг. Ийм учраас энэ асуудлуудыг заавал хөтөлбөртөө тусгаж шийдлүүдийг нь гаргах хэрэгтэй. Би нэг хямдхан томъёолол хэлье. “1+5” гэсэн нийт зургаан асуудалд анхаараач ээ, хөтөлбөр зорилгодоо тусгаач ээ, нийтээрээ шийдэхийн төлөө явъя. Эрүүд мэнд, боловсрол гэж нийгмийн олон асуудал байгаа. “1+5” гэдгийг би яаж томъёолж байна гэхээр нэг нь мэдээж хуулийн хэрэгжилт, шударга ёстой холбоотой шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын шинэчлэлийн багц асуудал байгаа.

Энэ зүйл бол өнөөгийн сонгуульд оролцож байгаа бүх хүний мөрийн хөтөлбөр, зорилго, үнэлэмж, итгэл үнэмшил болсон байх ёстой. Нөгөө талаас “1+5” гэдэг дээр дэд бүтцийн асуудал, ялангуяа төмөр замыг тойрсон томоохон дэд бүтцийн асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Ази, европыг холбосон хамгийн дөт зам Монголоор дайрч өнгөрч байгаа. Дээрээс нь бид цахилгаан, эрчим хүчний асуудлаа шийдэхгүйгээр юу ч явахгүй. Энэ их боломж, нүүрсний уурхайгаа түшиглээд асуудлыг шийдэх хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станцын асуудал одоо яригдаад л, тендер зарлагдаад л явж байгаа нэртэй, хойш урагш болоод л тодорхой албан тушаалтнууд дундуур нь хувийнхаа сонирхлыг шургуулах гээд яагаад байгаа нь мэдэгдэхгүй, иймэрхүү байдалтай байгаа. Цахилгаан станц, эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж хамгийн хямд, хамгийн найдвартай эрчим хүч хэрэглэдэг орон болох энэ ажил руугаа бид орох ёстой шүү дээ. Дараачийн асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой шатахууны асуудал. Бинзен шатахуунаа өөрсдөө хийдэг болъё.

Тасраад л үнэ нь нэмэгдээд, нийлүүлэлт нь багасаад ирэхээр л баахан шуугдаг. Дараа нь мартдаг. Тэгэхээр энэ асуудлаа хөтөлбөр бодлогодоо оруулаад бүгдээрээ шийдээд явъя. Ашигт малтмалыг тойрсон асуудал байна. Түүн дотор уул уурхайн бүх асуудлуудаа оруулаад багц болгож тусгаач ээ гэж хэлж байгаа.Мөн хот, орон сууц, суурьшлыг тойрсон асуудал байна. Ингээд нийтдээ “1+5” гэсэн зургаан асуудлыг өнөөдөр гаргаж тавьж байгаа юм. Өнөөдөр дөрвөн багц асуудал дээр ажил хариуцсан хүмүүс ярина. Бүгдээрээ асууж ярилцаад гол нь эндээс тодорхой чиглэл гаргаад хамтарч ажиллая. Ард иргэдийн хувьд ч, аж ахуй нэгж байгууллагын хувьд ч, төрийн байгууллагын хувьд ч, улс төрийн намууд, олон нийтийн байгууллагын хувьд ч энэ дээр анхаарах шаардлагатайг хэлье” гэв.

Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулга “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажил, үр дүн, сургамж, цаашдын зорилт”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан асуудал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх гол ажил, Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний тодотголын төсөл ба хотыг дахин хөгжүүлэх, хэт төвлөрлийг задлах, суурьшлын шинэ бүс байгуулах хэрэгцээ шаардлага”, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал С.Цахиур “Улаанбаатар хотын төлөвлөлт”, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболд “Их сургуулиудын хотхоны бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын хүн амын хэт нягтралыг саармагжуулахад нөлөөлөх нь”, ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайхан “Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын явц, саналууд” гэсэн илтгэл тавилаа. Ерөнхийлөгч тэднээс зарим зүйлийг тодруулан асууж хариу авсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Баттулгаас дорх зүйлийг тодруулав. Ц.Элбэгдорж:Коксжсон түлш гээд байна.

Тэр чинь хэзээ үйлдвэрлэх юм? Шаталт нь ямар байна, туршиж үзсэн юм уу? Утаагүй зуух хотын бүх дүүрэг дэх гэр хорооллын үлдсэн бүх айлд тараана гэлээ. Хэзээ тарааж дуусах юм бэ? Д.Баттулга: ТЭЦ-2 дээр 20-оод тэрбумын хөрөнгө оруулсан. Одоогоор үйлдвэрийн ажил дуусч бүтээгдэхүүн гаргаагүй байна. Туршилт шатандаа байгаа. Сайн чанарын коксжсон нүүрс гарч байгаа. Үйлдвэр ашиглалтад ороод бүрэн хэмжээгээр ажиллавал 210 мянган тонн коксжсон нүүрс гэдэг бага зүйл биш. Үүнийг ашигласнаар агаарын бохирдол буурна, айл өрхийн түлшний хэрэглээ багасна. 11 сар гэхэд тарааж дуусна. Ингэснээр утаа, агаарын бохирдол 35 хувиар багасна. Дэлхийн банкны судалгаагаар 10 багасахад юу ч мэдэгдэхгүй, наад зах нь 35 хувь багасч байж ард иргэдэд үр дүн мэдэгдэнэ гэсэн байна лээ.

Ц.Элбэгдорж: Энэ бол Ерөнхийлөгчийн юм уу Ерөнхийлөгчийн Тамгын газрын хариуцсан ажил биш шүү дээ, Энхбаяр дарга аа. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Энэ асуудлаар хууль гаргах ёстой гэж хичнээн жил ярьсаар байгаад Үндэсний аюулгүйн зөвлөлөөр эцэст нь хэлэлцээд гамшиг боллоо гэж үзэн Ерөнхийлөгч хууль санаачлан УИХ-д оруулж байж хуультай болсон. Дараагийн үйл ажиллагааг нь уялдуулъя гэж энэ хуулийн дагуу Тамгын газрынхаа даргаар ахлуулсан Үндэсний хороо байгуулсан. Одоо УИХ завсарлахаас өмнө байнгын хороон дээр нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл сонсч, хариуцлага алдсан, ажил нь хийгдэхгүй байгаа бол хариуцсан хүмүүстэйгээ хариуцлага тооцох ажлыг хийгээрэй гэдгийг хэлмээр байна. Ерөнхийлөгчид хийх өөр олон ажил байгаа. Гагцхүү энэ утаа гамшгийн хэмжээнд хүрсэн учраас л Ерөнхийлөгч асуудалд анхаарлаа хандуулсан. Улаанбаатарын гэр хорооллууд руу тэр дэд бүтцийг нь хүргэж өгөхгүйгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Улмаар хийн асуудлыг оруулж байж л энэ асуудал зуун хувь шийдэгдэх байх. Энэ яригдаад байгаа зүйлс бол шилжилтийн шинжтэй л арга хэмжээ шүү дээ. Тэгэхээр ийм маягаар цогцоор нь хөтөлбөр, бодлогодоо намууд тусгаж, УИХ-аар ярьж цочрол өгөхгүй бол сонгууль, түүний дараа шинэ Засгийн газрын хөтөлбөр, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл батална гэсээр байгаад арванхоёрдугаар сар болгоно шүү дээ. Тийм учраас энэ хооронд тэр яам, төрийн байгууллагууд дээр ажиллаж байгаа улстөрийн биш албан тушаалтнууд, төрийн албан хаагчид маш их анхаарах хэрэгтэй.

Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга Ц.Мөнхбаярын илтгэлтэй холбогдуулж Ерөнхийлөгч оролцогчдод хандан нэг санал хэлэв. Ц.Элбэгдорж: Улстөрчид нэг асуудлыг шийдэж болдоггүй юм уу? Төв аймаг, Улаанбаатар хот гээд байх юм. “Улаанбаатар аймаг, Улаанбаатар хот” байгуулж болохгүй юу? Төв аймгаа Улаанбаатар аймаг болго л доо. Бусад бүх л оронд тийм л байдаг шүү дээ. Аль хэдэн арван жилийн өмнө гаргасан шийдвэрээрээ яваад л байх юм. Иймэрхүү зоригтой шийдлүүдийг гаргамаар байгаа юм. Улаанбаатараас гарч байгаа их хэмжээний “саарал ус”-ыг бид говь руу татаж ашигламаар байна. Иймэрхүү байдлаар асуудлаа томоор харж тэндээсээ жижиг бусад асуудлаа шийддэг байдлаар явмаар санагдаад байгаа юм.

Сонгуулийн үеийн хөтөлбөрөө намууд ид ярьж байгаа байх. Энэ зүйлүүдийг оруулж шийдэхгүй бол өдөр хоногийг аргацаасан, үзүүлэн таниулан болсон тиймэрхүү ажлууд явагдаад байна. Тэр хонгилын систем гээд ганц километр газар ухаад юм суурилуулсан ажлыг өдөр болгон л шахуу харуулаад байгаа. Гэхдээ энэ ажлыг бүхэл цогцоор нь “3 жилийн дотор хотын бүх хонгилыг янзалж дуусна” гэх маягаар шийдвэртэй төлөвлөөд хийгээд явах хэрэгтэй байна.

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал С.Цахиураас илтгэлтэй нь холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим зүйлийг асууж тодруулав.

Ц.Элбэгдорж: Бид бол орчин үеийн хот байгуулах талаар ямар ч туршлагагүй үндэстэн шүү дээ. 300-400 жил, 1000 жил хот төлөвлөөд ирсэн улсуудтай хамтраад явах хэрэгтэй. Казахстан л гэхэд Астана хотыг шинээр барихдаа хот төлөвлөлтөө япончуудаар хийлгэсэн байдаг. Ийм маягаар гаргах хэрэгтэй. Манайд болохоор хот төлөвлөлт гээд 7-8 хүн нэг зураг зурж, макет хийж харуулаад суугаад байдаг. Тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй, хариуцлага ч байдаггүй. Хэрэгжилтийн он төлөвлөгөө гэж байхгүй, эрхзүйн хувьд бүрхэг, мөнгө төгрөг дутмаг ийм байдалтай ажиллаад байна уу гэж бодоод байна.

С.Цахиур: Бид энэ ерөнхий төлөвлөгөөг хийхдээ Жайкагийн 2 жил хийсэн ажлыг авч үзсэн. Салбар бүрийн мастер төлөвлөгөө, зургуудыг судалсан. Францаас мэргэжилтэн авчирч зөвлөхөөр ажиллуулсан. GTZ болон Жайкатай байнга хамтын ажиллагаатай байгаа.

Ц.Элбэгдорж: Эцсийн байдлаар Засгийн газар батлах уу?

С.Цахиур: Одоо Их Хуралд асуудлыг тавихад бэлэн болсон. Эхлээд хуульчлагдах ёстой.

Ц.Элбэгдорж: Энэ төлөвлөлтөө Хотыг дахин хөгжүүлэх хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль гээд бүх холбогдох хуулиудтай нь уяад цогц байдлаар оруулах хэрэгтэй. Ингэхгүй бол нэг төлөвлөлт оруулдаг, араас нь нэг хуулийн төсөл оруулдаг тэр нь хоорондоо зохицохгүй зөрдөг, тийм л ажил болох вий дээ. Бидний үед хууль эрхзүйн үндэслэлийг нь гаргаад, маш зөв цогц байдлаар суурийг нь хийгээд явчихмаар байна. Цаашдаа тэр нь үргэлжлээд сайжраад явах ёстой.Улаанбаатар хотыг Хөшигтийн хөндий, Чойр , Зуун мод, Багахангай, Багануур руу тэлэх боломжтой гэж харж байгаа. Шинэ Улаанбаатарын асуудлыг энэ таван чиглэлд тэлэх хэрэгтэй. Франц шинэ Парис гээд хотоо шинээр төлөвлөөд явсан байдаг. Түүн шиг шинэ Улаанбаатар гээд жишээлбэл Хөшигтийн хөндий рүү амралт, зугаалгын чиглэлийг нь төвлөрүүлэх байдлаар хийж болно гэж бодож байна.Дараа нь оюутны хотхоны асуудлаар Ц.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

Ц.Элбэгдорж: Оюутны хотхон байгуулах тэр таван газраа тодруулаад хэл дээ. Засгийн газар шийдчихсэн юм бол үүнийгээ баталгаажуулаад явмаар байна.

Ц.Энхболд: Ховд, Дорнод, Багануурт байгуулах их сургуулиуд нийгмийн ухаан, байгалийн ухаан, техникийн ухаан гээд иж бүрэн цогцолбор маягаар баригдана. Эрдэнэтэд байгуулах Геологи, уул уурхайн их сургууль бол тэнд байгаа зарим аж ахуйн нэгж тодорхой хугацааны дараа үйл ажиллагаагаа зогсооход хүн амд нь цааш мэдлэгт тулгуурласан эдийн засгаар амьжиргаагаа авч явах суурийг бий болгох зорилго, онцлогтой юм.

Дарханы их сургууль бол техникийн чиглэлтэй байна.Энэ хотууд 200-гаад мянган хүн амтай байна гэж тооцож байгаа. Хамгийн том нь болох оюутны хотхонд Багануур дүүрэг Хэрлэн голын баруун талд 5000 га газар өгсөн. Дээр нь бид Хэрлэн голын зүүн талд газар нэмж авах хүсэлт тавьсан. Хотынхоо ерөнхий төлөвлөгөөг голынхоо асуудлыг бодолцон төлөвлөхөд зохистой гэж үзсэн юм.

Ц.Элбэгдорж: Хашаагаа барьсан уу? Хилийн цэсээ тогтоосон уу?

Ц.Энхболд: Хилийн цэсээ тогтоосон. Гэвч хэдийнэ 31 аж ахуйн нэгж очоод байрлачихсан.

Ц.Элбэгдорж: Аялал жуулчлалынхан уу?

Ц.Энхболд: Үгүй, 80 га-д чацаргана тарина, 30 га-д ногооны талбай байна гэх мэтээр.

Ц.Элбэгдорж:Наадуулаа нүүлгээд асуудлаа Засгийн газарт шуурхай оруулж, гадуур нь хашаагаа барихгүй бол яг ийм юм болно. Дараа нь аягүй бол нэгэнт барьчихсан гээд л дуусна. Оюутны хотхоны асуудал ч үгүй болно. Би Багануурыг сонгосон нь их зөв гэж бодож байгаа. Багануур эрчим хүч, дулааныхаа маш бага, бараг 30-аад хувийг ашигладаг. Дээр нь усны асуудал шийдэгдсэн, төмөр замтай, нүүрстэй гээд маш их боломж бий. Тэнд 200-гаад мянган хүн амьдрах боломжтой. Хотхон байгуулах дэд бүтэц нь хийгдчихсэн газар. Тиймээс газар нутгийнхаа цэсийг тогтоогоод тэр дотроо байгаа айл, байгууллагыг гарна шүү гэдгийг хэлээд талбайгаа чөлөөлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хэрэгжихгүй цаасан дээр л үлдэнэ шүү.

Ц.Энхболд: Нэг зүйлийг хэлье. Зүгээр нэг яамны дэргэд хот байгуулалтын өмнөх захиргаа гэсэн байдалтайгаар ажил явахгүй юм байна. Засгийн газрын юм уу, нэлээд эрх мэдэлтэй хүний дэргэд байж л бүтэх зүйл гэдэг нь алхам тутамд мэдрэгдэж байна.

Ц.Элбэгдорж: Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор УИХ дээр би үг хэлэхдээ шадар сайдын статустай хүнээр энэ хот тойрсон асуудлаа хариуцуул гэсэн дээ. Гэхдээ шантарч сааталгүй ажлаа явуулж байх хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаад шийдүүлж чаддаг, орон нутагтайгаа харьцчихдаг ийм эрх мэдэлтэй, ажиллах хугацаа нь хүртэл хэрэгжих төслийнхтэйгөө адил, тэр ажлынхаа төлөө явах хүн, баг л үүнийг хийж чадна шүү дээ. ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайханы илтгэлтэй холбогдуулж Ерөнхийлөгч саналаа хэлэв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, хотыг дахин төлөвлөх гээд өөр ямар хуулиуд байна. Эдгээрийнхээ төслийг цогцоор нь харж хотын төлөвлөлттэйгөө нийлүүлж боловсруулмаар байгаа юм. Мөнхбаяр дарга, ҮАБЗ дээр энэ хуулийг боловсруулж байгаа ажлын хэсэг та бүхэн нэгдээд, нэг баг болж ажиллахгүй бол тус тусдаа уялдахгүй шүү. Илүү практик шинжтэй зүйлүүдийг нь яримаар байна? Хуулийн жагсаалтыг дахин гаргах даа бид ийм хүрээгээр л хармаар байгаа юм.

Хот суурингийн төлөвлөлтийн тухай, хот суурин төлөвлөлтийг бүсчлэн тогтоох тухай, хот суурин газрын ногоон байгууламж, газрын үнэлгээ, нийслэл хотын татвар, орон сууцны барилгыг шинэчлэн барих, барилгыг хуваан өмчлөх, орон сууцны санхүүжилт, газар зохион байгуулалтыг шинэчлэх тухай, газрыг улсын мэдэлд эргүүлэн татах тухай, хурдны замын тухай, авто зогсоолын тухай, хог хаягдал хаях, ангилан устгах, ашиглах тухай, бүсийн нэмэгдэл, хот байгуулалтын тухай, тосгоны эрх зүйн байдлын тухай, хот суурины усан хангамж, нийслэлийн эрх зүй, орон сууцны тухай хууль, барилгын тухай хууль, газрын хууль, бүсчилсэн хөгжил, кадастр, газрын төлбөр гээд ийм хэмжээнд бид асуудлаа ярьж зургаа хараад хоорондын уялдааг нь хангаж ажиллахгүй бол тус тусдаа хуулийн төсөл дээр суугаад, нэг нэг лоозон дэвшүүлээд энэ ажил бүтэлтэй болохгүй. Өнөөдрөөс эхлээд энэ бүхнийгээ уялдуулах чиглэлд ажиллая. Мэдээж төвлөрөх газар нь Улаанбаатар хотын захирагчийн алба, дээр нь ҮАБЗ дээр мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Бас ХЗДХЯ-тайгаа ярих ёстой.

Дараа нь УИХ-ын гишүүдтэй ярих ёстой. Нэг асуудлыг нь УИХ-ын нэг гишүүн, нэг яам оруулаад л, Засгийн газар нэгийг санал болгоод л байвал энэ ажил амжилттай хэрэгжихгүй. Түрүүн ярьдаг хотын бохирдлын асуудал, оюутны хотхоны асуудал гээд бүх асуудлаа цогцоор нь харж ярья. Ийм том асуудал байгаа шүү. Энд УИХ-ын гишүүд, бодлого тодорхойлох хэмжээний хүмүүс нэлээд ирсэн байна. Саналаа хэлнэ биз” гэлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Лу.Болд, Ц.Батбаяр, Д.Очирбат нар саналаа хэлэв. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлгийг хааж үг хэлсэн юм.Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид бүгд тулгамдаж байгаа асуудал, хийх шаардлагатай зүйлээ нэлээн сайн ярилцлаа. Хот төлөвлөлт бол үнэхээр бидний анхаарах ёстой чухал асуудал. Энэ асуудал хууль тогтоох байгууллага, Засгийн газрын бодлогод тусч хэрэгжих шаардлагатай. Улс төрийн тодорхой кампанит ажлууд, сонгуультай холбоотойгоор энэ ажил тасалдах ёсгүй гэдгийг сануулах зорилгоор, нөгөө талдаа хийж байгаа, зөв чиглэлд явж буй ажлуудыг дэмжих зорилгоор энэ хэлэлцүүлгийг хийлээ. Хамгийн гол нь бидэнд бодлогын уялдаа холбоо хэрэгтэй байна. Нийслэл, яам тамгын газар, бусад газарт боловсруулж байгаа эрхзүйн баримт бичгүүдээ нэгтгэж ажиллая.

Нийслэл дээр төвлөрсөн нь дээр байх. Байгаль орчны бохирдолттой холбоотой цаг хугацааны ажлууд цаашаагаа явах ёстой, зэрэгцээд бодлогын том ажлууд явж байх ёстой. Нэг ажил гарч ирээд нөгөө ажлаа унагаж болохгүй.Ер нь монголын хотуудын нийтийн орон сууцанд амьдардаг нь ч тэр, гэр хороололд амьдардаг нь ч тэр амины орон сууц гэдэг тэр чиглэл рүү, тодруулбал өөрийн газартай, өөрийн орон сууцтай, инженерийн асуудал нь тэр бүсдээ шийдэгдсэн тийм чиглэл рүү цаашдаа явах болов уу гэж харж байгаа. Гадны томоохон хотууд ямар байдгийг бид бүгд хардаг. Газар нутагтаа тарж, суурьшиж байрших асуудал их чухал. Бүгд Улаанбаатартаа бөөгнөрөх биш, бусад хот, аймгийн төв, сумдыг төлөвлөж, орчин үеийн хэв маягаар байгуулах шаардлагатай болж байгаа. Энэ тухай бид ярилцаж, хүмүүсийн анхаарлыг түүндээ татах нь чухал.40 м.кв гэх мэт бага хэмжээний талбайтай орон сууцаар бага орлоготой иргэдээ хангадаг, нөгөө талдаа боломжтой байгаа иргэд нь бий болчихсон гэр хорооллоо түшиглээд амины орон сууцаа бариад, дэд бүтцийг нь төрөөс шийдэж өгөөд явмаар байгаа юм.

Мөнгөтэй боломжтой хүмүүсийн худалдаж авах амины орон сууцыг тэртэй тэргүй хувийн хэвшлүүд хийгээд явж байна. Дахин хэлэхэд иргэдээ бага хэмжээний орон сууцаар хангаад явах, зэрэгцүүлээд одоо байгаа газраа ашиглаад амины орон сууцтай болох боломжтой иргэдээ дэд бүтцээр хангах гэх мэт давхар харж хийгээд явах нь зөв болов уу.Аль аль байдлыг нь буруу зөв гээд, нэгнийхээ хийж байгаа ажил дээр хоёр тийшээ хараад үгүйсгээд хүндрэл үүсгэх вий. Өнөөдөр энд ярьсан зүйлийг нэгтгэж цаасан дээр буулгасны дараа Засгийн газар, нийслэлийн удирдлага санаагаа аваад нэгдсэн хөтөлбөр болгон явах нь зөв байх.

Сонгуульд оролцох гэж байгаа улстөрийн намууд, хүмүүс энэ том асуудал дээр зөв шийдэл гаргаад, иргэдээсээ саналыг нь аваад, шийдвэртээ тусгаад яваарай. Иргэд нь оролцоод шийддэг энэ хэлбэрээр цаашдаа хотын хөгжлийн асуудал явах байх.Өнөөдрийн хэлэлцүүлэгт ирсэн УИХ-ын гишүүд, нийслэл хотын удирдлага, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл та бүхэнд баярлалаа” гэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.