Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулган
2015.06.29

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар “Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71.1 хувийн саналаар баталлаа.

Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж, баталсан юм. Хуулийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Су.Батболд “Хотыг дахин хөгжүүлэх тухай” гэж хуулийг нэрлэх нь зохимжгүй. Энэ талаар ажлын хэсэгт хэлсэн, өөрчилсөн үү” гэдгийг тодрууллаа.

Ажлын хэсгээс өгч байгаа мэдээллээр энэ асуудлыг хоёр ч удаа ярилцаад хот суурин газрыг дахин хөгжүүлэх гэсэн томъёолол болгон оруулж иржээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өмчлөгч өөрийнхөө өмчийг зарахгүй гэж байхад, газрыг нь авмаар байна гээд шүүхэд өгдөг болох нь. УИХ-аас өчигдөр газраа барьцаанд тавих юм бол шүүхдэхгүйгээр шууд авах хууль баталсан. Одоо дахиад өмчийн эзнээс газрыг нь авмаар байна, энэ талаар шүүхээс шийдвэр гаргуулж өг гэж оруулж ирэх нь болж байгаа юм уу” гэв.

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Ажлын хэсэг газар чөлөөлөх асуудлыг олон талаас нь ярьсан байна лээ. Үндсэн хуульд байгаа заалтаар олон нийтийн эрх ашгийн үүднээс төр нөхөн олговортой холбоотойгоор шүүхэд хандана. Одоо үйлчилж байгаа журмаар 75 хувь нь зөвшөөрөхөд газрыг чөлөөлдөг, тэрний дараа хэд, хэдэн процедур явдаг. Энэ ажлыг урагшлуулахын тулд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн”.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндсэн хуулиа зөрчсөн хуулийг батлах гээд байна. Ажлын хэсгийн дарга Г.Батхүү гишүүн хариулт өг л дөө” гэж байлаа.